АНУ-ын Виржини муж улсын Фэрфакс хотод энэ гуравдугаар сарын 8-нд хоёр монгол бүсгүй хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг бид гадны эх сурвалжаас орчуулан мэдээлсэн.
Энэ мэдээлэл Монголын хэвлэлүүдэд өчигдрөөс цацагдсан юм. Гэтэл бүхэл бүтэн хоёр долоо хоногийн өмнө гарсан эл хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газраас өчигдөр тодруулахад ямар ч мэдээлэлгүй байв. Монгол Улсын иргэд амь насаа ч алдаж болзошгүй нөхцөлд, хүчирхийлэлд өртсөн ноцтой асуудлын талаар гадны хэвлэлүүд мэдээлж байхад Монгол Улсын Гадаад хэргийн яамны Консулын газар “Албан ёсны мэдээлэл алга” гэсэн тайлбартай сууж байгааг юу гэж ойлгох вэ.
Нэгдүгээрт, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд тус улсад суралцдаг, 20 орчим насны оюутнууд, хоёрдугаарт тэд АНУ-д суралцах журмаар түр хугацаанд амьдарч байгаа Монгол Улсын иргэд. Өөрийн улсын харьяалалтай дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, сурч буй иргэддээ Монгол Улс анхаарал хандуулах ёстой. Улс хоорондын харилцаа дипломат шугамаар явагддаг ч хэрэг гарснаас хойш 16 хоног өнгөрчихөөд байхад мэдээлэлгүй байж боломгүй санагдана.
Гадны хэвлэлүүдэд мэдээлснээр оюутан охидыг Арлингтон хотноо “Ballston Commons” дэлгүүрт явж байхад нь үл таних эмэгтэй ажлын санал тавьсан аж. Тэд эмэгтэйн санал болгосноор айлын гэр цэвэрлэхээр очоод хүчирхийлэлд өртжээ. Тус хэрэг үйлдэгдсэн Фэрфакс хотын цагдаагийн газраас мэдээлснээр хоёр эмэгтэйн нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдалтай байсан бөгөөд хохирогчдыг эмнэлэгт хүргэж, сэжигтнүүдийг баривчилсан гэнэ. Эндээс харахад хохирогчид амь насаа алдах эрсдэлтэй нөхцөлд байсан байна.
Бүхэл бүтэн хоёр долоо хоногийн өмнө гарсан, Монгол Улсын иргэд хүчирхийлэлд өртсөн хэргийн талаар Гадаад хэргийн яам ямар ч мэдээлэлгүй байна.
2013 оны сүүлээр Малайз улсад Монгол Улсын иргэн хүний наймаанд өртсөн байж болзошгүй байдалтай амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач хүний наймааны золиос болсон гэх мэдээллийг ар гэрийнхэндээ хэдэн өдрийн турш өгч байсан ч Монгол Улсын Гадаад хэргийн яам, цагдаагийн байгууллага тусламж үзүүлж чадалгүй байсаар эцэст нь амиа алдсан.
Мөн 2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын иргэн С.Энхмаа Африкийн Нигери улсын Лагос хотод амьдарч байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэрэг дуулиан дэгдээсэн. Энэхүү мэдээлэл монгол эмэгтэйд тусалсан гадны сүмээс анх олон нийдэд хүрч, интернэтэд бичлэг нь тавигдсаны дараа Монгол Улс анхаарал тавьж, тэр бүсгүй сүмийн хандиваар цуглуулсан мөнгөөр зардал хийн, эх орондоо ирж байсан билээ.
Энэ мэт жишээ захаас аваад бий. Бүр “Хоёр улсын харилцаанд сэв суулгах мэдээлэл цацлаа” хэмээн Монгол Улсын иргэний учир битүүлэг үхлийн шалтгааныг хайсан хэвлэлд хоёр улсын найрсаг харилцаанд сэв суулгана гэх утгатай лүндэн буулгасан ч удаа бий.
“Иргэдийнхээ төлөө ажилладаггүй” гэх шүүмжлэлд байнга өртдөг Гадаад хэргийн яамныхан хэзээд албаны тайлбар хэлж суухаар нүд, чихээ онгойлгох цаг болсон юм биш үү.
Д.СЭРГЭЛЭН