Тавантолгой таг суух магадлалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Тавантолгой таг суух магадлалтай боллоо

Улс орны маань хөгжлийг улс төр нь боомилох болсоор удаж байна. Монголоос дайжих болсон хөрөнгө оруулагчдын цуваа, удаа дараалан олон улсын арбитарт дуудагдаж нэр нүүрээ барах болсон зэрэг  үүнийг гэрчилнэ. Уг нь гаднын хөрөнгө оруулалт, үндэсний хэмжээний  том төсөл хэрэгжүүлэхгүйгээр хөгжиж болдогсон бол энэ ч яахав гэхсэн. Гэтэл одоо бидний уриа болгоод маань шиг уншаад яваа үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зориулах мөнгө босгохын тулд л эхний ээлжинд уул уурхайгаа ашиглаж хоёр толгойгоо хөдөлгөж олсон орлогоо хуучных шиг 21 мянгаар тараагаад дуусгалгүй хуримтлал бий болгох шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэл сэргэхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, бага хүүтэй зээл, бизнесийн таатай орчин хэрэгтэйгээс бус цээж дэлдсэн улстөрчид, тэдний хоорондын эрх мэдэл эд баялгийн төлөөх өрсөлдөөн хэрэггүй л дээ. Даанч бүх юм нь урвуугаар эргэчихсэн манай улсын хувьд хийсэн нь биш хэлсэн нь нэрд гардаг гажиг зуршил тогтчихож.

Эргэлтэд оруулж эдийн засгаа өөд татна гэсэн Тавантолгойн асуудал шийдэгдэх нь бүү хэл таг гацаанд орчих шиг боллоо.

Хэвлэл мэдээллээр хийж байгаа дайнаас харахад энэ асуудал эвгүйдвэл эргээд Засгийн газрын байх байхгүйд ч  хүрч мэдэх бололтой. Бид дөрвөн жилийн хугацаатай сонгууль хийдэг. Болж өгвөл энэ хугацаандаа нэг засагтай байж, бодлогынх нь үр дүнг үзэх, болдоггүй юмаа гэхэд бүтэц бүрэлдэхүүнээ дахин дахин сольсон сандал ширээгээ цааш нааш зөөсөн байдал удаа дараа давтагдахгүй байгаасай л гэж хүсдэг. Тэр утгаараа жил гаруйхны дараа болох сонгуулийн өмнө засаг төрөө дахин оролдож, “муу дээрээ муухай муухай дээрээ улцан” болмооргүй байна. Тэгэхээр энэ Тавантолгойн асуудлыг чи би манай танай гэлгүйгээр хамтарч сууж байгаа шийдэх хэрэгтэй байна. Төслийг эсэргүүцэгчдийн зүгээс хэлээд байгаа шүүмжлэлийг нь хүлээж авах, хамтран ажиллах ямар боломж байна бүгдийг нь ашиглая. М.Энхсайхан сайд бас бусдын үгийг сонсож, зарим нэг асуудалд буулт хиймээр байна. Би л ганцаараа мэднэ гэсэн хандлага, ганцаарчилсан тоглолт өнөөдөр хол явахгүй байж мэднэ. УИХ-ын дарга  удаа дараа анхааруулсан. Ямар ямар хууль зүйн үндэс байгаа учраас гэрээг УИХ-аар оруулах шаардлага байгааг  тодорхой хэлсэн. Түүний энэ анхааруулгыг тоохгүй орхиод энэ төсөл урагшлана гэвэл ихээхэн эргэлзээтэй.  Түүнээс гадна хамгийн их шүүмжлэлд өртөөд байгаа хэсэг бол төмөр замтай холбоотой. Тендэрт ялсан консорциум олборлолт тээвэрлэлт борлуулалтаа бүгдийг нэгтгэн хариуцна гэж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж байгаа. Үүнийг манай ихэнх үндэсний том бизнесмэнүүд үхсэн ч зөвшөөрөхгүй гэж байгаа сурагтай.

ММС бол үндэсний компани биш, Тавантолгойгоор өөрсдийн тансагласан өрөө төлөх гэж луйвраар тэндэрт яллаа гэх зэрэг мэдээлэл өдөр алгасахгүй гарч, нөгөө Мега төсөл маань нүдэн дээр алсраад явчихлаа.  Энэ тохиолдолд 51 хувь дээр нь олон том компаниуд хамтраад ордог ч юм уу, төслөө задлаад явуулах гэж үзвэл ямар вэ?

Зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 25 жилд  өөрт олдсон боломж, давуу талаа ашиглаад тодорхой хэмжээнд хөрөнгө мөнгөтэй болсон цөөн тооны боловч хөрөнгөтнүүд Монголд бий. Тэд өнөөдөр Монголын нийгмийн бүх салбарт нөлөөтэй. Банк санхүү, хэвлэл мэдээлэл, уул уурхай гээд хамгийн стратегийн гэхээр салбаруудад өөрсдийн бизнестэй. Улс төрд бол тэдний оролцоо гарцаагүй бий. Тэдэнтэй ойлголцохгүй бол Тавантолгой цааш явахад тун бэрх харагдаж байна. Үндэсний хөрөнгөтнүүдийг ойлгож болно. Өдий хүртэл ёстой л “Тамирын голын мөсийг долоох шахам” цуглуулсан хэд нь Тавантолгой хөдлөөд тэндэрт шалгарсан хэд пуужинд суугаад явчихвал юу ч биш болно. Тэд ийм байдлаар галт тэрэгнээс хоцрохыг хүсэхгүй байгаа. Тэдэнд үнэхээр шударга биш санагдаж байгааг ойлгох хэрэгтэй байх. Тавантолгой бол яаж ч харсан төр зарим нэг компанид давуу эрх олгосон шиг л ойлгогдож байгаа. 

Ийм ч учраас ММС бол үндэсний компани биш, Тавантолгойгоор өөрсдийн тансагласан өрөө төлөх гэж луйвраар тэндэрт яллаа гэх зэрэг мэдээлэл өдөр алгасахгүй гарч, нөгөө Мега төсөл маань нүдэн дээр алсраад явчихлаа.  Энэ тохиолдолд 51 хувь дээр нь олон том компаниуд хамтраад ордог ч юм уу, төслөө задлаад явуулах гэж үзвэл ямар вэ. Эсвэл төмөр замыг салгаад хүсээд байгаа хүмүүст нь өөрсдөө бариад менежмэнтээ хий гээд өгч болохгүй юу. Ер нь энэ том төслийг явуулахын тулд стандарт бус шийдэл гаргаж яагаад болохгүй гэж. Бүх л маргааны шалтгаан болоод байгаа ММС ч уян хатан хандаж, аппетитээ жаахан хязгаарлаад амбицаа жаахан барьвал яасан юм бэ.  Иргэд бидний хувьд хэн нь авах гол биш энэ төсөл хөдөлж, төмөр зам баригдаж эдийн засаг эргэлдэж байх л чухал байна. Дээдсийн толхилцооноос болоод хэдэн жилээр амьдралаа гацаах нь бидэнд хүнд тусч байна.

Та нар минь эвтэйхэн хуваагаад л том бизнесээ авцгаа гол нь эдийн засгийн энэ хиймэл хямралаас иргэдээ гаргаж үз. Ерөнхийлөгч бүгдийг нь дуудаж суулгаад төсөл цааш явахад ямар алхам хийх хэрэгтэй байгааг сонсож хэлэлцэж болно.

УИХ-ын дарга Ерөнхий сайдыгаа дуудаад ямар гарц байгааг ярилцаж шийдэхийн төлөө хамтарч болно. Бусад томчууд ч өөр өөрсдийн ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хангаад гол нь төслөө  цааш явуулъя. Бас үлдсэн жаахан хугацаанд Засаг төрөөрөө оролдож, хоорондоо муудалцвал хараад суух тэвчээр ард иргэдэд хэр үлдсэнийг хэлэхэд хэцүү.  Нэгийг бодож хоёрыг тунгаана уу шийдвэр гаргагчдаа  Гарцгүй зүйл гэж байдаггүй л гэдэг дээ.  


                                                                                                                                   А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж