Манай Монголчуудын нилээдгүй нь цээжний мөнгөтэй юм шиг байгаа юм. Би ч хүн хэлэлтгүй. Дотроо нэмж хасч, үржүүлж хувааж тооцоод, хожим нь алдаатай тооцоо хийснээ мэдэж өөрөө өөртөө дүгнэлт хийх явдал тохиолдож л явлаа. Нэг үеэ бодвол манай бизнесийн салбарыхан чинь аль нэг ажил эхлүүлэхдээ их тооцоо судалгаатай хөдөлдөг болсон шиг байгаа юм. Гэхдээ улс орныхоо хэмжээнд бүхэлд шинжиж харвал улс орон маань ч цээжний тооцоотой яваад байгааг харж болно. Татвар төлөгчдийн мөнгийг шинэ сайдын үзэмжээр шийдэж зарцуулах, сонгуулийн ялалтыг нам руугаа татах, тойргоо хөгжүүлсэн нэрээр сангийн хөрөнгийн тарамдуулах, аахар шаахар засвар хийх, тоног төхөөрөмж авах зэрэг учир утгагүй зарцуулалтуудыг харахаар миний түрийвчин дэх биш хэрнээ хайран санагдах нь олонтаа. Эдгээр үрэлгэн зарцуулалтын задаргааг үзвэл ном ёсоороо байдаг бололтой юм шиг байгаа юм. Яагаад гэвэл АТГ-ын шийдвэр хаашаа эргэдгийг бүгд мэдэх хойно, илүү тайлбар энд илүүц. Хэн дуртай нь сангийн мөнгөнөөс дуртай хэмжээгээрээ савардаж байна гэдэг, манай улс урт хугацааны тогтвортой бодлогогүй, дөрөв дөрвөн жилийн сонгуулийн өнгөн дээр монгол түмний ажил амьдрал төвөргөөн дундуур тонгочиж өнгөрдгийн нэг илрэл юм даа.
Цээжний мөнгө

Ч. Болорчулуун
2015-03-24