Барбадос төрийн тэргүүний статусаа өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Барбадос төрийн тэргүүний статусаа өөрчилнө

 

Карибын тэнгис дэх арлын Барбадос улс  төрийн тэргүүний статусаа өөрчлөхөөр төлөвлөж байна. Британийн хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг Барбадос улс төрийн тэргүүн нь одоогоор Нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет юм. Харин Барбадосын тусгаар тогтнолын 50 жилийн ойг тохиолдуулан ирэх оны арваннэгдүгээр сард төрийн тэргүүнээр ерөнхийлөгчийг зарлаж, бүгд найрамдах засаглалд шилжихээр төлөвлөжээ. Энэ тухай 300 мянга орчим хүн амтай Барбадос улсын ерөнхий сайд Фрюндел Стюарт мэдэгдэв. Харин Букингемийн ордоны төлөөлөгч “Энэ бол Барбадосын засгийн газар, ард түмний мэдэх хэрэг” гэсэн байр суурь илэрхийлжээ. Барбадосын төрийн тэргүүн хатан хаан байх нь тогтвортой байдлын бэлэгдэл гэх боловч залуус үүнийг хоцрогдсон гэж үзэх болжээ.

 

“Бага Англи” гэж алдаршсан арлын орон 1966 онд Их Британийн колоничлолоос тусгаар тогтнолоо зарласан аж.  Өмнө нь Британийн колони байсан Карибын тэнгисийн орнуудаас Доминик, Тринидад, Тобаго арлын улсууд бүгд найрамдах засаглалд шилжсэн байна. Харин Барбадос, Ямайк улсын төрийн тэргүүнээр Нэгдсэн вант улсын хатан хаан хэвээр үлджээ. Өмнө нь 2012 онд Ямайкийн ерөнхий сайд Портиа Симпсон Миллер хаант засаглалаас татгалзах санаачлага гаргасан боловч дэмжлэг аваагүй аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж