Уран гулгалтын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд залуу гулгагчид хүч түрэн орж ирлээ. Учир нь өнгөрсөн онд болсон “Сочи-2014” өвлийн олимпийн хурц өрсөлдөөн дунд тодорсон одод энэ удаагийн ДАШТ-ийг өнжжээ. Тодруулбал, олимпийн аварга ОХУ-ын Аделина Сотникова, багийн аварга Юлия Липницкая, БНСУ-ын Ким Юна, Италийн Каролина Костнер, Японы Мао Асада нарын шилдгүүд Шанхайд ирээгүй. Тэднээс олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аварга БНСУ-ын Ким Юна Сочигийн наадмын дараа зодог тайлсан юм.
Олимпийн наадмын дараа болж буйгаараа Шанхайн ДАШТ ихээхэн сонирхол татаж байна. Тэр дундаа шилдэг гулгагчид оролцохгүй энэхүү дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн шинэ аварга төрөх юм.
Шанхайд ирээгүй одод ямар тайлбар хийв?
–
Олимпийн аварга ОХУ-ын Аделина Сотникова: “Сочи-2014” өвлийн олимпийн хурц өрсөлдөөн дунд Аделина Сотникова хэмээх 17 настай охин Оросын анхны олимпийн аварга болсон юм. Зөвлөлт-Оросын түүхэнд анхны олимпийн аварга болсон тэр ард түмнийхээ хайртай “алтан охин”. Харин олимпийн наадмын дараа тэмцээн уралдаанд оролцоогүй байсан тэрээр шагайн бэртлийн улмаас Шанхайд ирээгүй.
-Олимпийн багийн аварга ОХУ-ын Юлия Липницкая: Анх удаа өвлийн олимпийн наадмын уран гулгалтын ангилалд багийн төрөл багтсан. Сочид нутгийн эзэд одтой байж анхны багийн ангилалд алтан медаль хүртсэн юм. Үүнд 15 настай Юлия Липницкая онцгой чадварлаг байж, чухал оноог багтаа авчирсан билээ. Харин тэрээр ганцаарчилсан ангилалд алдаа гаргаж, V байрт орсон юм. Энэ жил түүний хувьд одгүй байгаа. Нутгийнхаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт муутай оролцсон тэрээр Европын АШТ-д оролцож чадаагүй юм. Тиймээс тэрээр Шанхайд ирэх багт багтаагүй байна.
-Олимпийн хүрэл медальт Италийн Каролина Костнер: Сочид Аделина Сотникова, Ким Юнагийн араас медалийн тавцанд зогсож чадсан нь К.Костнер юм. Тэрээр хоёр сарын өмнө мансууруулах бодисны хэрэгт холбогдсон учир Олон улсын тэшүүрийн холбооноос шийтгэл авчээ. Тиймээс Костнер 16 сарын турш тэмцээнд оролцох эрхээ хасуулсан байна. 2012 онд дэлхийн аварга цолыг хүртсэн Каролина Костнер энэ оны эхээр Японы Токио хотно болсон "Kanagawa festival-2015"-т оролцсон юм.
Нэрт уран гулгагч Японы Мао Асада: Сочигийн наадамд одгүй байж, богино үзүүлбэрт алдаа гаргасан Мао Асада VI байрт орсон юм. Түүний урд АНУ-ын Грейси Голд, ОХУ-ын Юлия Липницкая нар зогссон. Энэ жил 24 настай нэрт гулгагчийн хувьд өнгөрсөн жил нутагтаа дэлхийн аваргын гурав дахь алтан медалиа авсан юм. Мао Асада их сургуулиа төгсөх зорилгоор түр зуур спортоосоо хөндийрчээ. Тиймээс тэр Шанхайд ирээгүй байна.
Мао Асада Сочигийн наадмын богино үзүүлбэрт алдаа гаргаж, унасан билээ.
Ийнхүү дэлхийн аварга, олимпийн медальтнууд ирээгүй энэхүү Дэлхийн аваргад шинэ аварга төрөх нь тодорхой болсон. Тэр дундаа Оросын охид буюу 2015 оны Европын аваргад эхний гурван байрт орсон 16 настай Елена Радионова, Анна Погорилая болон 18 настай Елизавета Туктамышева нараас тодрох болов уу. Гэхдээ тэдэнд олон өрсөлдөгч бий.
2015 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр маргааш болох бол чөлөөт үзүүлбэр ирэх бямба гаригт(III.28) болох юм.
Бэлтгэсэн: Ч.БОЛ