Монгол-БНХАУ-ын тоглолт энэ долоо хоногт болно

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Монгол-БНХАУ-ын тоглолт энэ долоо хоногт болно

-Монгол-БНХАУ-ын тоглолт гуравдугаар сарын 27-ны өдөр болно-

Монголын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт өнгөрөгч долоо хоногт хийсэн билээ. Үндэсний шигшээ баг Зүүн Тиморын багт 2:0 (4:1, 1:0) онооны харьцаагаар хожигдож, дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй болсон. Тэгвэл 22 хүртэлх насны залуучуудын шигшээ баг энэ долоо хоногт чухал тэмцээнд оролцохоор Лаос улсыг зорилоо.

2016 онд болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын “J” хэсгийн тоглолт Лаос улсад болох юм. Тэмцээн Лаос улсын нийслэл Вьентьян хотын төв цэнгэлдэхэд энэ сарын 27-31-ний өдрүүдэд болно.

Азийн 43 улсын баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн 10, дэд байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 улсын баг ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм.

“J” хэсэгт БНХАУ, Лаос, Сингапур, Монгол улсын багууд багтсан. Манай шигшээ баг ирэх баасан гаригт буюу энэ сарын 27-ны өдөр БНХАУ-ын багтай тоглох юм. Улмаар 29-д Лаос, 31-нд Сингапурын багтай тоглоно.

Монголын залуучуудын шигшээ багийн ахлагчаар МХБХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Буман-Учрал, ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубын дасгалжуулагч, спортын мастер Д.Батнасан, туслах дасгалжуулагчаар мөн клубын тоглогч З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар спортын мастер Ш.Баянжаргал нар ажиллаж байна.

Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 23 залуу тоглогчид багтсан бөгөөд тэдний дунд Монгол-Зүүн Тиморын тоглолтод оролцсон зургаан тамирчин багтжээ. Тодруулбал М.Төгөлдөр, А.Цолмон, А.Улсболд, Г.Гандэлгэр, Б.Төгсбилэг, С.Гал-Эрдэнэ нарын тамирчид 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Үндэсний шигшээ багт багтан тоглосон байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж