Нийгмийн гадна “орхигдсон” үрс

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

Нийгмийн гадна “орхигдсон” үрс

-Хөгжлийн бэрхшээл, генийн өөрчлөлттэй хүүхдүүд хаана амьдарч байгааг мэдэх хүн хэр олон байгаа бол..?-

Төрөлхийн  тархины саажилт, төрөх үеийн хүндрэлээс үүссэн тулгуур эрхтний согогтой, хэл сэтгэхүйн бэрхшээлтэй, дауны синдром буюу генийн өөрчлөлттэй  2-6 насны  зургаан бүлгийн 120  хүүхэд  “айлын хаяанд” амь зуусаар гурван жилийн нүүр үзэж байна.

Улсын гэх тодотголтой “Өнөр бүл” төвийн  дэргэдэх 58-р цэцэрлэгийн байрны  нэг жигүүрийн дөрвөн өрөөнд “амьдарч” буй хөгжлийн бэрхшээл­тэй хүүхдийн  10 дугаар цэцэрлэгийн нэг өдрийг сурвалжиллаа.

Зай муутай, бүгчим энэ газарт 2-3 багш 20 хүүхэдтэй ажиллана. Дундаа тасалгаатай өрөөнд стандартын дагуу бол нэгд нь анги  хичээллэж,  нөгөөд нь  өдөр унтах зориулалттай.  Гэвч өөрийн гэсэн байргүй хүүхдүүд, тэдний эцэг, эхэд олдсон цорын ганц боломж нь энэ учир арга буюу нөхцөл байдалтай эвлэрэх. Энгийн цэцэрлэгт хүүхдүүд тодорхой цагт унтаж, хооллож, хичээллэдэг бол энд тийм боломж байхгүй.  Тэргэнцэр дээр суусан хүүхдийг нэг багш нь хооллож байхад нөгөө нь сэргээн засах эмчилгээ, бариа, хэл ярианы хичээл  заана. Энд нэг нь уйлж, тэнд нэг хүүхэд бие засах  шаардлага гарч,  тус бүрт асаргаа шаардана. Гэвч 20 хүүхэдтэй ангид ердөө  хоёр туслах багш, нэг ангийн  багш ажиллаж байна. Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, дүрэм журмаар бол нэг анги 6-8 хүүхэдтэй байх ёстой.

Бидний очсон давчуу байрны хоёр давхарт эмчилгээний тасаг байрладаг аж.  Эмчилгээний багийн найман эмч  ахуй засал, хөдөлгөөн засал, хэл засал гэсэн гурван төрлийн эмчилгээг өдөрт тус бүр найман  хүүхдэд 45 минутаар хийдэг. Уг  нь стандартаар бол вакумжуулсан орчинд ганцаарчилсан эмчилгээ хийх ёстой ч байрны хүрэлцээ муугаас нэг өрөөнд гурван эмчилгээг зэрэг явуулахаас аргагүй болжээ. Жижигхэн өрөөнийхөө булан тохойд сүүн бариа, тосон бариа нэмж хийдэг талаар тус  цэцэрлэгт 20 гаруй жил ажиллаж байгаа ахуй засалч Т.Лхагвасүрэн  хэллээ. Тэрбээр өмнө нь актлагдсан байранд үйл ажил­лагаа явуулж байхад зургаан анги тус тусдаа хичээллэж, эмчилгээг төрлөөр нь ангилан тусгаар­лаж хийх боломжтой байсан  талаар бидэнд ярьсан юм.

Гандан барихад 14 тэрбум төгрөг төсөвлөж болсон юм чинь нийгмээс тусгаарлагдах шахсан, хамгийн эмзэг, сэтгэл өвтгөм нөхцөлд өсч хүмүүжиж байгаа энэ бяцхан үрсэд шинэ төв барих  асуудлыг шийдчих хүсэл эрмэлзэл хэн нэгэнд үлдсэн гэж найдья.  

Эмчилгээний заалны үүдэнд байрлах дөр­вөн хүн багтахгүй шахам умгар өрөөг сонсгол, хэл   ярианы дасгалын  өрөө болгожээ.  Бусад эмчилгээг бодвол зайлшгүй тусгаарлаж явуулах шаард­лагатай учир энэ жижигхэн өрөөг засч тохи­жуулсан болохыг арга зүйч багш Д.Наранцэцэг учирлаж байлаа. Олон улсын стандартаар бол дээрх төрлийн  сургалт, эмчилгээг нэг хүүхдэд 7-8 багш ажилтан хариуцаж хийдэг бол манайд энэ  стандарт мөрөөдөл хэвээр байна.

Нэгэнт зориулалтын биш энэ байранд нүүж ирэхэд гал тогооны асуудал хамгийн хүнд байсан нь мэдээж. Гэсэн ч байгаа боломжоо ашиглан  агуулахын  харанхуй өрөөг засч, гал  тогоо болгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг утгаараа тусгай хэрэгцээт буюу өдөрт нэг хүүхдэд 2400 төгрөгийн хоол тэжээл, сүү тараг, тан  оногддог байна.  Хүүхдүүдийн зарим нь  зажилж, залгиж чадахгүй. Тэдэнд  тусгайлан  зориулсан хоол гээд өдөрт  4-5 төрлийн хоол бэлтгэдэг бололтой. Энэ мэт маш хүнд нөхцөлд тэд үйл ажиллагаа явуулдаг нь илт.

Цэцэрлэгийн барилгын төсөв хаана явна?


Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүүх­дүү­дэд зориулсан шинэ байр барих  асуудлыг хэн хариуцаж байна вэ. Төсөв хөрөнгийг шийдэх боломж байна уу гэх асуултад хариулт хайлаа.

БЗД-ийн 13-р хороололд байрлаж байсан тус цэцэрлэгийн барилгыг 1964  онд ашиглалтад оруулжээ. Олон жилийн насжилттай учир мэргэжлийн  байгууллагаас үйл ажиллагаа явуу­ла­хыг хориглож, 2013 онд  акталсан байна. Анх нийс­лэлийн 42 дугаар ясли нэртэйгээр үйл ажиллагаа  явуулж байгаад  1990 оноос ясли  татан буугдахад 120 хүүхдийн энгийн цэцэрлэг  болгожээ.

Харин 1996 оноос тэгш хамруулах  зарчмаар  нэг ангид нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг  авч эхэлсэн гэх. Ингэж явсаар 120 хүүхдийн  50 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах болов. Харин 2008 оноос буюу   зургаан жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь хамруулж, сэргээн засал  цаг алдалгүй  авах шаардлагатай хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээ, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаад, 2013 оны есдүгээр сард тусгай цэцэрлэгийн статус авсан байна.

Харамсалтай нь, төд удалгүй   нурах шахсан барилга нь актлагдсанаар өнөөдрийн байрлаж буй “Өнөр бүл” төвийн дэргэдэх 58-р цэцэрлэгийг бараадсан нь энэ юм. Актлагдсан барилгыг нурааж,  газар  дээр нь хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдүүдэд зориулсан дөрвөн дав­хар төв барих ажил гурван жил өнгөрчихөөд бай­хад  шийдэгдээгүй л байна.

Энэ  талаар тус цэцэр­­лэгийн нийгмийн ажилтан Н.Энхбат ийнхүү ярьсан юм.

-Та бүхэн стандартын бус байранд гурван  жил үйл ажиллагаа явуулж байна. Яагаад өнөөдрийг  хүртэл шинэ төв барих ажил шийдэгдэхгүй байна  вэ?

-2013 оны дөрөвдүгээр сард манай хуучин барилгыг актлах шийдвэр гарсан.  Үйл ажил­ла­гаа­гаа зогсоохоос аргагүйд хүрсэн ч Монголдоо ганц хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг учраас холбогдох яам, нийслэлийн боловсролын газарт хандсаны хүчинд бүтэн өнчин хүүхдүүдийн “Өнөр бүл” төвийн цэцэрлэгийн  нэг  хэсэгт сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулж байна. Анх уг нь шинэ төв барих ажлыг улсын төсвөөр барина гэж байсан ч Засгийн газрын 2013  оны есдүгээр  сарын 6-ны өдрийн 317 тогтоолоор  концессоор гэрээлэн гүйцэтгэж барихаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш концессоор гүйцэтгэх компани олдохгүй өнөөдрийг хүрч байна. Бидний зүгээс  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж өгөөч гэсэн хүсэлт  тавьсан. Э.Бат-Үүл дарга  “Засгийн газрын тогтоолоор концесс руу орсон учраас төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн.  

-Концессоор барих асуудал ер нь нааштай шийдэгдэх сураг байна уу?

-Бид  Боловсролын яам,  концессоор бариг­дах  ажлуудыг хариуцаж байгаа Аж үйлдвэрийн яам­наас байнга асууж байгаа. Хамгийн сүүлд Туркийн хөрөнгө  оруулалтаар хэд хэдэн боловс­ролын салбарын барилгыг барихаар болсон гэж сонссон. Гэхдээ яг барилга барих хөрөнгийн саналууд нь зөрүүтэй  байгаа учраас асуудлыг шууд шийдэхэд амаргүй байна, үнийн дүнгээ судалж байгаа гэдэг хариу өгөөд байна. Бидний зүгээс ирэх дөрөвдүгээр сард нааштай шийд гарах байх гэсэн найдлага тавиад, хүлээж байгаа.

-Шинэ төв баригдвал хэдэн хүүхэд хамрагдах боломжтой вэ?

-Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй, тулгуур эрхтний согогтой 30 мянга орчим хүүхэд байгаа гэдэг судалгаа байдаг юм билээ. Эдгээр хүүхдүүдээс ердөө 120 нь улсдаа ганц байгаа манай цэцэрлэгт хамрагдаж байна. Дөрвөн давхар шинэ  төв баригдсанаар улсын хэмжээний үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Өдөртөө 2000-3000 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.  Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л халамж авдаг, ээж аав нь тэврээд  гүйдэг гэдэг хандлагаас салах ёстой. Тухайн  хүүхдийн бэрхшээлийг эрт илрүүлж, сэргээн засал цаг алдалгүй өгснөөр хүүхэд сургуулийн насанд хүрэхдээ энгийн хүүхдүүдтэй хамт суралцах боломжтой болдог.  Манайд 1996 онд явж байсан  хоёр охин  амаараа, хөлөөрөө мэргэжлийн түвшний зураг зурж байна. Охидын зурсан зургийг Герман руу явуулж байгаа.  Олон улсын стандартаар бол нэг хүүхэдтэй 2-3 багш ажилладаг. Энэ стандартыг яагаад Монгол Улс  хэрэгжүүлж болохгүй гэж. Гэтэл  манайх 20 хүүхдийн дунд хоёрхон багш тавьчихаад хүүхдүүдэд  сэргээн засал, хэл засал, хөдөлгөөн заслын хичээл заа гэж тулгаж байна. Ийм нөхцөлд үр дүн харьцангуй бага. Гэхдээ огт байхгүйгээс боломж чадлаараа үйл ажиллагаа явуулж байгаа нь сайн хэрэг. Цаг хугацаа алдалгүй л  төсөв хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Тэрбээр ийнхүү  ярьлаа. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол шинэ  төв барихад 4.9 тэрбум төгрөг,  акталсан хуучин барилгыг нураахад 490 сая төгрөг шаардлагатай гэх тооцоо гарчээ. Бүтэн өнчин хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн байрнаас царайчлан амь зууж буй тэдэнд зовлон нэгтэй улсын ганц асрамжийн төв л гараа сунгасан нь энэ. Малын саравчнаас ч дор нөхцөлд энэ хэдэн хүүхдийг хэдэн жил амьдруулах вэ, бид.

Гандан барихад 14 тэрбум төгрөг төсөвлөж болсон юм чинь нийгмээс тусгаарлагдах шахсан, хамгийн эмзэг, сэтгэл өвтгөм нөхцөлд өсч хүмүүжиж байгаа энэ бяцхан үрсэд шинэ төв барих  асуудлыг шийдчих хүсэл эрмэлзэл хэн нэгэнд үлдсэн гэж найдья.   Нэг ч хүүхэд нийгмийн гадна орхигдох ёсгүй шүү дээ.

 

С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: NEWS WEEK сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж