Аливаа мэргэжлийн сургалтын агуулга, стандартыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан боловсруулах нь ажил олгогчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр ур чадвартай ажиллах хүчин бэлтгэх гол нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарт ашиглаж байсан сургалтын стандартыг шинэчлэх ажлыг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн шинэ технологи эзэмших, нутагшуулах, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшлийн түвшний тогтолцоог бүрдүүлэх зорилготой бөгөөд энэ хүрээнд уул уурхайн салбарын дөрвөн мэргэжлийн сургалтын агуулгыг шинэчилснийг 2014-2016 оны хичээлийн жилд Говьсүмбэр ПК, Дархан УУЭХ-ний ПК, Дорнод ПК, ШУТИС-МИС, Өмнөговь ПК-д туршиж байгаа. Шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явуулж буй мэргэжлийн сургуулиудын хүнд машин механизмын засвар болон оператор, цахилгааны мэргэжлийн багш нарыг долоо хоногийн хугацаатай Оюутолгойн уурхайд туршлага судлах сургалтад хамруулж байна.
ШУТИС-ийн МеТС-ийн Н.Ганболд, Говьсүмбэр аймаг дахь УУЖПК-ийн Ц.Ууганбаяр, Д.Ууганбаяр, Өмнөговь ПК-ийн Мөнхтуяа, Дархан УУЭХ-ний ПК-ийн Гомбо-Очир, Дорнод ПК-ийн Д.Мөнхбаясгалан нар Оюу толгойн уурхайд өөрсдийн заадаг хүнд машин механизмын засварчин, цахилгааны сургалтад хэрэгтэй дадлагын ажилд оролцохын хамт уурхайн дэргэдэх Мэргэжлийн сургалтын төвд монгол, австрали багш нараар хичээл заалгаж буй юм.
Харин хүнд машин механизмын операторын багш Өмнөговь аймаг дахь ПК-ийн А.Эрдэнэбилэг, Говьсүмбэр аймаг дахь УУЖПК-ийн Б.Очирсүрэн нар ил уурхайд ашигладаг “Комацу” дугуйт ачигч, шууд болон шулуун хутгуурт “Бисариус” экскаваторуудын ажиллагаатай танилцаж, шаардлагатай сургалтад хамрагдаж байна. Багш нар энд сурч мэдсэнээ болон ажлын нөхцөл, ажил олгогчийн шаардлага, сургалтын стандарттай танилцсанаа өөрсдийн заадаг хичээл, сургалтын стандарт хөтөлбөртөө тусгаж, суралцагчдад хүргэх зорилготой юм.
Эх сурвалж: www.polit.mn