“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбаттай компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн санхүүгийн байдал ямар байна вэ. Сүүлийн үед хэвлэлээр танай компанийн нийт өр 850 гаруй тэрбум төгрөгт хүрлээ гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Танай компани өнөөдрийн байдлаар Чалко болон арилжааны банкуудад хэчнээн ам.долларын өртэй байна вэ?
-Манай компанийн хувьд өр нэмэгдээд хүндэрсэн асуудал гараагүй байна. Харин анх 2012 онд өр, зээлийн асуудал ихээхэн хүнд, бүх зээлүүд хугацаа хэтэрсэн, алданги, торгуульд орсон байсан. БНХАУ-ын “Чалко Трэйдинг Хонконг Лимитэд”/Чалко/ компаниас авсан нүүрсний борлуулалтын урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.доллараас 218,3 сая ам. доллар, дотоодын банкуудаас 95,1 сая ам.доллар нийт 313.5 сая ам.доллартай тэнцэх 416.0 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд төвлөрүүлэн иргэдэд тараасан түүхтэй. Тэгэхээр энэ Чалко компанийн урьдчилгаа төлбөр компанийн нүүрс олборлох, борлуулах үйл ажиллагаанд зарцуулагдаагүйн дээр хугацаандаа төлөгдөөгүй улмаас үүссэн хүү, торгуулийн хамт бид хүлээн авсан. Тухайн үед ам.долларын ханш 1350-1390 төгрөг байхад компанийн өр, зээл 750 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байсан. Дээрх хугацаа хэтэрсэн өр төлбөр, зээлийг төлөх зорилгоор Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авч, арилжааны банкуудын өмнөх зээл, торгууль, дотоодын туслан гүйцэтгэгч компаниудын өр төлбөр төлсөн бөгөөд нэмж 50 сая ам.долларын зээл авч эргэлтийн хөрөнгөтэй болсноор зээлээ бид цаг хугацаанд нь ямар нэг асуудалгүй эргэн төлөөд явж байна. Энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд арилжааны банкуудаас 2012-2014 оны хооронд Голомт банкнаас 32 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкнаас 45 сая ам.доллар, Хас банкнаас 8 сая ам.доллар, ХААН банкнаас 35 сая ам.долларыг тус тус зээлсэн. Дээрх зээлийн хөрөнгөөр 2012 онд 2,5 сая тн, 2013 онд 5,3 сая тн, 2014 онд 4,5 сая тн нүүрс олборлосон бөгөөд 2014 онд 5,7 сая тонн нүүрс экспортлосон. Одоогийн байдлаар ХААН банканд 15,6 сая ам. долларын зээлийн үлдэгдэлтэй бөгөөд бусад арилжааны банкуудын зээлийг бүгдийг хугацаанд нь төлсөн. Чалко компанийн өрөөс бид хүүнд 49,5 сая ам.доллар, торгуульд 35,83 сая ам.доллар төлсөн бөгөөд одоо 133,1 сая ам.долларын өртэй байна. Өр төлбөр, зээл хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өр төлбөр гэдэг бол энгийн үгээр хэлэхэд төлөх хугацаа нь хэтэрсэн зайлшгүй төлөхөөр тулгамдсан төлбөрийг хэлнэ. Зээлээр ямар нэг ажил үйлчилгээг явуулахад санхүүжилт хийгээд тодорхой хугацааны дараа ашиг, орлого авчирдаг. Тиймээс одоо манай компани 133,1 сая ам.доллар буюу 252,7 тэрбум төгрөгийн өртэй гэж хэлж болно.
-Банк бол итгэлцэлийн байгууллага. Зээл хүссэн компани болгонд хувийн банкууд зээл өгдөггүй. Эрсдлээ бодоод тодорхой шалгуур давсан компанид л зээл олгодог. Тэгэхээр танай компани зээл олгосон дээрх банкуудын зээлийг хугацаанд нь төлөөд дуусч байгаа гэнэ. Зээлийн хүүгийн төлбөрт хэчнээн төгрөг төлөөд байна вэ?
-Манай компанийн хувьд Монгол Улсын томоохон арилжааны банкуудаас зээл авч, хүлээсэн үүргээ хугацаандаа төлж гүйцэтгэж ирсэн, үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ахиц гарч байгаа зэргээс шалтгаалж зээл олгож, хамтран ажиллах хүсэлтэй банкууд олон байдаг. Дээр дурьдаж хэлснээр арилжааны банкуудын 126,2 сая ам.долларын зээлийг хугацаанд нь бүрэн төлөөд дээр нь зөвхөн зээлийн хүүнд 13,69 сая ам.доллар /26,6 тэрбум төгрөг/, ханшийн зөрүүгийн алдагдалд 17,97 сая ам.доллар /34,9 тэрбум төгрөг/ төлөөд байна. Мөн Хөгжлийн банкны зээлийн хүүнд 31,49 сая ам.доллар төлсөн.
-Анх энэ компанийг хүлээн авахад үүсээд байсан санхүүгийн нөхцлийг өнөөдрийнхтэй харьцуулахад танд ямар дүр зураг харагдаж байна вэ?
-Ерөөсөө анх өр, зээлийн хувьд хугацаа хэтэрсэн, алданги, торгуульд орсон, үйлдвэрлэл, борлуулалт зогсонги байдалтай, эргэлтийн хөрөнгийн дутагдалтай компанийг бид хүлээн авсан. Энэ нь тухайн үед аудит хийсэн байгууллагын дүгнэлтээр нотлогдож байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед Зүүн Цанхиас олборлолт борлуулалт хийдэг, энэ нь зөвхөн Чалко компанийн өрөнд суутгагддаг ихээхэн хүндхэн дүр зураг л харагдаж байсан даа. Одоо Баруун Цанхийн уурхайг ашиглалтанд оруулж үйлдвэрлэл, борлуулалт явуулснаар санхүүгийн нэмэлт эх үүсвэр олох боломжийг бүрдүүлж, жил ирэх тусам, үйлдвэрлэл, борлуулалт өсөн нэмэгдэж байгааг харж болно.
-Өнгөрсөн онд нүүрсний зах зээл хүндхэн байсан ч танай компани манай улсын уул уурхайн компаниудаас хамгийн их буюу нийт 5.7 сая тонн нүүрс экспортлосон. Энэ хэрээр санхүүгийн байдал ч сайжирсан байх. Өнөөдрийн байдлаар хэчнээн худалдан авагчдад хэдий хэмжээний нүүрс экспортлоод байна вэ?
-Өнгөрсөн 2014 онд 28 компанитай 10 гаруй сая тн нүүрсний гэрээ хийсэн боловч дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ огцом унаснаас болж, 10 гаруй байгууллагад 5,7 сая тн нүүрс борлуулж, улсын хэмжээнд хамгийн их борлуулалт хийсэн компаниар шалгарсан. Одоогийн байдлаар 5 компани гэрээ байгуулаад хамтран ажиллаж байна.
-Дээрх худалдан авагчдад нийлүүлж буй нүүрсний бодит орлогыг мөнгөн дүнгээр тооцвол танайх хэчнээн төгрөгийн ашигтай ажиллав?
-Манай компани 2013 онд 2,1 сая тн нүүрс борлуулж, 156,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17,5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5,7 сая тн нүүрс борлуулж, 400,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 28,5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилт үзүүлээд байна. Нүүрсний үнэ өнгөрсөн онд 30 гаруй хувиар унасан ч манай хамт олон экспортоо 280 хувь нэмэгдүүлж, сайн ажилласан гэдэг нь дээрх байдлаас харагдаж байна.
Э.ДӨЛГӨӨН