Абстракт уншлага хийх нь…

Хуучирсан мэдээ: 2015.03.22-нд нийтлэгдсэн

Абстракт уншлага хийх нь…

Зохиогчийн утгыг үгүй хийнэ гэдэг бол зохиогчийг хэрцгийгээр яллаж, цөллөгт явуулахтай агаар нэгэн буй.

Таны үзсэн, харсан зүйл бусдад хүчинтэй юу? Таны харсан чинь үнэн үү? Үгүй бол та худлаад итгэсээр байх уу? Абстракт урлаг бол шинжлэх ухаанч ойлголт болохоос, хүн бүхэн өөрөө өөрийнхөөрөө ойлгодог “юм” биш. Төсөөлөн үзье, хэрвээ бид харахгүй, үнэрлэхгүй, сонсохгүй гэвэл юу зурах вэ?

Монголын нөхцөлд бид хүссэн өнгөө нялсан, хольсон, цацсан, шүршсэн алаг эрээн зураг болгоныг л абстракт зураг гэж ойлгодог биш үү? Тэгээд түүнийг нь хүн болгон өөрөө өөрийнхөөрөө харж ойлгоно гэх??? Зарим нь абстракт зургаас цэцэг харж байхад, зарим нь сандал, бүр зарим нь бурханыг харлаа гэнэ. Тэгвэл хариулт нь: абстрак зурагт ямар ч цэцэг, ямар ч сандал, ямар ч бурхан байхгүй. Харин жинхэнэ тооцоолол, гайхалтай техникүүд, оюун санаа буй.

Модерн буюу орчин үеийн урлаг Классизмын халаа болж 19 дүгээр зууны эхэн үеэс бий болжээ. Энэ орчин үеийн урлагийн түүх нь өөрөө хүн төрөлхтөний сэтгэлгээний задралын түүхийг өгүүлж байдаг. Модерн урлагийн эхлэл болж Романтизм /Francisco de Goya/, Импрессионизм /Edgar Dega/, Пост импрессионизм /Vincent Van gogh/, Симболизм /Gustave Moreau/, Абстракт /Wassily Kandinsky/, Кубизм /Pablo Picasso/, Фовизм /Henri Mattise/, Футуризм /Umberto Boccioni/, Пре Сурриализм /Marc Chagall/, Dada /Marcel Dushamp/, Экспресионизм /Amedeo Modigliani/ зэрэг маш олон эрэл хайгуул, туршилтууд үргэлжилж байлаа.

Үүний нэг АБСТРАКТЦИОНИЗМ. Мөн л үзэгчдийн гайхширлыг төрүүлж, урлагийн бүтээл гэхэд дэндүү энгийн, дүр дүрслэлгүй, шулуун шугам, цэг, толбо бүхий зургууд харагдах болов. Будгаа хуссан, нялсан, цацсан энгийн элемэнтүүдэд ямар нэгэн далд илэрхийлэл, гүн гүнзгий утга санаа гэж байхгүй учир тухайн үеийн үзэгчдээс ихээхэн шүүмжлэл хүлээж байлаа.

Гэхдээ урьд өмнө үзэгдэж байгаагүй цоо шинэ үзэгдэл болсон абстракт зурийн урлагийн мөн чанарт улам нэвтрэх тусам үзэгчид мөнөөх “хэт энгийн” хэмээн шүүмжилж байсан зургуудынхаа төлөө халаасан дахь бүх мөнгөө шавхаж эхэлсэн юм. Учир нь үзэгчид Абстракт бол хийсвэрлэл биш харин НОН ОБЖЕКТИВ гэдгийг ойлгож, герменевтикийн ач тусыг хүртэж эхэллээ.

НОН ОБЖЕКТИВ

Нон обжектив гэдэг нь матержиж байгаа процесс, гадаад нийгмийн үзэл биш харин дотоод ертөнцрүү чиглэдэг үзэл юм. Бид жишээ нь аниргүйдлийг дүрслэхдээ ямар нэгэн бодит биетээр, тухайлбал, хэн нэгэн бүсгүй эсвэл эзэнгүй орхисон сандал ширээ, хоосон өрөө зэргийг дүрсэлдэг байсан бол түүнээс татгалзаж абстракт урлагаар төгс илэрхийлэх замыг олсон юм. Абстракт зургийн сэдэв шинжлэх ухаанаар ч хэмжих боломжгүй сэтгэлийн хөөрөл, хайр, уйтгар гуниг, дотоод мөн чанар зэргийг дүрсэлдэг.

Андри Берксон: Хөдөлгөөн гэдэг бол статик, динамик хоёрын нэгдэл бөгөөд энэ нь ухамсрын бус хөдөлгөөнүүд юм. Урлагт бид үргэлж л арьс зурсаар ирсэн шүү дээ. Физик мөн чанар хэзээ дүрсэлж байлаа? гэж хүн төрөлхтөнөөс асуужээ.

Өөрийн бодсон санасныг заавал матери дээр буулгаж дүрсжүүлэх албагүй, бидэнд дүр хэрэггүй хэмээн абстракт урлагийн төлөөлөгчид тунхаглаж байлаа. Бидний бодитой гэж харж байсан зүйлс ухамсаргүй болж, бид орон зайд байгаа хэмжээсүүдээс өндөр, өргөнийг ярих биш харин зөвхөн кординатыг ярина. Ингэхээр Абсракт бол ердийн нэгэн хийсвэрлэл биш шугаман байгуулалтын хатуу дүрэм болж байна.

АБСТРАКТ /философи утга/: Байгаа объектыг ухаандаа буулгах. Ингэхдээ бид нэгэн ойлголттой /common sence/ байх. Тухайлбал, цэцэг гэсэн объектыг “цэцэг” хэмээн нэрийдэж ухаандаа суулгах, ингэснээр бид “цэцэг” гэсэн үгийг хараад шууд мөнөөх объектыг эргэн санах үйл явц.

Яг л үүн шиг, абстракт зургууд уй гунигийг, баяр баяслыг, харуусал, гашуудлыг абстрактлаж байна. Хүн төрөлхтөн өөрөө өөрийнхөө сэтгэлийг таньж мэдэхийн тулд ийнхүү дүрээс татгалзах шаардлагатай тулгарчээ. Ертөнцийн бүхий л “юмс” дүртэй биш. Бидний амтлах, үнэрлэх, харах, сонсох, хүрэх таван мэдрэхүйд үл хүртэх юмс ч бий. Түүнийг л илэрхийлэх нь абстрактын зорилго. Гэхдээ дурын будгийн нялалт абстракт зураг биш. Маш нарийн өнгөний тоглолт, нялалт, хусалт, шидэлт, шидэт хортон техникүүдийн гайхамшиг. Эдгээр абстрактыг бид зохиогчоор тайлбарлуулалгүй ойлгоно гэж үү? Бас л өөрөө өөрийнхөөрөө ойлгох нь зөв үү?

Абстракционизмыг үндэслэгч Кандинский хэлэхдээ: “Бидний зотон дээр зурсан зургуудыг өөр орон зайгаас ухамсаргүйгээр харах хэрэгтэй. Үүнд тооцоолол, шинжлэх ухаан юу юунаас илүү чухал юм” гэжээ. Абстрактын талаар анхны онолуудыг дэвшүүлэн гаргаж байсан Кандинский анх харанхуйд тэмтчин явахдаа энэ онолынхоо мөн чанарыг ойлгосон гэдэг. Харанхуй өрөөндөө нойтон зургандаа хүрчихгүйг хичээн тэмтчин явсан Кандинский нүдээ дасах үед өөрийнхөө зургийг харжээ. Үзэгдэх ертөнцөөс салсан бүрэнхийд хүн хараандаа итгэх ямар ч боломжгүй, тэр харанхуйд үзэгдэх дүрс байхгүй гэдгийг ойлгов. Тэрээр танин барихаас ийнхүү татгалзаж, юмыг дүрслэхгүйгээр ойлгож болох тухай бодож олсон байдаг. Дотоод сэтгэлрүүгээ хөхийн харах явдал энэ юм.

Кандинский Робер Делоне-д хандаж: “Би чамаас болж энэ дугуйнуудаас гарч чадахгүй нь, учир нь дугуй зураас бол тэгш ч биш, муруй ч биш юм” гэжээ.

Абстракт зураачид бол ухаанаа хөгжүүлсэн, тооцоолон бодох чадвартай, нэг ёсондоо боловсролтой нэгэн байдаг. Учир нь тэдний абстракт зургаас бид геометрийн томъёолол, өнцгийн нарийн хэмжилт, магадгүй математикийн бодлого ч олж болно.

Америкийн алдарт зураач Марк Роткогийн зургийг хүмүүс анх хараад цочролд ордог. Учир нь үл олдох энэ зураг яагаад тийм гайхалтай гэж? Хэн ч хоёр дөрвөлжин зурчихаж чадах биш үү? гэх. Гэтэл энэ бол энгийн хоёр дөрвөлжин биш, шугаман байгуулалтын онол бөгөөд түүний хөвсгөр ажиллагаа, хүмүүсийн хараанд өөр өөрөөр өртөх өнгөний тоглолт, дээш доош эргүүлэн харах тоолонд шилжих орон зайн шилжилтүүд бол модерн урлагийн жинхэнэ эстетик. Харин Делоний дугуйнууд нь камерт гэрлийн цохилтоос болж нааш цааш болж хөдлөх нарны цацрагийг харуулсан байх жишээтэй. Өнгө хувирах тоолондоо орон зайг хэрхэн өөрчилдөг болох, хар өнгө дугуй байхдаа ямар орон зайтай харагдах, дөрвөлжин байхдаа ямар байх? эсвэл бүр цацчихсан байхдаа ямар орон зайтай харагдах вэ? гээд л нарийн тооцооны дагуу бичигдэнэ.

Хусах, цацах, шүрших, маажих, шатаах зэрэг бичлэгийн нарийн эффектүүдийг деэффект болгох, зориудаар зохицохгүй материалуудыг сонгон технологийн гажилт үүсгэх, холигдохгүй будгуудыг нэгтгэн ээдүүлэх зэрэг бичилтүүд хийж текстур артыг үүсгэх явц юм. Абстрактын мастерууд эдгээр деэффектүүд, таталт, зураас, ширвэлтээс нь зургийн техникийг уншиж чаддаг.

Ийм л урлагийг бид өөрийнхөөрөө ойлгоно гэж муйхарладаг, дураараа будаг цацахтай эндүүрдэг. Зохиогчийн, зураачийн нарийн тооцоолол, өндөр мэдрэмж, эстетикийг үгүйсгэж, түүнийг хэрцгийгээр яллаж, мөнөөх цөллөгт илгээдэг, бүр эмгэнэлтэй нь сандал, ширээ, халбага сэрээхэн болгон харж, ахуйтай хольж хутгадаг нь даанч харамсалтай. Абстракт зургаас таны үзсэн, харсан зүйлийг бусад чинь олж харж чадаж байна уу? өөрийнхөө харсныг бусдад тулгах уу? Таны харсан чинь тэгээд үнэн юм уу? Үгүй бол та худлаад итгэсээр байх уу? Тиймээс л бид урлагийг ойлгохын тулд тайлбарлуулах герменевтиктэй нөхөрлөсөн нь дээр биш үү? Урлагийг ойлгохын тулд тааж үнэмших биш, ухаанаа хөгжүүлэн боловсорсон нь дээр бишүү? Үзсэн зургийнхаа талаар нийтлэг нэг ойлголтонд хүрч феномэнлогитой найзлах нь чухал бишүү? Урлаг мэдэхгүй нэгний “ичихдээ” хэлсэн “өөрийнхөөрөө ойлго” гэсэн үгээр өөрийгөө хаацайлсаар мэдлэгт хүрэх замаас төөрч үлдэх юм уу? Би л лав абстракт уншлага хийхээр цааш хөдөллөө.

Б.ГЭРЭЛМАА

Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж