Энэ хугацаанд зүгээр сууж байхаар гээд жижиг нам болон иргэний хөдөлгөөнүүдтэй нэгдэн “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөн байгуулав. Үүгээр ч зогсохгүй Ард түмний их хуралдай хийн иргэдийн дунд санал асуулга явуулсан юм. “МАНАН дундахь амьдрал та бидний ирээдүйг үгүй хийж байна. Тиймээс энэ бүгдийн эсрэг тэмцэх хэрэгтэй” гэхчлэн ард түмний үзэл бодол руу “халдаж” байлаа. МАХН-ынхан нэгдээд хагас жилийн хугацаа өнгөрлөө. Гэтэл өдийг хүртэл нэрээ авч чадахгүй л байгаа юм. Харин иргэдийн өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн 14 хоногийн дотор хянаж үздэг аж. Улсын дээд шүүхээс мэдүүлсэн 15.6 дугаар заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар гэсэн хүсэлтийг хэлэлцэх гэж хоёр сарын хугацааг үдлээ. Энэ заалтын цаана МАХН нэрээ авах уу гэдэг асуулт бий. Харин түүний цаана Н.Энхбаяр улс төрд дахин хөл тавих эсэхийг шийдэх юм. УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр “Улсын дээд шүүх хэргээс бултаж, Цэц рүү “чихсэн”. Хэлэлцэх ёстой хуулийн хугацаа нь хэдийнэ дууссан ч Цэц хэлэлцэхгүй гацааж байгаа нь учиртай” хэмээж байв.
Тэд Үндсэн хуулийн Цэцийг “Гадаадынхны “гар, хөл” болсон. Хуулийн дагуу шийдвэр гаргах чадваргүй тэтгэврийн хөгшөд” хэмээн үзэж буй аж. Мөн Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар өчигдөр МАХН болон жижиг нам, иргэний хөдөлгөөнүүд хэлэлцжээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, зарим нэр бүхий удирдлагуудыг Үндсэн хуулийн Цэцэд өгөх талаар ярилцсан аж. Тэдний эрх баригчидтай хийх эхний “дайн” энэ юм. Харин дараа нь Үндсэн хуулийн Цэцийг тараах тухай асуудал хөндөх гэнэ. Үндсэн хуудийн Цэцийн тухай хуульд “Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн, Цэц түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэвч Цэц уг заалтыг зөрчин хэн нэгэн даргын тэр дундаа Ардын намын эрхшээлд орж байна гэж МАХН-ынхан үзсээр байгаа. Хэрэв 15.6 дугаар заалт хууль зөрчсөн эсэхийг хуулийн хугацаандаа шийдвэрлэхгүй бол МАХН сумаа Цэц рүү харвахад бэлэн болжээ. Ямартай ч тэд төрийн эрх барьж байгаа хүмүүс гадныхны хараат болсон гэдэгтэй бүрэн дүүрэн санал нэгдэж буй юм. Энэ бусармаг байдлыг цэгцэлж чадах хүмүүс нь өөрсдийгөө гэдэгт ч итгэлтэй байгаа аж.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин