Английн хамгийн агуу хоёр баг болох “Ливерпүүл” болон “Манчестер Юнайтед”-ын тулаан өчигдөр боллоо. “Ливерпүүл” клубын талбай болсон энэхүү тоглолт “Улаанууд”-ын амьд домог Стевен Жерардын оролцож байгаа хамгийн сүүлчийн агуу тулаан байсан юм.
Харамсалтай нь энэ тоглолтод Жерард хоёрдугаар үеийн эхэнд сэлгээгээр орж ирэнгүүтээ ердөөн ганцхан минутын дотор улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн нь түүхэнд бичигдэхээр дуулиантай үйл явдал болсон юм. Ийнхүү хүн дутуу үлдсэн “Ливерпүүл” хэчнээн сайн тоглоод ч тоглолтын үр дүнг эргүүлж чадсангүй.
Учир нь тоглолтын 14, 59 дэх минутад Хуан Мата хоёр гоол оруулж, “Юнайтед” илүүрхэж байсан юм. Гэхдээ “Ливерпүүл” бууж өгөөгүй. 69 дэх минутад Старриж гоолдож, багтаа итгэл найдвар авчирсан.
Харамсалтай нь тэд үлдсэн минутад хүн дутуутайгаар хүчирхэг багийн эсрэг дахин гоол оруулна гэдэг амаргүй даваа байлаа. Ийнхүү “Манчестер Юнайтед” хожсоноор 59 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин “Ливерпүүл” 54 оноотойгоор тавдугаар байртаа хэвээр үлдлээ.
Эх сурвалж: www.mminfo.mn