Газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг сүүлийн хэдэн сар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай үзэлцэж буй.
Олон жилийн өрийг нь урамшууллын мөнгөнөөс суутгасанд уурласан тэрбээр "Дахиж хэзээ ч тариа тарихгүй" хэмээн бухимдаж байсан удаатай.
Хөдөө аж ахуйн салбарын шинэ сайд Р.Бурмаа ч мөчөөгөө өгөлгүй гүрийж, "Цаашдаа чанар сайтай улаан буудайнд зөвхөн урамшуулал өгнө" гэж тэднийг “айлгасан”.
Гэтэл салбараа хөмөрчих шахам маргалдаад хэсэг намжсан Газар тариаланчдын үл ойлголцол тариалангийн ажил эхлэхтэй зэрэгцэн дахин амилжээ. Л.Чинбат, Л.Цандэлэг нарын Газар тариалангийн холбооныхон энэ удаа ЗГХЭГ-ын даргаС.Баярцогтыг онилжээ.
Ядаж байхад С.Баярцогт нь itoim.mn сайтад өгсөн ярилцлагаа өдөр тутмын бүх сонингуудад нүүр, нүүр давуулан төлбөртэй тараасан нь нөлөөсөн үү, Л.Цандэлэг ноёнтны уурыг хөдөлгөсөн нь илт. Тэрбээр твиттер хуудаснаа С.Баярцогтыг шүүмжлэн жиргэсэн нь олон хүний анхаарлыг татлаа. Харин түүний бичсэнийг завгүй сайд маань олж хардаг л байгаа даа.
Баярцогтыг би муу хэлэхгүй, сайн хэлэхгүй, амиа хичээсэн хүн адилхан зовж байж ШБОС оо нуугаад л гах гах гах ганцаараа л
Би 25 жил тариа тариад өрөөс өрийн хооронд нисч, Баярцогт надаас бага тариад Сүлжээ ресторан хийгээд ашиг өндөр гээл ?!
Сэлэнгээс сонгогдоод Тариаланчдаа тоохгүй ганцаараа ашигтай ажиллаад байгаа Тэргүүн туршлагаа хуваалцаачээ Баярцогтоо….?
Гэнэт л дороос нь өвс хатгасан аятай хэдэн жил чимээгүй явснаа хэвлэлд жигтэйхэн хайртай болсон С.Баярцогт өнөөдөр “Цензургүй яриа”-нд орохоор болсон гэх. Түүний яриа Л.Цандэлэг ноёнтны уурыг дахиад хөдөлгөж магадгүй л юм.
Ямартай ч Р.Бурмааг онилсон тариаланчдын тэмцэл энэ удаад С.Баярцогт руу шилжив. Л.Цандэлэгийн хувьд өөрөөс нь бага тариалангийн газартай С.Баярцогт тэрбум, тэрбумын ашиг олж байгаа нь нэг ШБОС олчихоод нуугаад байна гэж үзэж буй аж. С.Баярцогт адилхан тариаланч хүн байна даа, өрөнд орж өтөнд баригдсан нэгэндээ ШБОС-оо хэлээд өгчихгүй дээ.
М.ЯЛАЛТ