Дэлхийн ур чадварын олимпод Монголоос оролцох багийн гишүүд тодорсоор байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн “Монгол ур чадвар-2015” тэмцээний ялагчид Бразилийн Сан Паулуд ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Ур чадварын 43 дахь олимпод дэлхийн 71 орны үе тэнгийнхэнтэйгээ эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдөх юм. Одоогоор цахилгаан, өрлөг угсралт, хавтанцар наах, токарь, тогоочийн мэргэжлээр өрсөлдөх залуус тодорсон. Ирэх долоо хоногт мужаан, гагнуур, үсчин, гоо заслын мэргэжлээр Бразил явах залуусын нэр тодорхой болох юм. Өнгөрсөн баасан гаригт “Монгол ур чадвар-2015”-ын тогоочийн мэргэжлээр дэлхийд өрсөлдөх оролцогчийг шалгаруулах тэмцээн Монголын хоол урлахуйн нийгэмлэгийн байранд болсон юм. Тэмцээнд “Монгол ур чадвар-2014”-өөс шалгарсан Техник технологийн дээд сургуулийн тогоочийн хоёрдугаар ангийн Бат-Оюуны Мөнх-Эрдэнэ, Технологийн дээд сургуулийн Мэргэжлийн боловсролын салбарын тогоочийн хоёрдугаар ангийн Цэрэндоржийн Билгүүн нар Бразилийг зорих эрхийн төлөө “тулалдлаа”. Уг тэмцээнийг Монголын зочлох үйлчилгээний холбоо голлон зохион байгуулсан бөгөөд оролцогчдын мэргэжлийн ур чадварыг сорих даалгаварыг англи хэл дээр өгснөөс гадна шүүгчдийн бүрэлдэхүүнийг ч дан гадны тогооч нараар бүрдүүлжээ. Мөн тэмцээнийг хэр шударга зөв явж буйг ажиглах хөндлөнгийн ажиглагч нарыг ч урьсан байлаа. Тэмцээн өдөр 12:00 цагт эхэлсэн. Оролцогчид үндсэн гурван даалгавар биелүүлэх ёстой байсан бөгөөд даалгавар бүрийг гүйцэтгэх хугацааг ч нарийн тогтоосон. Тэдний эхний даалгавар үхрийн махаар бэлтгэх үндсэн хоол, хоёр дахь нь ногооны салаат, харин гурав дахь нь өгсөн материалаар өөрийнхөө сэтгэмжээр хүссэн хоолоо “урлах” байлаа. Хамгийн сонирхолтой нь энэ тэмцээний шүүгчид хүүхдүүдийг хоолоо эхлэхээс дуусах хүртэл яг дэргэд нь байж ажигладаг юм билээ. Энэ нь хүүхдүүдийг хоолоо хэрхэн яаж хийж юугаар амталж буй техник ажлыг нэгбүрчлэн харахаас гадна багаж хэрэгсэлтэйгээ хэрхэн зөв харилцаж, ажлын байрны дэг журмыг яаж сахиж буйг ч давхар анзаардаг онцлогтой гэнэ. Завгүй ажилласан хүүхдүүдэд даалгаварт өгсөн гурван төрлийн хоолоо хийхээс гадна бэлэн болсон хойно нь таваглах үйл явц ч тун чимхлүүр ажил байв.
Тэмцээний дүн 17 цагт гарсан. Дүнг нэгтгэхамаргүй байсан бололтой. Шүүгчид нэлээд зөвлөлдсөн. Эцэст нь оноог танилцуулахад Б.Мөнх-Эрдэнэ 73,8, Ц.Билгүүн 68,8 оноо авсан байлаа.
Б.Мөнх-Эрдэнэ: Түрүүлчихлээ гэдгээ эхлээд ээждээ хэлнэ
Ирэх наймдугаар сард болох Дэлхийн ур чадварын олимпод тогоочийн мэргэжлээр Монгол Улсыг төлөөлөх эрх авсан Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Ер нь гайгүй ээ. Болох байх л гэж бодсон. Гэхдээ Билгүүн бид хоёр өмнө нь нэг биш удаа мэргэжлийн тэмцээнд хамт оролцож байсан болохоор түүнийг чадвартай сайн гэдгийг мэднэ.
-Түрүүлчихлээ гэдгээ дуулаад энэ баяртай мэдээг хамгийн анх хэнд дуулгана гэж бодож байгаа вэ?
-Ээж рүүгээ ярина. Тэгээд эмээ өвөөдөө хэлнэ.
-Тэмцээний бэлтгэлээ яаж хийсэн бэ?
-Цолмон, Ариунаа гэж хоёр багшийнхаа удирдлага доор голдуу сургууль дээрээ л бэлтгэлээ хийсэн дээ. Сүүлийн тэмцээнд Ариунаа багш дасгалжуулсан. Сургуулиас гадна таньдаг ах нарын ресторануудаар очиж юм заалгаж байсан минь их тус боллоо.
-Чиний хийх дуртай хоол юу вэ?
-Монгол хоол хийх дуртай.
-Дэлхийн тэмцээнд монгол хоол хийх болов уу?
-Үгүй байх. Би тэмцээний тухай бичлэг эд нарыг нь үзсэн. Тэгэхэд голдуу европ хоол хийдэг юм билээ.
-Сая загасаар хийсэн хоолыг чи өмнө нь хийж байсан уу?
-Тэмцээний гурав дахь даалгаварт загас өгнө гэдгийг мэдэж байсан ч чухам юу хийх нь нууц байсан. Тиймээс даалгавраа аваад материалаа хараад юу хийхээ шийдсэн.
-Тогоочийн мэргэжлийг сонгохыг яагаад сонгосон юм бэ?
-Багаасаа л ээжийнхээ хоол хийж байгааг харж, тусладаг байсан. Тийм болохоор тогоочийн мэргэжилтэй болохоор шийдээд энэ сургуульдаа орсон. Хүмүүсийг амттай хоолоор дайлаад, хийсэн хоолыг минь хүмүүс амтархан идэж байгааг харах гоё.
-Ээжийнхээ хийдэг ямар хоолонд дуртай вэ?
-Цуйванд.
-Чи бие даагаад хамгийн анх ямар хоол хийж байв?
-Бууз хийсэн. Сургуульд ороогүй байхдаа.
-Ирээдүйгээ яаж төсөөлж байна?
-Мундаг тогооч болоод өөрийн гэсэн ресторанаа байгуулж, дуртай ажлаа хийнэ л гэж боддог.
Дэлхийн түвшний шалгуурт чадахаараа ойртсон
Монголын зочлох үйлчилгээний холбооны урилгаар тогоочийн мэргэжлийн тэмцээнийг шүүсэн Аррандаас цөөн зүйл тодрууллаа.
-Дэлхийд Монголыг төлөөлөн өрсөлдөх шилдэг тогоочийг шалгаруулах хэр амаргүй байв?
-Амархан байгаагүй шүү. Гэхдээ өнөөдөр энэ тэмцээнийг шүүсэндээ маш баяртай байна. Хүүхдүүдийн ур чадварыг хараад үнэхээр бахархаж байлаа. Энэ хүүхдүүд дэлхийд дээгүүр өрсөлдөж чадна.
-Даалгавар дэлхийн тэмцээний даалгавартай хэр нийцэж чадсан байв?
-Дэлхийн түвшний шалгуурт чадахаараа ойртсон гэж үзэж байгаа.
-Монгол хүүхдүүдийн чадвар танд ямар санагдав. Тэд дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрч үү?
-Хүүхдүүдийн хувьд сурах зүйл их байгаа. Бид тэмцээн хүртэл бэлтгэл сайн хийхэд ч боломжоороо тусална. Тиймээс дутуугаа нөхөөд улам илүү сайжирна гэдэгт итгэлтэй байгаа учраас дэлхийн тэмцээнд очоод яах бол гэж санаа зовохгүй байна. Хэдийгээр нэг нь ялж, нөгөө нь ялагдсан ч энэ хоёрт хоёуланд нь гайхалтай сайхан ирээдүй байгаа.
-Та өөрөө олон улсын тэмцээний туршлага хэртэй вэ?
-Хэдийгээр би дэлхийн түвшний тэмцээнд оролцож байгаагүй ч гал тогоонд 16 жил ажилласан туршлага минь, мөн энэ хугацаанд олж авсан мэдлэг минь харьцангуй өндөр гэж боддог учраас тэмцээнийг шүүх үед алдаатай шийдвэр гаргаагүй гэдэгтээ итгэлтэй байна.
-Та шүүгчээр хамт ажилласан нөхдийгөө танилцуулаач.
-Хоёулаа “Best western premier tuushin” олон улсын сүлжээ зочид буудлын төлөөлөл. Хенри Монголд ирээд нэлээд удаж байгаа. Харин Пол гурван сар болж байгаа юм. Пол бол “Туушин”-гийн ерхий менежер. Аль аль нь туршлагатай мундаг хүмүүс.
-Та гурвын хооронд санал зөрөлдөх ч юм уу зүйл гарсан уу?
-Оноо нь их ойрхон байсан. Бидний бодож байсан бүгд таарсан гэдэг нь тавьсан онооноос харагдаж байгаа биз ээ. Хүүхдүүийн сэтгэх чадвар сайн, яавал гоё хийх вэ гэж хичээж байгаа нь бидний хэн хэнд маань маш их таалагдсан. Мэдээж хэрэг бүх зүйл төгс байгаагүй. Тэдэнд сурах зүйл маш их байна. Тухайлбал хоёр оролцогчийн маань нэгнийх нь хоолны амт сайн байхад нөгөө нь чимэглэл талдаа илүү байх зэргээр ялгаа байсан.
Г.НАРАН