Амины сууцны дулаан алдагдлыг бууруулах нэг цонхны үйлчилгээг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Амины сууцны дулаан алдагдлыг бууруулах нэг цонхны үйлчилгээг бий болгоно

“Эм Ай Эйч” групп болон “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” гэр хорооллын амины сууцны дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд гэр хорооллын иргэд сууцныхаа дулаан алдагдлыг хэмжүүлэх, байшингаа дулаалуулах техникийн болон санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байна.

Монголд анх удаа хувийн хэвшлийн санаачлага, хөрөнгө оруулалтаар уг нэг цонхны үйлчилгээний санхүүжилт, эргэн төлөлт зэргийг багтаасан багц үйлчилгээг боловсруулж туршихаар болжээ. Түүнчлэн талууд бага, дунд орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон иргэдэд хандсан төрийн дэмжлэгийн боломжит хэлбэрүүд,  төр хувийн хэвшлийн түншлэлийн схем зэргийг хамтран хэрэгжүүлж, иргэд бага зардлаар дулаан алдагдлаа бууруулах боломж бүрдэж буй хэрэг юм.

Хамтын ажиллагааны үр дүнд гэр хорооллын амины сууцны дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн урт хугацаанд тогтвортой, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх санхүүгийн болон техникийн хосолсон шийдлийг бий болгож байна. Үүний үр дүнд нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах нөхцөл бүрдэнэ гэж оролцогч талууд онцоллоо. Энэхүү “нээлттэй” төсөлд хүссэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага бүр оролцохыг зохион байгуулагчдын зүгээс урьж байгаа ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж