-Би Тунисын босогчидтой гудамжинд тэмцэж байх үед нь уулзаж байлаа. Гэтэл тэд эмэгтэй хүмүүс нүүрээ гивлүүрээр халхалж явдгийг эсэргүүцэхгүй байгаа хэрнээ жендерийн асуудал ярьж байсан. Ер нь Арабын орнуудад болж буй хувьсгал америкчуудын төсөөлж байгаа шиг ардчиллыг авчирч чадах уу?
-Миний, манай орны загвараар бол эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг хариуцлага адил тэгш байхыг хуулиндаа зааж өгдөг. Хүмүүс ямар хувцас өмсөх нь тэдний эрхийн асуудал. Үүнд Засгийн газраас тушаал буулгаж албадах нь утгагүй хэрэг. Харин та зөвхөн гивлүүрийн тухай асууж байгаа бол Арабын хувьсгалыг зөвхөн үүгээр төсөөлж болохгүй. Хаалттай нийгэм бүхий тэдгээр оронд иргэд нь эрх чөлөө хэмээн хашгирч, тэгш эрхийн тухай ярьж байна гэдэг өөрөө том амжилт. Энэ байдал хэвээр үргэлжилбэл тэд удахгүй гивлүүр зүүх эсэх нь тухайн хувь хүний сонголт гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Тэгж байж ардчилал жинхэнэ утгаараа хөгжинө.
-Египетэд төрийн эргэлт хийсэн гол хүчин нь “Мусульманы ахан дүүс” бүлэглэл. Америкчууд тэднээс болгоомжлох хэрэгтэй юу?
-Энэ тухай хэлэх эрт байна. Гэхдээ тэд сүүдрээс гарч, Египетийн ардчиллын төлөө тэмцсэн нь үнэн шүү дээ.
-Арабын орнуудад эмэгтэй хүн заавал гивлүүр зүүх ёстой. Энэ бол зөвхөн төр засгаас тавьж буй шаардлага төдий биш, харин соёлынх нь нэг хэсэг. Тэгэхээр хүний эрхийн асуудал зөрчигдөж байдаг нь угаасаа тэдний соёл, уламжлал юм биш үү?
-Мэдээж хэрэг, үндэстний соёл гэж юм байгаа. Гэхдээ ийм харгис байдлыг Засгийн газар нь хазаарлаж байх ёстой. Иргэддээ сонголт хийх боломжийг нь олгож байх ёстой. Тийм төр засгийг бий болгохын төлөө тэд тэмцэж байна.
-Америкчууд “Бидний ардчиллын загвар хамгийн шилдэг нь учраас та нар суралцах хэрэгтэй” гэж Исламын шашинт намуудад зааж өгөх ёстой юу?
-Бидний санааг хамгийн их зовоож байгаа зүйл бол нийгмийнхээ хуучин уламжлалыг хадгалж үлдсэн Исламын нам, бүлэглэлүүд хүний улс төрийн эрхийг зөрчиж буй явдлыг арилгахыг хичээхгүй байна. Тэд хүн бүрийг эдийн засгийн эрх чөлөөтэй болгохыг хүсэхгүй байна. Тиймээс бид энэ бүхнийг өөрчлөх ёстой.
-Ингэх нь бага зэрэг хачин санагдахгүй байна уу?
-Үгүй. Бид их ярьж, тэр хэмжээгээрээ энэ бүхнийг өөрчлөх ёстой. Флоридад Коран судар шатаасан залуугийн тухай санаж байна уу. Хүмүүс түүнд хандаж “Тэвчихэд хэцүү байгаа юм бол зүгээр орхичихооч” гэж хэлж байсан. Тиймээс тэд тэр залууг ойлгоогүй юм. Гэтэл бид өнөөдөр үзэл суртлын хувьд бие биенээ хэзээ ч үл зөвшөөрөх хүйтэн дайны үеийн нийгэмд амьдраагүй. Бид харилцан ойлголцож чаддаг тийм нийгмийг бий болгох хэрэгтэй. Берлиний ханыг нураахын тулд ямар их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулсныг бүгд мэднэ. Ард түмнийг хагалган бутаргаж байсан тэр төмөр хөшиг үгүй болгосны дараа ямар болсныг бас бүгд мэднэ. Тиймээс бид ардчиллыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой. Хаалттай нийгэм бүхий Хятадад өнөөдөр англи хэл дээр нэвтрүүлгээ цацдаг телевиз бий болсон. Орос, Арабын орнуудад ч мөн адил. Мэдээллээр дамжуулж бид энэ бүхнийг ардчиллын үрийг дэлхий дахинд цацах нь хамгийн эхний алхам.
-Арабын орнуудын тухай, тэнд ардчиллыг цэцэглүүлэх тухай их ярьж байна. Гэтэл хамгийн хааллтай нийгэм бүхий Хятадын тухай та юу хэлж чадах вэ?
-Мэдээж хэрэг, хүний эрхийг зөрчиж байгаа газар бүр бид очих болно. Гэхдээ Арабын орнуудын Засгийн газартай хэлэлцэж байгаа шиг арга замаар Хятадтай харилцаж болохгүй. Хэрэв та хэлэлцээр хийхээр шийдсэн бол эсрэг талынхаа хүнийг судлах зайлшгүй шаардлага болдог. Түүнтэй адил Араб, Хятад гэдэг хоёр ертөнц хоорондоо эрс ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Америкчууд өөрсдийн ярьж байгаа тэр шударга ёсыг бий болгохын тулд тухайн улс орны улс төрийн аль нэгэн хүчнийг дэмжихээс өөр аргагүй болдог. Явцын дунд энэ бүхэн нь өөрчлөгддөг. Үүний тод жишээ бол Арабын орнууд. Тийм үү?
-Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бодлоор бид бүгд нэг ижил зүйлийг үндэслэж, нэг зарчимд тулгуурлаж байгаа. Бид төр засаг ард иргэддээ бүрэн эрхийг нь олгох хэрэгтэй гэж үздэг. Хүн бүр нийтлэг эрх ашигтай, түүндээ захирагдсан хувийн эрх ашигтай байх ёстой. Манай одоогийн эдийн засгийн тогтолцоо үүнийг бий болгож, иргэдийнхээ дийлэнхийг ийм нийгэмд амьдрах боломжоор хангаж байна. АНУ-ын гадаад бодлого ч гэсэн үүнтэй уялдаж байгаа. Үүнийгээ сүүлийн хагас зуун жил өөрчлөөгүй. Манай улс бусад оронтой иймэрхүү адил сонирхлоор нэгдэж байгаагийнхээ хүрээнд тохиролцож чаддаг. Мэдээж хэрэг, Ойрхи Дорнодод Ираны асуудал төдийлөн амжилтад хүрэхгүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ АНУ дэлхийн олон оронтой эдийн засаг болоод улс төрийн хамтын ажиллагаагаа өргөжүүл байгаа. Үүнийг дэмжих ч ёстой. Бүр Хятадтай хүртэл шүү. Одоо энэ улсад хүний эрх зөрчигдөж, хөөрхийлөлтэй байдалд ороод байхад америкчууд дуугүй суугаад өнгөрч болохгүй.
-Хятадын Засгийн газар хувьсгал гарах вий гэж маш их болгоомжилж байгаа шүү дээ?
-Тийм. Хятадын эрх баригчид маш их сандарч байгаа. Гэхдээ энэ бол түүхэн үйл явц. Үүнээс зугтах аргагүй. Хаалттай нийгэм бүхий диктатур ноёрхсон орнуудад болж буй тэмцэл, хөдөлгөөн Хятадыг ч тойрохгүй. Хятадын Засгийн газар мэдээлэл харилцааг чангатган тэрс үзэлтнүүдтэй хатуу тэмцэх замаар үймээн, самууныг эх орондоо импортолчихгүйн тулд их хичээж байна. Тус улсын нийгмийн тогтолцоонд итгэх итгэл өөрийн эрхгүй үгүй болж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Ираны тухай ярилцъя. Ойрхи Дорнодод болж буй үймээн бүхэн Ирантай холбоотой гэх болсон. Тэд ч бас боломж, гарцыг эрэлхийлж байгаа бололтой. Тийм үү?
-Ираны Хувьсгалт хамгаалагчид эх орондоо цэргийн дэглэм тогтоосон. Тийм учраас тэнд жинхэнэ ардчилал гэдэг юм байхгүй. Хүний эрх зөрчигдсөн хэвээр байгаа. Бид үүнийг өөрчлөх болно.
-АНУ Арабын хаврын хувьсгалуудыг санхүүжүүлж чадах уу?
-Чадна гэж бодож байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин