Монгол Улс, ОХУ-ын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссийн Тээврийн ажлын хэсгийн хуралдаанаар хоёр улсын хооронд байнгын бус зорчих зорчигч тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн тоог 2000 ширхэг байхаар тохиролцсон байдаг.
Тодруулбал, ОХУ-ын Тээврийн яамны зөвшөөрөлтэйгөөр манай улсын бүртгэлтэй зорчигч тээврийн хэрэгсэл ОХУ-руу нэг удаа зорчиход нь ийм зөвшөөрөл олгож байхаар болжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон, мөн Алтанбулаг-Хиагт боомтууд 24 цагийн үйл ажиллагаанд шилжсэн зэрэгтэй холбогдуулан ОХУ-руу зорчих иргэдийн тоо эрс ихэссэн байна. Зөвхөн хил дагуух аймгаас гадна төвийн болон өмнө бүсийн аймгуудаас иргэд ОХУ-руу зорчих хандлага ихсэж байгаатай холбогдуулан уг зөвшөөрлийн бичгийн нөөц дуусч байна.
Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс уг зөвшөөрлийн бичгийг зөвхөн нийтийн зорчигч тээврийн стандартын шаардлага хангасан, улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх мэргэшсэн жолооч бүхий жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээтэй аж ахуйн нэгжийн том оврын автобусанд олгож ажиллах чиглэлийг өгөхөөр шийдвэрлэжээ
Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу найман хүнээс бага суудалтай тээврийн хэрэгсэлд харилцан ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүйгээр хил нэвтрүүлдэг.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэдэг автобусаар үйлчлүүлэх эсвэл зайлшгүй ажлын шаардлагатай тохиолдолд суудлын автомашинаар ОХУ-руу чөлөөтэй зорчиж болох аж.
Зам, тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд нэмэлт зөвшөөрлийн бичгийг олгож өгөх хүсэлтийг тавиад байгаа бөгөөд Оросын талын эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийн бичгийг ирүүлэх хүртэл хугацаанд уг зөвшөөрлийн бичгийн нөөц дуусч байгаатай холбогдуулан түр хязгаарлалт хийж буйг Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос мэдээлж байна.
О.САР