Тавантолгой төслийн хэлэлцээр гацаанд орж, Оюутолгойн төслийн хоёрдугаар үе шат хэрэгжих эсэх нь эргэлзээтэй, гадаадын шууд хөрөнгө оруулалт 0 зааж, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хэлдгээр МАН-ынхны суусан машины шар гэрэл нь анивчсаар байтал байшингийн хэрүүл төдийхөн л хийж суух юм.
Тусгаар тогтнолын ордон барихад төсвөөс зарцуулсан 11 тэрбум төгрөгийг тус намаас гаргуулбал түйвээх бололтой.
Мөн Сонгуулийн хуульд хийх өөрчлөлтийг МАН-ын зохиолоор бичихгүй бол Засгийн газраас гарах тухай яриа дуулдах болжээ. Үүнийг Удирдах зөвлөл, Бага хурлаа зарлаад л шийдчих аж. Том байгаа биз… Зүй нь бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад тодорхой судалгаа шаардлагатай. Түүнээс намын жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгодог байх нь оймсонд хавчуулагдаж орж ирэх хүний тоог олон болгох нь гэдгээр асуудлыг мухарлавал дэндүү өрөөсгөл үзүүлэлт болно.
Нам сонгуульд нэр дэвших гишүүндээ өндөр шалгуур тавьж чадвал өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн алдаа засагдах боломж бий. Гэвч МАН тойрогт том орон зай өгөх нь удирдлагуудынх нь байр сууриас нэгэнтээ тодорхой боллоо.
Ардчилсан нам ч бултахын аргагүй гэрээ байгуулчихсан нь бас үнэн. Уг нь улсаа боддог улс төрийн хүчин бол пропорцианаль тогтолцоог тууштай хамгаалж, хувийг нь нэмэгдүүлж чаддаггүй юм аа гэхэд багасгахгүй байх ёстой. Монголчууд өнгөрсөн хугацаанд аймгаараа, сумаараа, жалга довоороо, фракциараа талцаад ямар үр дүнд хүрсэн юм бэ… Популизмыг л өдөөсөн. Оюутолгой, Тавантолгой, төмөр зам төслүүд урагшлаагүй нь сонгуулийн тогтолцоондоо хожимдож пропорцианаль хувилбар оруулсантай ч холбоотой байж мэдэх юм. Энэ бүхнийг УИХ суурьтай судлах ёстой. Алийн болгон УИХ дээр тойрог ярьж жижигрэх юм бэ?. Энэ жижигхэн сэтгэлгээ улсыг “алж” байна, үнэндээ. Одоо урагшаа харж амьдрахгүй бол эдийн засгийн нөхцөл байдал өмнөх Засгийн газрынхаас ч хүндэрлээ. МАН-ын Засгийн газарт хамтарсны гол зорилго юу билээ. Улсаа эдийн засгийн хямралаас хохирол багатай гаргах болохоос Тусгаар тогтнолын ордонтой үлдэх эсэх тухай биш шүү дээ. Татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг барагдуулсангүй гээд Тусгаар тогтнолын ордонг авна л биз. Улс орон хямралаас гарч, хөл дээрээ зогсож чадвал намын байр дэргэд нь жижигдэнэ. Хамтрал хямдхан байж болохгүй.
Сонгуулийн хуульд хийх өөрчлөлтийг МАН-ын зохиолоор бичихгүй бол Засгийн газраас гарах уу?
Засгийн газрын 100 хоног бол МАН хамтарсан гурван сарын хугацаанд монголчуудын амьдрал дээрдсэн эсэхийг тольдох нэг үзүүлэлт.
Саяхан Сангийн сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Валютын урсгалыг нэмэхгүй бол энэ онд төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум ам.долларт хүрч мэдэх нь. Гэтэл төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай, татварын орлого эхний хоёр сарын байдлаар өмнөх оныхоос 30 орчим хувиар тасарсан, Засгийн газрын гаргасан бондын хэмжээ 3 их наяд төгрөгөөр яригдаж байна. Долларын ханш бүр нисээд өгсөн. Энэ нь инфляци өсөхөд нөлөөлж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн хоёрдугаар сард инфляци 0.4 хувиар өссөн нь өмнөх оны жилийн эцсээс 1.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсчээ. Хаа очиж, монголчууд их тайван улс юм даа. Бусад оронд бол бужигнуулж өгөө байлгүй. Учир нь инфляци тухайн улсын эдийн засгийг хэмждэг халууны шил л гэсэн үг. Онолоороо инфляци 10-аас дээш хувийг заавал иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг үгүй хийдэг . Урт хугацааны хөрөнгө оруулалтыг ч үргээх эрсдэл бий. Ийм тодорхой эрсдлүүд өмнө хүлээж байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцуулах сарын мэдээ дохиолох атал ганц байшин яриад сууж таарах уу.
Төслүүдээ хөдөлгөх талаас ажилла л даа, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол эдийн засаг сүйрлээ. Хүлээх цаггүй боллоо. Эрх баригч хүчнээ шахаж шаардаад хамтраад ажлаа хий л дээ. Хэдий болтол Алтан загасны үлгэр ярьж суух юм бэ?.
Г.ДАРЬ