Дональд Трамп 1946 зургадугаар сарын 14-нд Фрэд Трампын гэр бүлд төржээ. Түүний эцэг нь америк бол эх Мэри Анн нь шотланд гаралтай бүсгүй. Тэд эцэг эхээс ах, дүү тавуулаа. Трампын бизнес ухаан эцгээсээ улбаатай. Гэхдээ тэр хэрээс хэтэрсэн сахилгагүй хүүхэд байжээ. Ээж Мэри Анн “Трамп бага байхаасаа л Фрэд бид хоёрын чихийг маш их халууцуулдаг байж билээ. Энэ байдал нь Фрэдийг залхааж, Трампыг Нью-Йоркийн цэргийн сургуульд явуулахаар болсон. Нэг өдөр энэ талаар түүнд хэлтэл огтхон ч тоосон шинжгүй “Яасан ч яах вэ” гэдэг байгаа” хэмээн 1998 онд нэгэн телевизийн шоу нэвтрүүлгээр ярьж байжээ.
Дональд Трампыг баян хүн гэдгийг дэлхий нийт андахгүй. Харин яаж яваад ийм болсон нь сонирхол татам түүхтэй. Түүний эцэг Фрэд үл хөдлөх хөрөнгийн худалдаачин байжээ. Эцэг нь 1962 онд Трампыг оюутан байхад нь үл хөдлөх хөрөнгө заруулж эхэлсэн гэдэг. Түүний анхны ашиг нь нэг сая ам.доллар. Энэ тухайгаа хожим тэрбээр “Би аавтайгаа 5.7 саяын Свифтон хотхоныг 1962 оноос 1972 оны хооронд 6.75 саяар зараад маш их урам орж билээ” хэмээн дурссан байдаг. АНУ-д 1989 оны эхээр эдийн засгийн хямрал нүүрлэж үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж эхэлжээ. Хямралд өртсөн бизнесмэнүүд үл хөдлөх хөрөнгийнхөө үнийг буулгаж байхад Трамп ганцаараа л үнээ нэмдэг байв. Яагаад. Урсгалыг сөрж үзэхийг хүсэв үү, эрсдэлд дурлав уу гэдэг нь ойлгомжгүй. Ямар ч байсан ашиггүй ажиллаж бүр алдагдалд орж, үл хөдлөх хөрөнгийн үнэ хэзээ тогтворжих нь мэдэгдэхгүй байхад Трамп л ганцаараа зах зээлийн хуулийг сөрж байсан юм. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн үнэ дахин өсч ашгаа өгнө гэдгийг тэвчээртэй хүлээлэг аж. Бас тэр өөрийнхөө мэдрэмжинд найдаж байлаа. Тухайн үед Америкийн бизнесмэнүүд Трампыг тэнэг мангараар нь шоолж байсан гэдэг. Гэвч тэр ялсан. Үнэхээр хэдхэн жилийн дараа үл хөдлөх хөрөнгийн үнэ “тэнгэрт хадаж”, “Трамп” хэмээх шинэ бас хүчтэй брэнд мэндэлсэн юм.
Тэрбээр өөрийнхөө тухай ярихдаа “1968-1989 он бол миний бизнесийн гүйлгээ ухаан төлөвшсөн үе” гэсэн байдаг. Уг нь Трамп анхны ашиг болох нэг сая ам.долларыг олсоныхоо дараа 1971 онд Манхеттан руу нүүсэн нь хожим эдийн засгийн нарийн ухаанд суралцахад нь дөхөм болсон аж. Тэр хэсэг хугацаанд хүмүүсийн эзэмшил газрын маргааныг шийдвэрлэдэг байв. Мэдээж энэ бүхэн хуулийн дагуу. “Коммодор” зочид буудлын шинэ сүлжээ болох Гранд Хяатыг дампуурлаас аварсан талаар тухайн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Мөн үл хөдлөх хөрөнгийн жижиг гэлтгүй бүх төсөл дээр гар бие оролцон ихийг амжуулж байжээ.
Дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэсэн 1989 онд бизнесмэнүүд зээлийн эргэн төлөлтөөс үүдэн ээлж дараалан дампуурч байлаа. Хямрал түүнийг ч тойроогүй бөгөөд Таж Махалын казино нь 1991 оны аравдугаар сард дампуурахаас өөр гарцгүй болов. Гэвч тэрбээр казиногийнхоо 50 хувийг бусдад зээл хэлбэрээр олгох шийдвэр гаргажээ. Мэдээж хэзээ ашиг олох нь тодорхойгүй, хямрал дөнгөж эхэлж байхад ийм шийдвэр гаргасан нь хачирхалтай үйл явдал байлаа. Тэр үеийн сонинуудын гол дуулиан бол “Трампын гажигтай үйл явдлууд”-ын тухай байв. Байдал хэцүү байсан ч тэр олон саяын зарлага гарган байж хэдхэн жилийн дараа мөнгөө эргүүлэн олж авч чаджээ. Бүр ашиг гаргасан гээд бод доо.
Түүний хүсэл мөрөөдөл байнга өөрчлөгдөж байдаг. Шинэ содон зүйл хаана байна тэр болгонд саналаа дэвшүүлж, илүү шинэлэг зүйл хийхийг хүсдэг байв. Ер нь зөвхөн АНУ, Европ гэлтгүй Ази болон далайн орнуудад түүний агуу нэрийг залсан “Трампын цамхагууд” ээлж дараалан баригдсаар л байлаа. Энэ бол түүний гайхалтай түүх. Тэр зөвхөн бизнесийн ашиг олдог төдийгүй өөрийнхөө нэрийг брэнд болгож чадсан юм. Трампын цамхагт үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компанийн нэр хүнд өсдөг жишгийг ч тогтоож чадсан. Мөн Трампын цамхагт амьдарна гэдэг ч нэр хүндийн хэрэг. Тиймээс дэлхийн баячууд зөвхөн Дональд Трампыг л сонгодог болов. Учир нь Дональд Трамп бол брэнд. Түүний өмссөн хувцас, унаж байгаа машин, тэр бүү хэл идсэн хоол нь ч брэнд болон хувирдаг болсон юм. Магадгүй өв залгамжлагч нар нь ч Трамп гэдэг нэрийг ашиглуулсныхаа төлөө асар их ашиг олж сайн сайхан амьдрах боломж өдрөөс өдөрт нээгдэж байна.
Өнгөрсөн онд Дональд Трамп гэнэтийн мэдэгдэл хийж дэлхийг алмайруулав. АНУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлав. Хүмүүс түүнд хандаж хамгийн түрүүнд “Та Ерөнхийлөгч болж яах гэж байгаа юм бэ. Одоогийн Ерөнхийлөгч таны сэтгэлд нийцэхгүй байна уу” гэсэн асуулт тавьсан. Харин тэрбээр “Б.Обама нийгмийн даатгалын хуулийг шинэчилсэн гэж яриад байгаа. Харин энэ бол АНУ-ын ард түмнийг хуурч байгаа хэрэг юм. Учир нь би энэ хуулийн өөрчлөлтийг Халамжийн хууль гэж ойлгож байгаа. Хүмүүс ажил хийхгүй зүгээр л мөнгө авна гэж юу байдаг юм бэ” гэжээ. Мөн одоогийн Ерөнхийлөгч Б.Обамаг “Түүнийг хаанаас гарч ирснийг хэн ч мэдэхгүй. Би энд амьдарч байсан муж, ажиллаж байсан газар, намын харъяаллынх нь тухай яриагүй байна. Би Б. Обамагийн төрсний гэрчилгээг үзмээр байна. Түүнийг АНУ-ын иргэншилтэй гэж хэн батлах юм бэ” хэмээн NBS-TV сувгаар ярьсан байна. Гэвч энэ сарын 16-нд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Дахиад л Трампыг тойрсон гайхшрал, дуулиан шуугиан. “Хачирхалтай ч гэсэн түүнийг нэр дэвшсэн бол америкчуудын талаас илүү хувь нь дэмжих байсан” гэх таамаг хөвөрсөөр… Арга ч үгүй байх. Яагаад гэвэл тэр бол Дональд Трамп шүү дээ. Тэр яаж дуулиант амьдралаас хол байх билээ.
Тэрбээр өнгөрсөн жил BBC агентлагт “Хүсэл мөрөөдлөөс гадна хичээл зүтгэл намайг брэнд болгосон. Би өнөөдөр аавдаа ямар их баярлаж явдгийг та бүхэн гадарлахгүй байх. Миний одоогийн бүх зүйл, аавын минь надад үлдээсэн цорын ганц үнэлж баршгүй өв юм” гэж ярьсан юм. Түүний хувьд юм болгоныг сөрөх мэдрэмж үнэхээр агуу гэдгийг бизнесийн салбарынхан дуу нэгтэй баталдаг билээ. Энэ бол дэлхийд гайхагдсан брэндийн, Дональд Трампын туулж ирсэн амьдрал, түүний түүх билээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин