Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-той хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа. Тус хоёр байгууллага хамтран ажилласанаар төрийн өмч хувьчлагдахад ажилтнуудад хэрхэн нөлөөлөх, өмчийн харилцаа өөрчлөгдөхөд хөдөлмөрчдийн ажлын байрыг хадгалах, ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр судалгаа, хяналт шалгалт хамтран хийх гэнэ.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Манай хоёр байгууллага ихээхэн ач холбогдолтой хамтын ажиллагааг эхлүүлэх болоод байна. Иргэд, хөдөлмөрчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс хамгаалах, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг таслан зогсооход хамтран ажиллана. Мөн судалгаа, хяналт шалгалтын ажлуудыг хийхээр болж байна. Байгууллага аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихаас гадна цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир усны хангамж, нийтийн тээвэр зэрэг монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил, үйлчилгээний үнэ тарифын үндэслэлийг тогтоох тал дээр үнэн бодит дүгнэлтийг гаргаж иргэд, олон нийтэд мэдээлж байх юм” гэж онцолсон юм.
Д.ЖАРГАЛ