Ард түмэн шилийн сайн эрсийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Ард түмэн шилийн сайн эрсийг дэмжлээ

Өнгөрөгч бүтэн сайнд “Боловсрол суваг” телевизийн “Кино код” шоу нэвтрүүлгийн сэдэв сонгох санал асуулгын шууд нэвтрүүлгээр шилийн сайн эрсийн амьдралыг харуулсан бүтээл олонхын санал авлаа. Үзэгчдэд санал өгөх сэдэв хангалттай, бүр есийн ес байсан юм. “Хүннү гүрэн-Эртний Монгол”, “XIII зуун-Их Монгол улсын түүх”, “Монголын домогт хатад”, “Манжийн дарлалын эсрэг тэмцэгчид-Шилийн сайн эрс”, “Богд хаант засгийн түүх”, “Соёлын довтолгоо”, “Атар газар эзэмших үе”, “XX зууны Монгол”, “Түүхэн ремикс”. Зохион байгуулагчид “Хүннү гүрэн-Эртний Монгол”, “XIII зуун-Их Монгол улсын түүх” сэдвүүдийг илүү их жин дарна хэмээн таамаглаж байсан нь ёсоор болж дүн гарахад “Хүннү гүрэн-Эртний Монгол” 38.8 хувиар аман хүзүүдэв. Харин нийт саналын 44.4 хувь буюу 11 274 үзэгч “Манжийн дарлалын эсрэг тэмцэгчид-Шилийн сайн эрс”-т санал өгчээ.

Мөн “Монголын домогт хатад” ч эрчүүдэд мөчөөгүй өгөлгүй 16,8 хувийн санал авч нэвтрүүлгийн үеэр ширүүхэн өрсөлдсөн юм. Нэвтрүүлэг эхлэхийн өмнө 1970 дугаар болон 155068 мессеж дугаар, movie.news.mn, olloo.mn,  zaluu.com сайтад ирсэн 10 600 орчим санал нэг цаг хорин минутын турш үргэлжилсэн сэдэв сонгох шууд нэвтрүүлгийн үеэр 25 363 болтлоо өсчээ.

“Кино код” шоуны санал болгосон есөн сэдвээр урьд нь монголчууд чамгүй олон уран сайхны кино бүтээсэн байдаг. Хөх чоно, Төөрсөөр төрөлдөө зэрэг шилийн эрсийн тухай хуучны уран сайхны кино ч бий. Гэхдээ Хөх чоно, Балт, Цахиур Төмөр нарын хэн хэн нь соцреализмаар “хүмүүжээд” төгсдөг ижил тавилантай. Тэгэхээр энэ удаа Монголын үзэгчид жинхэнэ шилийн сайн эрсийн амьдралыг харуулсан, амьдралтай, тэмцэлтэй бүтээл хүлээж байж болох юм.    


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж