Нууцыг “тайлсан” Содура

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Нууцыг “тайлсан” Содура

Бидний мэдэх цаатан: Цаатан хэмээх үндэснийхээ цөөнхийн талаар бид хэр сайн мэдэх вэ? Бидний ихэнхийн мэдлэгийн санд “Хөвсгөл аймгийн хойд сумдын нутаг, хөвч тайгад цаа буга маллан амьдардаг, Тува угсааны монголжсон ойн соёд урианхай нарыг Цаатан гэдэг” гэсэн ойлголт л бий. Зарим нэг түүх, соёлыг нь сонирхон уншиж байсан хэд нь “Улиастайн амбан сайдын шавийн захиргааны данс бичигт 1764 онд Дархад аймгийн хэмжээнд Эүкэ/урц/ гэрт уулын хүмүүс ам бүл 22, цаа буга 192 байна“ гэж тэмдэглэснийг уншсан байх.

Мөн 2013 оны байдлаар гаргасан судалгаагаар нийт “86 өрх айлын 367 цаа маллагч нүүдэлчин иргэн 511 цаа маллаж байгаа”  гэсэн тооцоо гаргасны мэддэг болсон.

Харин үүнээс цааш чухам юуг нь мэдэх вэ, бид.

Хэдэн арваар тоологдох он жилийг хөвч тайгадаа цаа бугаа маллан амьдарсан тэдний аж амьдрал, ахуй соёл, онцлог хэв шинжийг огт мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Харин өнгөрсөн долоо хоног /III.20/ -т UBS телевизийн бүтээл “Содура” кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон нь тухайн үндэстэний талаарх мэдлэгийг үзэгч олонд бага ч болов нэмсэн гэж бодном. Ингэж бодохын учир нь тус киног товчхондоо “сайн” гэж үнэлснийх билээ.

Киноны найруулагчаар тус телевизийн найруулагч Б.Жаргалсайхан ажиллаж,  ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Соёлын тэргүүний ажилтан Амбий буюу Ц.Батхуяг агсан, С.Болормаа, жүжигчин С.Ариунбямба, Ч.Очгэрэл, А.Өнөржаргал, О.Амгаланбаатар, Н.Оюунсүрэн нар тоглосон байна.

…Содура нэрт охин хар нялхаараа цаатан иргэдийн амьдралаар судалгаа хийх гэж буй аавыгаа дагаж “Хүнхэр тайга”-д анх ирнэ. Тэр хоёр цаатан иргэдтэй ижил дасал болсон ч охиныг арван хэдтэй байхад нь түүний аав нэгэн хүүг авраад өөрөө хавцлаас унаж амиа алдана. Охиныг аавынх нь найз хот руу авч очсоноор түүний зовлонт амьдрал эхэлж, эцэстээ өсөж өндийсөн хөвч тайгадаа эргэн ирдэг. Ингээд киноны үйл явдал өрнөнө.

Тус киног хийхэд хоёр жил гаруй хугацаа зарцуулж. Ингэхдээ дэмий нэг урт хугацаа зарцуулаагүй гэдгийг киноны уран бүтээлчид өөрсдийн бүтээлээрээ нотлон харуулжээ. Яг цаатан аж амьдралыг харуулсан зохиол манай утга зохиолд хэд гуравхан л бий. Харин “Содура” киноны зохиол энэ тоог нэгээр нэмжээ. Маш сайн судалгаа хийж, дүр хоорондын холбоос, өрнөл, төгсгөл дээрээ чамбай ажилласан нь харагдана. Мөн найруулагчийн шийдлүүдийг ч энд дурдах ёстой. Үгүйсгэж боломгүй олон шийдлүүдийг тэрээр хийжээ. Ялангуяа ёс заншлын хувьд. Кинонд оршуулах зан үйл хоёр удаа гарна. Харин ингэхдээ “Нүдэн” хэмээх нуурын эрэг дагуух хадан хавцал байх бөгөөд хавцлын дундуур “Нүдэн нуурын нулимс” гэгдэх ус түрж орсон байна. Хадан хавцлын нэгний нь оройд ургасан модыг уяагаар оосорлон нумлан татаж бэхлээд талийгаачаа даавуунд ороон модны үзүүр дээр байрлуулах аж. Ингээд тухайн талийгаачийн ойр дотны хүн өнөөх уяаг таслаж хавцлын нөгөө талруу “чавхдана”. Харин буянтай хүн хавцлын нөгөө талд гарах бол буян муутай хүн “Нүдэн нуурын нулимс”-нд унадаг хэмээн сүсэглэн ойлгоно.

Яг ингэж оршуулдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ л байж болох /нэгэн цагт/, эсвэл эсэргүүцэж боломгүй уран сайхны шийдэл аж. Ер нь л тус кино зохиолын хувьд, найруулагчийн өвөрмөц шийдлүүд, жүжигчдийн дүрээ гаргалт, зураг авалт гээд олон сайн давуу талтай болж. Мөн энэ кинонд цаатан ястанд тулгараад байгаа маш том асуудал болох цус ойртолтыг хөндсөн нь нэгийг бодогдуулж байсныг хэлэх хэрэгтэй.

Харин жаахан өөнтөгч байдлаар хандвал киноны компьютер график тааруу, зарим хэсгийн дэвсгэр ая наалдахгүй байсныг хэлэх байх.

Цаатан хэмээх монгол үндэстэний нэг ястаны “нууц”-ыг энэ киногоор бүрэн тайлсан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Гэхдээ энэ талаар дахин кино хийх эрмэлзэлтэй хүмүүсээс илүү их ур ухаан, судалгаа шаардах болов уу.

Самгалдай /гэр/ хэмээх цаатан ардын дуу бий /кинонд ашигласан/. Энэхүү дуунд:

Хажуунаас нь хараад үзвэл

Ханан хээтэй Самгалдай

Хажуунаас нь хараагүй хүн бол

Хад, чулуутай гэх л байх даа 

Дээрээс нь хараад үзвэл

Дэгжин хээтэй Самгалдай

Дээрээс нь хараагүй хүн бол

Дэрс чулуутай гэх л байх даа… хэмээн гардаг нь аливаа зүйлийн утга учир хэрхэн харахаас шалтгаална гэсэн утгатай мэт. Тиймээс өөрсдийн гэсэн амьдралын өвөрмөц онцлог, ёс заншил, өв уламжлалтай энэ ястаныг бүрэн дүүрэн ойлгох, тэднийхээ ирээдүйг гэрэл гэгээтэй болгохын тулд дэмий нэг ярих, хэлэх биш дэргэдээс нь харж, ойлговол илүү үр дүн гарах мэт.   

Т.ДЭЛХИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж