Тунисын “Bardo” үндэсний музейд зэвсэглэсэн хоёр эрэгтэй гал нээж, гадаадын 20 жуулчны амийг хөнөөсөн халдлагыг “Исламын улс” өөртөө хүлээжээ. “Исламын улс” бүлэглэл цагдаа нарын гарт амь үрэгдсэн халдлага үйлдэгчдээ “баатрууд” хэмээн нэрлэсэн байна. Халдлагын улмаас 50 орчим хүн гэмтэж шархатсан юм. Халдлага үйлдсэн этгээдүүд нь Тунисын иргэд аж. Тунисын цагдаагийн газраас халдлага үйлдэгчидтэй холбоотой есөн хүнийг баривчилсан байна.
Тунисын эрүүл мэндийн сайдын мэдээлснээр халдлагад амь үрэгдсэн зураан жуулчны иргэншлийг тодруулж чадаагүй байгаа гэнэ. Хохирогчдын дунд Японы гурав, Испанийн хоёр, Австрали, Колумб, Их Британи, Польш, Бельги, Италийн тус бүр нэг иргэн байсныг тогтоожээ. Харин “Costa Crociere” далайн аялалын компанийн мэдээлснээр хохирогчдын дунд ОХУ-ын иргэд байх ёстой хэмээжээ. Тус аялалын компанийн 12 үйлчлүүлэгч халдлагад амь үрэгдсэн аж.
Халдлагын дараа ерөнхийлөгч Бежи Каид эс-Сэбси террористуудтай өршөөлгүй тэмцэхээ амласан юм. Түүнчлэн Тунисын ерөнхий сайд Хабиб Эссид орон даяар аюулгүйн шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болсныг мэдэгджээ. Үүнд, терроризмыг дэмжсэн вэбүүдийг хаах гэх мэт багтаж буй аж.
Аялал жуулчлал бол Тунисын эдийн засгийн чухал салбар бөгөөд голдуу Европын жуулчид ирдэг аж. Гэвч халдлагын дараа аялалын компанийн хоёр хөлөг онгоц Тунисаас нэн даруй буцсан байна.
Хил залгаа Ливид үүссэн нөхцөл байдлаас үүдэн Тунисын эрх баригчид сүүлийн хэдэн сарын турш аюулгүй байдлаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа аж. Үүний зэрэгцээ Тунисын иргэд “Исламын улс” бүлэглэлд нэгдэхээр Сири, Иракийг зорих нь нэмэгдсээр байгаа нь эрх баригчдын санааг зовоох болжээ. Тунисын 3000 орчим иргэн хэт даврагч бүлэглэлд нэгдэхээр эх орноосоо явсны 500 орчим нь эргэж ирсэн аж. Сири Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлсэн “Исламын улс” нь өөртөө Нигерийн “Боко Харам” бүлэглэлийг нэгтгэснээр Хойд Африкт хүрээгээ тэлж буйгаа зарлаад буй.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press