Анхны хэлэлцүүлгийг хийх шатанд 110 тэрбум төгрөгийн бондыг 300 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн юм. Үүний 150 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд, 100 тэрбум төгрөгийг ноолуурын салбарт, 50 тэрбум төгрөгийг ноосны салбарыг дэмжихэд зориулж тус бүр хуваарилахаар болоод байгаа. Ингэхдээ бондыг таван жилийн хугацаатай гаргаж, зээлийн хүүг жилийн долоон хувиас ихгүй байхаар тусгаад буй юм.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуваарилах 150 тэрбум төгрөгийн бондыг газарзүйн байршил хийгээд хүн амаас нь хамааруулан олгох нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэснээр Улаанбаатар хотод 50-60 тэрбум төгрөг, 21 аймагт 90 орчим тэрбум төгрөг хуваарилагдах болж байна. Энэхүү тогтоолын төслийг ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд батлах юм.