Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дунд болдог өвлийн Deaflympics наадам ОХУ-ын Ханти-Мансийск хотноо болох гэж байна. Тус наадамд оролцох Монголын багийн ахлагч болон Диф спортын хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Энэ удаагийн өвлийн Defalympics наадмын талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-Өвлийн Deaflympiсs буюу сонсголын бэрхшээлтэй иргэд оролцдог 18 дахь удаагийн наадам ОХУ-ын Ханти-Мансийск хотноо гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-ны хооронд болох юм. Энэ удаагийн өвлийн Deaflympics наадамд 27 орны 450 гаруй тамирчин спортын таван төрөлд өрсөлдөх юм. Дөрвөн жил тутам болдог сонсголын иргэдийн өвлийн спортын хамгийн том арга хэмжээнд манай улс энэ жил анх удаа оролцох гэж байна. Мөн наадмын үеэр Олон улсын Deaf спортын хорооны ээлжит 45-р хурал болох юм. Энэхүү хурал одоогийн ерөнхийлөгч ОХУ-ын иргэн Валери Рухледевийн сонгогдсоноос хойш болж буй анхны хурал юм.
-Эрүүл тамирчдад допингийн асуудал их яригддаг. Харин сонсголын бэрхшээлтэй тамирчдын хувьд хэр их байдаг вэ?
-Допингийн асуудал үргэлж шуугиан тарьж байдаг. Эрүүл тамирчдын адил сонсголгүй иргэдэд ч энэ асуудал байна. Сонсголын хуурамч бичлэг үзүүлж тэмцээнд оролцсон тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болсон. Өнгөрсөн онд ОХУ-ын нэг тамирчин хуурамч сонсголын бичлэгтэй тэмцээнд оролцсоныг тогтоосон. Тиймээс энэ асуудал маш ихээр яригдаж байгаа учраас хурлын үеэр ярилцах юм. Сонсголд тавих хяналтыг үр дүнтэй болгож, шударга өрсөлдөөнийг гаргах нь чухал шүү дээ.
-Энэ тэмцээнд манай улсаас ямар төрлөөр оролцох вэ?
-Өвлийн Дифлимпт манай улсаас анх удаа оролцож байгаа болохоор цөөн хүний бүрэлдэхүүнтэй баг хойд хөршийг зорьж байна. Гүйлтийн цанын төрлөөр спортын мастер Б.Ганпүрэв, дасгалжуулагч Н.Сандагдоржийн удирдлага дор оролцох юм. Түүний хувьд гурван зайд уралдана. Монголын багийг миний бие ахалж байна. Бид маргаааш(өнөөдөр) явах юм.
-Манай улсын тамирчид зуны Defalympicst наадамд олон удаа оролцож байсан гэсэн. Ямар амжилтыг үзүүлж байсан бэ?
-Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Deaflympics наадам дөрвөн жил тутамд болдог.
Манай улсаас энэхүү наадамд 1997 оноос хойш нийт таван удаа оролцохдоо бүгдээс нь медальтай ирж байсан. Хамгийн сүүлд буюу 2013 онд Софийн зуны Deaflympics наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Энэхүү наадамд оролцож ирсэний дараа бид өвлийн спортын төрлүүдэд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тэгээд өвлийн Deaflympiсs-т оролцохын тулд “Ханти-Мансийск-2015” хөтөлбөрийг баталж, тамирчдаа бэлтгэж эхэлсэн юм. Одоо энэхүү наадмаар тус хөтөлбөрийн үр дүнг харах гэж байна. Гэхдээ бид энэ удаа ганцхан цанын төрлөөр тамирчдаа илгээж байна.
-Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй /сонсгол/ иргэдийн олон улсад үзүүлж байсан амжилтуудыг дурдахгүй юу?
-Монголын сонсголын бэрхшээлтэй тамирчид тив, дэлхий, deaflymics наадамд амжилттай оролцдог. Одоогоор зуны Deaflympics наадмаас 1 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль аваад байна. Мөн чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ-ээс ОУХМ Ш.Батбаатар хошой хүрэл, ОУХМ М.Ганбат хүрэл медаль хүртсэн. Цаашид бусад төрлүүдэд амжилт гаргах чадвартай тамирчид бий.
-Монголын Диф спорт хорооны тамирчид энэ онд дахин Олон улсын тэмцээнд оролцох уу?
-Бид 2015 оныг өвлийн Deaflympics наадмаар эхлүүлж байна. Энэ онд Азийн спортын наадам, усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна. Ирэх наймдугаар сард сонсголгүй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Улаанбаатар хотноо болох юм. Энэхүү тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч байна. Учир нь манай улсад сонсголгүй иргэдийн Олон улсын тэмцээн урьд нь болж байгаагүй юм. Мөн энэ дашрамд өвлийн Deaflympics наадамд оролцох зардлыг шийдэж өгсөн Эрүүл мэнд, спортын яамын Спорт хариуцсан хамт олон болон Монголын багийн хувцсыг хийж, ивээн тэтгэсэн “Exclusive” компаний захирал Д.Майцэцэг болон тэдний багийн хамт олонд талархаж байна. Өвлийн олимпт бэлтгэж, “Ханти-Мансийск-2015” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан хорооныхоо дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоод талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Зуны Дифлимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид. 2014 он.
Ч.БОЛОР