Германы Germanwings компанийн Airbus A320 онгоц Францын нутаг дэвсгэрт Альпийн нурууны бэл орчим осолдсон тухай Францын Ерөнхий сайд Мануэль Вальс сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.
Онгоц осолдсон ууланд аврах ажиллагаа явуулж байгаа ч одоогоор амьд үлдсэн хүн олдох найдлага тун бага байна.
Эрлийнхэн онгоцны сүйрсэн газрыг олж очсон боловч онгоц бүхэлдээ бутарч юу ч үлдээгүй байна.
Одоогоор хоёр хар хайрцагны нэгийг нь олж авчээ. Нислэгийн үеэр цаг агаар хэвийн байсан ба ослын шалтгааныг юунаас болсныг судалж байгаа тухай мэдээлжээ. Онгоцонд явсан зорчигчдын бүрэн мэдээдэл нарийн гараагүй байгаа ч Германы 67 иргэн, хоёр багшийн хамт явсан 16 хүүхэд, Испанийн 45 иргэн явсан хэмээн мэдээлээд байна.
Уг онгоц Испанийн Барселон хотоос Германы Дюссельдорф хотыг чиглэн нисч байсан ба нийт 150 хүнтэй явжээ. 150 хүний 144 нь зорчигч, зургаа нь онгоцны багийн гишүүд байжээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд "Одоогоор амьaд үлдсэн хүн олдоогүй байна хэмээн мэдэгдээд байна.
Францын зам, тээврийн сайдын мэдээлснээр онгоц орон нутгийн цагаар өглөөний 10 цаг 47 минутын үед ослын дуудлага өгсөн байна. Дуудлага өгснөөс 33 минутын дараа буюу 11 цаг 20 минутад онгоц радарт харагдахаа больжээ.
Радарын мэдээллээс үзэхэд онгоц 11500 метрийн өндрөөс 2100 метр хүртэл ердөө зургаан минутын дотор доошилсон байна.
Одоогоор зорчигдын мэдээллийг нягтлан шалгаж байгаа ба эхний мэдээллээр зорчигдын 67 нь Германы иргэд байсан гэнэ.
Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулан Германы Канцлер Ангела Меркель албан ёсны мэдэгдэл хийж, Франц улсад очихоор болсон гэдгээ мэдэгдлээ.
Н.ЦЭНД