Шорон руу хазайсан шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Шорон руу хазайсан шинэчлэл

Аливаа шинэчлэл эзэнтэй. Буух эзэн, буцах хаягтай байдаг нь бичигдээгүй хууль.

Эмнэлэг ачааллаа дийлэхгүй байхад шоронгийнхоо багтаамжийг нэмж, шоронжсон улс болоод байсан Монголд иргэдийн хүсч, тэмүүлж байсан ганц зүйл нь өнөөгийн хууль, эрх зүйн тогтолцоо, системийг бүхэлд нь өөрчлөх, хүний эрхийг баталгаажуулах тэр зүг рүү явах байв. Тиймээс ч сүүлийн хоёр сонгуулийн турш энэ санааг хамгаас илүүтэйгээр дэмжин сонголтоо хийсэн. Энэ утгаараа АН-ыг олонх болгоогүй ч олуулаа болгох сонголтыг иргэд хийсэн юм.

Монголд хүний эрхийг баталгаатай хангах асуудалд гадныхантай харьцуулбал олигтой түвшинд хүрээгүй. Энэ нийгэмд хүн өмчөө баталгаатай хамгаалах асуудал бүрхэг хэвээрээ байна. Хуруу хумсаа хугалан байж насаараа цуглуулсан өмчөө өнөөдөр биш ч маргааш “дээрэмдүүлэхгүй” гэсэн баталгаа алга.

Ардчилсан нийгэмд шилжсэн мөчид хоосон байсан монголчууд гаднын хөрөнгө оруулалтад түшиглээд эдийн засгаа босгож, түүний буянаар өөрсдөө ч өмчтэй болсон. Харин өнөөдөр тэрхүү өмчөө хамгаалахад өнөөгийн эрх зүйн тогтолцоо саад хийх болжээ. Гадныхан Монголд хөрөнгө оруулаад хөрөнгөө алдаад зогсохгүй, эрх чөлөөнд нь халдах, эрх мэдэлтний золиос болох явдал бодитоор байна. Хэдийгээр Үндсэн хуулиараа гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно гэж заасан ч үнэндээ тухайн хүнийг байцааж, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг прокурор шийдэж байна. Хуулиараа заавал өгөх ёстой гэрчийн мэдүүлгийг өгсөн хүн маргааш нь сэжигтэн, нөгөөдөр нь ялтан болон хувирдаг. Бүх зүйл өнгөрсний дараа асуудал шүүхэд асуудал шилждэг ийм тогтолцоо л Монголд үйлчилж байна.

С.ДЭМБЭРЭЛ ГИШҮҮНИЙ ЗАХИАНД ЮУ ДУРЬДАВ

УИХ-ын гишүүний төрийн өндөрлөгүүдэд явуулсан захианаас Монгол Улс ямар гамшгийн хэмжээнд хүрснийг бэлхнээ харж болно.

Гишүүний захианд дурдсанаар “2014 онд 75008 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын тайлангаа ТЕГ-т ирүүлсэний 49620 нь 10 сая хүртэл борлуулалтын орлоготой, 10-100 сая хүртэлх 13975, 100 саяас тэрбум хүртэл 8681, 1-5 тэрбум  хүртэл гэх мэт явсаар 5-10 тэрбум  хүртэл борлуулалтын орлоготой нь ердөө 349,10 тэрбумаас дээш нь ердөө 404” байгаа аж.

2012-2014 онд Авилгалтай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас татварын ерөнхий газарт хяналт шалгалт хийлгэхээр нийт 182 бичиг ирүүлж тэр нь 6066 татвар төлөгчийг хамарчээ. Хамгийн анхаарал татсан зүйл нь, нийт дүнгээрээ 2012 онд 197, 2013 онд 276, 2014 онд 205 албан тоот явуулжээ. Үүний нарийн тооцооллыг ч С.Дэмбэрэл гаргасан нь 2012 онд 1,8 хоногт 1 албан тоот, 2013 онд 1,3 хоногт 1 албан тоот, 2014 онд 1,7 хоноод 1 албан тоотыг ТЕГ-т явуулсан гэх тооцоо. Тэгвэл энэхүү тоотын дагуу цаашаа ямар асуудал өрнөсөн бэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн хийсэн бодлогын судалгааны тайлангаас гишүүн иш татжээ. 2014 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 2093 хүнийг цагдан хорьж үүнээс “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэлээр 939 буюу нийт цагдан хоригдсон хүмүүсийн 44 хувийг эзэлж байна. ”Оргон зайлж болзошгүй” гэдэг үндэслэлүүд дотор “гадаадад гарах магадлалтай” гэсэн үндэслэл байдаг бөгөөд энэ л үндэслэлээр хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэсэн үг. Яг ийм шалтгаанаар Жастин Капла,  төдийгүй Монголын олон арван аж ахуй нэгжийн захирал, албан тушаалтнууд “чөлөөтэй зорчин явах эрхээ” хасуулдаг практик түгээмэл болсон гэдгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл дурдсан байна.

Энэ нь Монголд нийтлэг байдаг явдал бөгөөд бүр 2010 онд НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос манай улсад энэ талаар сануулж, зөвлөсөн тухай ч энэхүү ахианд дурдаж.

Монголын төсвийг бүрдүүлж, ДНБ-ий өсөлтийг нуруун дээрээ үүрч явдаг аж ахуйн нэгжүүд төрийн байгуулллагуудын болон татварын дарамтаас үүдэн өнөөдөр биш юмаа гэхэд маргааш өөрсдийн үйл ажиллагаанаас үл хамаараад үүд хаалгаа барихад нь хэн нэгэн албан тушаалтан нөлөөлөх бүх боломж нь хуулийн дагуу байна гэсэн үг .
 

ШИНЭЧЛЭЛ ЯАСАН БЭ?

Энэ бүхнийг өөрчлөн хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийсэн ч мөнөөх шинэчлэлээ АН эргээд баллуурдаж эхэллээ. Хууль зүйн сайд хэн байхаас үл хамаараад хуулийн шинэчлэлийг шат дараатайгаар явуулах төрийн залгамж бодлого гэж өнөөдөр үнэндээ алга. Хуулийн шинэчлэлийг хийх бодлогыг өнгөрсөн хугацаанд салбарын сайдаар нь ажиллаж байсан Х.Тэмүүжин гардаж ирсэн ч үнэндээ автор нь Ерөнхийлөгч, цаашлаад АН байсан. Харин өнөөдөр сайд нь солигдсоноор мөнөөх шинэчлэлийг үргэлжлүүлэх бус буцаан хэвэнд нь оруулах тал руугаа хазайлаа. Д.Дорлигжав сайд болмогцоо өмнөх сайдын өргөн барьсан хуулиудыг татаж, шинэчлэлийн амин сүнсийг нь үгүй болгож, ухралт хийсэн талаар салбарынхан нь харамсан ярьж байна.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийсэн Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хуулийн Цэц дээр очоод бүдэрлээ. Уг нь тэрхүү бүдэрсэн хуулиар бол шүүгч нар илүү мэргэшин, чадваржих боломжтой байсан ч жил бололгүй бүдэрлээ. Шүүхийг буцаагаад хэвэнд оруулахад багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарахын дээр ухралт хийнэ. Тиймээс ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс асуудлыг хэрхэн зохицуулах талаар өөрсдийн саналыг гаргаж байгаа ч Үндсэн хуу­лийн Цэцийн дарга, академич Ж.Амарсанаагаас эхлээд аятайхан байхыг сануулж, хэвлэлээр олон юм ярихгүй байхыг сануулан албан тоот хүртэл илгээгээд эхлэв. Ингэхдээ “Монгол Улсын Vндсэн хуулийн Цэц өнгөрсөн нэгдvгээр сарын 30-ны өдөр 01 тоот тогтоол гаргаж Шvvх байгуулах тухай хуулийн зарим заалт Vндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хvчингvй болгосон. Энэхvv тогтоолыг vндсэн эхээр нь танайд явуулсан болно.

Ийнхүү хуулийн шинэчлэлийн хүрээнд хийж буй хуулийн төсөл, хэрэгжүүлсэн ажил зэргээ бүгдийг нь баллуурдаж, хуучны хуулиа тодруулан будаж эхэллээ. Хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр сонгогдсон түшээд, нам, төрийн өндөрлөгүүд харин чимээгүй сууна. Ерөнхийлөгчийн хэлснээр хэдэн зуугаар нь бизнес эрхлэгчдийг шалгаж, хорьж, яллах тийм тогтолцоо хэвээрээ л үлдэж байна. Хамгийн аймшигтай мэдээлэл нь бид “Hotel Mongolia” гэх муухай тодотголтой хэвээрээ үлдэх нь. Хүний эрх, хувийн өмчийг хамгаалах, баталгаажуулахаар эхэлсэн шүүхийн шинэчлэл ийнхүү эргээд шоронжсон, хохирлыг барагдуулахаас илүүтэй яллах бодлоготой тогтолцоо руугаа зам хазайлаа.

Гэтэл "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга та болон танай ажилтнууд телевиз, радио, хэвлэлд удаа дараа ярилцлага өгөх, цахим сvлжээгээр тараах, хэвлэлийн бага хурал хийх түүгээр үл барам шүүгчдээр хэлэлцүүлэг хийх зэргээр Vндсэн хуулийн Цэцийн шийдвэр буруу гарсан мэт, тvvнийг биелvvлэхэд бэрхшээл их байгааг тоочсон мэдээлэл цацсаар байгааг бид анхааралтай ажигласаар байна…” гэж ирээд л Шvvхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лvндэндоржид албан тоот явуулан “айлгаж” эхлэв. Үндсэн хуулийн зүйл заалтыг өнөөгийн нөхцөл байдалд тааруулан унших, тайлбарлахаас илүүтэй шууд л хуучнаар нь тулгах байдлаар Үндсэн хуулийн Цэц хандаж ирсэн гэдгийг би ч биш хуульчид ярих болсон. Эцэг хуульд, Монгол Улсын шүүхийн үндсэн бүтэц нь сум дундын, дүүрэг, аймаг, нийслэл, дээд шүүхээс бүрдэнэ гээд заачихсан.  Олон улсын хэмжээнд шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан, давах, хяналтын шатны шүүхтэй. Ийм тогтолцоог үндсэн тогтолцоо гэж ярьдаг. Түүнээс Цэцийн хэлээд байгаа шиг засаг, захиргааныхаа бүтэцтэй адилхан байх нь шүүхийн үндсэн тогтолцоо биш. Тиймээс уг нь анхан шат, давах, хяналтын шатны шүүх байна уу гэдгийг л харах хэрэгтэй байснаас бус шууд хүчээр Үндсэн хууль зөрчжээ гэх нь арай л зүйд нийцэхгүй мэт санагдана.

Цэцийн дарга, академич Ж.Амарсанаагийн албан бичигт “…Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зvйлд, “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хvчин төгөлдөр болно” гэж заасан байдгийг Үндсэн хууль, төрийн албаны хуулийг хэлбэрэлтгvй сахин биелvvлэх үүрэгтэй төрийн жинхэнэ албан хаагч Танд Үндсэн хуулийн эрх ашгийн vvднээс урьдчилан сануулж байгааг үүгээр уламжилж байна” гэснээс нь үзвэл өнөөдөр Цэцийн шийдвэрийн дагуу Монгол Улсад шүүх байхгүй болчихсон ч гэж ойлгогдмоор.

Шүүхийн шинэтгэлийн асуудал ийнхүү эхнээсээ хазайсан бол цагдаагийнхан ч бужигнаад эхлэв. Хуучнаасаа салахыг хүсээгүй цагдаагийн офицеруудын эсэргүүцэлтэй гармагцаа нүүр тулсан эрхэлж буй албан тушаалаар нь цол олгох шийдвэрийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн А/64-р тушаал гарган хүчингүй болгож, хуучин цолыг нь олгож, албан тушаалтайгаа холбоотойгоор цол нэмсэн алба хаагчдыг буцаан цолыг нь бууруулах шийдвэр гаргав.

УХРАЛТ

Ийнхүү хуулийн шинэчлэлийн хүрээнд хийж буй хуулийн төсөл, хэрэгжүүлсэн ажил зэргээ бүгдийг нь баллуурдаг хуучны хуулиа тодруулан будаж эхэллээ. Хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр сонгогдсон түшээд, нам, төрийн өндөрлөгүүд харин чимээгүй сууна. Ерөнхийлөгчийн хэлснээр хэдэн зуугаар нь бизнес эрхлэгчдийг шалгаж, хорьж, яллах тийм тогтолцоо хэвээрээ л үлдэж байна. Хамгийн аймшигтай мэдээлэл нь бид “Hotel Mongolia” гэх муухай тодотголтой хэвээрээ үлдэх нь. Хүний эрх, хувийн өмчийг хамгаалах, баталгаажуулахаар эхэлсэн шүүхийн шинэчлэл ийнхүү эргээд шоронжсон, хохирлыг барагдуулахаас илүүтэй яллах бодлоготой тогтолцоо руугаа зам хазайлаа.

Өөрсдийнхөө эхлүүлсэн ажлыг яагаад баллуурдаж байгааг АН-ын удирдлагууд, УИХ-ын даргаас асуумаар.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж