Нийтийн номын санг хувьчлахгүй

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Нийтийн номын санг хувьчлахгүй

Монгол Улсын Үндэсний номын сан нь 3 сая гаруй ном, судартай бөгөөд дахин үл давтагдах ганц хувь, хосгүй үнэт бүтээлүүд цөөнгүй аж. Тодруулбал, цалин цагаан мөнгөөр үсгийг шарж, алтдан эхлэл төгсгөлийн өгүүлбэрийг цул шижир алтаар хөөмөлдөн урласан “Сандуйн жүд”, дэлхийд цор ганц бүтээгдсэн “Есөн эрдэнийн ганжуур”, VIII зуунаас эхэлсэн “Чингис хааны угийн бичиг”, 1651 онд зохиогдсон “Алтан товч”, “Монгол шунхан данжуур” зэрэг хосгүй бүтээлүүд хадгалагдаж байна. Эдгээр бүтээлийн хадгалалт хамгаалалтыг  өмнө нь Соёлын тухай хуулиар зохицуулж ирсэн бол УИХ-аас Номын сангийн тухай хуулийг баталснаар илүү нарийн боллоо. Жишээ нь, дээр нэрлэсэн хосгүй бүтээлтэй танилцах бол цахим болон хуулбар хэлбэрээр уншина. Эх хувийг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах болбол сонирхогч нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан зөвшөөрөл хүсэж, гэрээ байгуулснаар ашиглах эрх үүсэх нь. Мөн үндэсний судлаачдын судлаагүй хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, хэвлүүлэх зөвшөөрлийг гадаадын байгууллага, иргэнд олгохгүй байх. Номын сангийн сан хөмрөгт байхгүй, түүх болон судалгаа, шинжилгээний ач холбогдол бүхий ном, судрыг нөхөн бүрдүүлэх. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг нийтийн номын санг хувьчилж болохгүй.  Түүнчлэн Үндэсний номын сан нь дараах эрх, үүргийг хүлээгээд байна. Үүнд эртний гар бичмэл, ном, судар, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах үндэсний хэмжээний төв лабораторитой байж болно. Ном зүйн нэгдсэн лавлагаа, мэдээллийн санг цаасан ба цахим хэлбэрээр бүрдүүлж, бусад номын сангийн сан хөмрөгийн мэдээллийг хадгалах. Ном зүйн мэдээллийн сан хөмрөг бий болгох зорилгоор уншлага үйлчилгээнд ашиглуулахгүйгээр зайлшгүй хадгалах шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүний архивын сан хөмрөг бүрдүүлэх.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн дагуу эрдэм шинжилгээ-судалгааны ажлыг гүйцэтгэх. Гадаад, дотоодын номын сан, ном хэвлэлийн байгууллагатай хамтран ажиллах. Бүх төрлийн номын сангийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх. Стандартын шаардлага хангаагүй орчинд хадгалагдаж байгаа ганц хувь бүтээл, ном, гар бичмэл, барын ном, судар, бусад зүйлийг эзэмшигч байгууллагын хүсэлтээр хадгалах боломжтой аж.


Номын фондыг яаж баяжуулах вэ?

Номын сан нь үндэсний оюуны бүтээлийн архивын үүрэг гүйцэтгэдэг гэдэг агуулгаар хэвлэгдсэн ном бүрээс тодорхой хувиар үнэ төлбөргүй авдаг байх эрх зүйн зохицуулалтыг энэхүү хуульд тусгаж өгчээ. Тухайлбал, Монгол Улсад бүтээгдсэн бүх номноос 2-5 ширхэгийг Үндэсний номын санд өгнө. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн бүтээгдэхүүнээс 5 ширхэгийг,  эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээс 2 ширхгийг, Монгол Улсын соёлын өвд хамаарах судалгааны бүтээлийг санхүүжилтын эх үүсвэр, хэвлэгдсэн хэл, газрыг харгалзахгүйгээр 2 ширхгийг тус бүр үнэ төлбөргүй өгөхөөр хуульчилжээ.


Орон нутгийн номын сангуудын хувьд орон нутгийн төсвөөр хэвлэгдсэн номоос 3 хүртэлх ширхэгийг үнэгүй авах эрх эдлэх бол Хүүхдийн төв номын санд хүүхдэд зориулсан хэвлэлийн бүтээгдэхүүн бүрээс 2 ширхгийг олгох юм байна.

Зохиогч, эрхлэн гаргагчдын хувьд шинэ бүтээлээ хэвлэгдсэнээс хойшхи 30 хоногийн хугацаанд багтааж номын сангуудад “бэлэглэх” үүрэг хүлээжээ.


Зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлнэ

Уншигчдад хүргэх оюуны талхыг хүртээмжтэй болгохын тулд үйлчилгээг илүү олон төрөлтэй болгосон байна. Алслагдсан аймаг, сумын иргэд шинээр хэвлэгдсэн бүтээл, мөн орон нутагт нь нүдний гэм болсон бүтээл уншихыг хүсвэл Зөөврийн номын сангаар үйлчилгээ авах боломжтой аж. Цэргийн анги, асрамжийн газар, хорих байгууллага ч энэ үйлчилгээг авч болно. Гэхдээ энэ үйлчилгээнд үнэт ховор ном, лавлах материал, гурав хүртэлх хувьтай ном, тогтмол хэвлэлийг оруулахгүй юм байна. Уншигч мөн цахим уншлагын үйлчилгээг авах боломжтой. Номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй өндөр настан, өвдсөн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээр ном олгох үйлчилгээг сонгож болно. Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэн тусгай форматад хөрвүүлсэн брайлын, сонсдог ном хэвлэлээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Энэ эрхээ Үндэсний болон нийтийн номын сангаар үйлчлүүлж эдлэх юм.


Онцлоход, Монгол Улсын хэмжээнд 1500 орчим номын сан үйл ажиллагаа явуулдаг байна. Тодруулбал, Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон зэрэг төвлөрсөн номын сангаас гадна орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байдаг аж. Энэ бүхэн Номын сангийн тухай хуульд захирагдаж, ажиллах юм. Уг хуулийг Засгийн газар санаачилж, 2014 оны тавдугаар сарын 16-нд УИХ-д өргөн мэдүүлж, УИХ намрын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэж баталсан байна.

Г.ДАРЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж