Ц.Элбэгдорж: Хүнд үедээ хойд хөршөө түшдэг

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Хүнд үедээ хойд хөршөө түшдэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 3О-наас ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Шереметьево олон улсын нисэх онгоцны буудалд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Н.Бородавкин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленко, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн нар угтаж авсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэндээсээ Оросын хамгийн том мэдээллийн агентлаг ИТАР-ТАСС-д зочлоод М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн төв байранд оюутан, эрдэмтэн багш нарт лекц уншлаа. Ерөнхийлөгч  энэ удаа “Цаг агаарын өөрчлөлт ба дулаарал” гэсэн сэдвийг сонгосон юм. Цаг агаарын дулаарал хил хязгааргүй, улс орнууд түүнд ижилхэн өртдөг болохыг өнгөрсөн жил ОХУ, Москвад болсон аагим халуун, Монголд учирсан ган гачгаар жишээлэн хэллээ. Өнгөрсөн жил Копенгагенд 130 орны төр, засгийн орны тэргүүн цугларч цаг агаарын өөрчлөлтийн сэдвээр чуулсныг сануулж байв. Түүхэнд анх удаа хамгийн олон орны тэргүүнүүд чуудсан нь тэр юм. " Орос, Монгол хоёр орон  уул, усаар холбогдсон хөрш орнууд. Тухайлбал, өнгөрсөн жил би орос нөхдийн хамт Байгаль далайн 438 метрийн гүнд шумбасан. Тэгвэл Байгаль далайн усны нөөцийн 70 хувийг Монголоос эх авдаг голууд бүрдүүлдэг. Монголын газар нутгийн бараг 70 хувь цөлжих хандлагатай болсон. Иймд цаг агаарын өөрчлөлттэй нийтээрээ тэсцэх хэрэгтэй байна" гэж Ерөнхийлөгч хэллээ.

Мөн Орос, Монголын бизнесийн форумд оролцогчдод хандан үг хэллээ. “Монголчууд хоёрхон хөрштэй, итгэж болох орноор манай дийлэнх иргэн ОХУ-ыг нэрлэдэг. Монголчууд хамгийн хүнд хэцүү үедээ хойд  хөршөө түшдэг. Сансрын уудамд ч, далайн гүнд ч, энхийн цагт ч, дайны талбарт ч бид хамт байсан. Бид үүрдийн хөршүүд. Бид энэ газар нутгаас нүүдэллэхгүй.

Өнгөрсөн жил УИХ-аар төмөр замын бодлогыг хэлэлцсэн. Түүгээр дийлэнх гишүүн өргөн царигтай төмөр замыг сонгосон. Төмөр замын гэрээ 1949 оноос хойш шинэчлэгдсэнгүй. Энэ хооронд ОХУ төмөх замдаа олон шинэчлэлт хийсэн. Бид ч хувь нийлүүлсэн УБТЗ-д орчин үеийн шаардлага хангасан өөрчлөлт хийхийг хүсч байна. Монголын нефть бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ бага. Нэг сая тонн нефть бүтээгдэхүүн байвал жилийн хэрэгцээ хангалттай. Одоо газар тариалангийн ажил эхэлж байна. Уул уурхайн ажил шатахууны хомсдлоос болж зогссон. Манай иргэд Ерөнхийлөгчийн  айлчлалыг харж байна” гэж Ерөнхийлөгч хэлсэн юм.

Бизнесийн форумын үеэр Монголын “Тайж” групп, ОХУ-ын Бурятмясопром компани хамтран Монголд лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр монгол малын махыг шууд газар дээр нь боловсруулан экспортлох юм.

Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Засгийн газрын тэргүүн В.Путин нартай уулзаж Холбооны Хурлын Холбооны зөвлөлөөр орно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев нар өргөтгөсөн хэлэлцээ хийж, Монгол Оросын харилцаа хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Мөн ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Грызлов, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч А.П.Торшин нартай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцох иөлөвлөгөтэй байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж