Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд “Санко Соолар Монголиа” болон “Санко Тек Монголиа” компанийн үйл ажиллагаатай өчигдөр /2015.03.22/ танилцлаа. Улсын Их Хурлын дарга эхлээд “Санко Соолар Монголиа” компанийн үйлдвэрлэлийн явцтай танилцсан юм.
Тус компани нь 2011 оны 3 сараас нарны зайн туршилтын үйлдвэрлэлийг албан ёсоор явуулж эхэлжээ. Нарны зайн дэлгэцийг Монголдоо үйлдвэрлэж ISO9001 болон TUV Rheinland JAPAN олон улсын чанарын шаардлагад тэнцэж Япон, ОХУ руу экспортолж байна. Нарны зайн дэлгэцээс гадна бусад айл өрхийн цахилгааны хэрэглээ, гудамжны гэрэлтүүлгийн худалдаа үйлчилгээг явуулдаг аж. Одоогийн байдлаар 7.5 Мв буюу 31 мянга орчим нарны зайн дэлгэц экспортлоод байгаа бол дотоодын зах зээлд 110Кв нарны зайн дэлгэц болон систем байдлаар нийлүүлжээ.
Дараа нь “Санко Тек Монголиа” компанийн үйл ажиллагаатай танилцав. Япон Улсын иргэн Шимизү Такашигийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Санко Тек” ХХК нь 2005 оны 2-р сарын 7 – ны өдрөөс байгуулагдан өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн үйлдвэрлэлийн үндсэн чиглэл нь хөнгөн цагааны хайлшаар нарийн технологи бүхий роботын эд анги болох деталиудыг Олон улсын ISO9001, ISO14001 чанарын стандартаар үйлдвэрлэх явдал юм. Одоогийн байдлаар 104 нэр төрлийн бүтээгдэхүүнийг захиалгын дагуу хийж Япон Улсад нийлүүлжээ. Тус үйлдвэрийн инженер болон ажилтан ажиллагсад нь Япон Улсад 2-5 жил мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бөгөөд нийт 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр жилийн 365 хоног 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж сард дундажаар 58000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэг тэрбум гаруй төгрөгийн экспорт хийдэг байна.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм. “Санко” группын гүйцэтгэх захирал Шимизү Норимаса Улсын Их Хурлын даргад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа зүйлүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, банкны зээлийн хүү өндөр, татварын албаны үйлчилгээ боловсронгуй биш, гадны хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээ байдаггүй, өндөр технологийн үйлдвэрлэл явуулж байгаа үед цахилгаан байнга тасарч, хэлбэлздэг зэрэг олон асуудал байгаа талаар дуулгасан. Улсын Их Хурлын дарга гадны хөрөнгө оруулагчдад үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг нэг цэгийн үйлчилгээ, татварын албаны үйлчилгээ зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулж ажиллана гэдгийг хэлээд цахилгааны хэлбэлзлийг шийдэхийг Эрчим хүчний яамны холбогдох хүмүүст үүрэг болгосон юм.
Уулзалтын төгсгөлд хөрөнгө оруулагч группын ерөнхийлөгч Шимизү Такаши Улсын Их Хурлын даргыг амралтын өдрөөр цаг зав гарган хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлээд, ирээдүйтэй, хүчтэй Монгол Улстай хамтран ажиллахад таатай байна гэлээ. Энэхүү арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.