Эх орондоо эмгэнэлт жүжигт тоглох нь

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Эх орондоо эмгэнэлт жүжигт тоглох нь

Харь орныг мөрөөдөж, эх орондоо эмгэнэлт жүжигт тоглох нь

Үндсэрхэг үзэлтэй бүлэг­лэлүүд хөдөлгөөнд орж эхэллээ. Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Элчин сайдын яамны үүдэнд хас тэмдэгт далбаа, хятад хүний гарт амиа алдсан иргэдийн зургийг барьсан залуус жагсацгаасан. Герман офицерийн хувцас өмссөн ганц нэг хүн зогсч, сэтгүүлчид тэднийг тойрон асуулт асууж байв.  Жагсаалд Өвөрмонголын дунд сургуульд багшилдаг Н.Нoмина гэгч эмэгтэй ирсэн байлаа. Тэрбээр “Өвөрмонголд нөхцөл байдал айдастай, тайван бус байгаа учир би улс төрийн орогнол хүсч Монголд ирээд байна. Би тэнд дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан. Энэ сарын 11-нд  Шилийн голын дунд сургуулийн 2000 гаруй сурагч малчдын эрх ашгийг хамгаалахын төлөө жагссан. Энэ үеэр нэг сурагчийг цагдаагийн машинаар дайрч хөлийг нь хугалсан. Одоо Өвөрмонголын Засгийн газраас төрийн албанд ажиллаж буй  хүн бүрт нэг сурагчийг даалгаж өгсөн. Хэрэв чиний дааж авсан хүүхэд жагсаалд оролцвол ажлаас нь хална гэсэн чанга тушаал өгөөд байна” хэмээн ярьсан юм. Түүний ярьсныг нотлох зургуудыг хэдийнэ интернетэд байршуулжээ. Тэр дунд хятад жолоочийн гарт амиа алдсан малчин за­луу болох Мэргэний зэрэм­дэглүүлсэн цогцос ч харагдаж байв.

Ер нь Өвөрмонголд байдал ямар байдаг юм бол оо. Тэнд ажиллаж, амьдарч байсан монголчуудын ярьснаар биднээс илүү хятадуудад тааламжгүй хандаж чадах үндэстэн бол өвөрмонголчууд гэнэ. Наад зах нь оюутнууд нь “Бид сайн сурахгүй бол хятадуудын боол болно” гэсэн итгэл үнэмшилтэй байдаг гэсэн. Тиймдээ ч өвөрмонголчууд хятадуудаасаа дутахааргүй ханз мэддэг байх тохиолдол бий гэнэ билээ. Бодитой эсэх нь тодорхойгүй ч Өвөрмонголын Багшийн сургуульд суралцдаг хоёр монгол оюутан “Босоцгоо миний Өвөрмонгол” нэртэй дуу зохион, интернетээр цацсан нь хэдхэн сарын өмнө шуугиан тарьж байв. Одоогоор тэдний сураг алдарсан ч “Yutube”-д буй эрх чөлөөг уриалсан дуу нь олны хүртээл болсоор байна. Эндээс харахад Өвөрмонголын залуу үе эрх чөлөөг хүсэмжлэх болжээ.

Үндсэрхэг үзэлтэй залуус өчигдөр дахин эсэргүүцлээ илэрхийлэхээр тохирсон байв. Гэхдээ тодорхойгүй шалтгаанаар жагсаал болсонгүй. Ямар ч байсан өнгөрсөн ням гарагт болсон жагсаалд оролцогчид хэсэгтэй тайвширч чадахгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Харин тэдний зорилгод нэгдэх монгол хүн хэд байгаа бол. Ням гарагт болсон жагсаалыг “Энэ чинь аль намынхан бэ” хэмээн сонжих иргэдтэй тааралдаж байлаа.  Ямар ч байсан олны нүдийг этгэээд хувцаслалтаараа  хужирладаг неонацист залуус дэндүү ч гэлээ заримдаа хийх зүйлээ хийж чаддаг мэт. “Улаан дэнлүү, хятад ханзтай гудамж Улаанбаатарт байх ёсгүй” гэж хуулиас гадуур хөдлөх зоригийг тэднээс өөр хэн гаргасан билээ дээ.
Гэгээвчээр тусах сарны гэрэлд орон дээрээ ганцаар суун эх орноо боддог нэгэн эрийн тухай шүлгийг интернэтээс уншиж байсан. Тэр эрийг эр яагаад, баян тансаг амьдралын тухай бодолгүй эх орон гээч гарт баригддаггүй зүйлийг бодсон юм бол хэмээн гайхмаар шүү. Харин бид ямар байгаа вэ. Элдэв зүйл тайлбарлах бус зүгээр л ням гарагт болсон эсэргүүцлийн үеэр халаасны хулгайч утсыг минь “онилсон”  байсныг бодохоор бачуурмаар санагдаж байна.

Хятадууд бидний нутагт ирж монгол хүнийг санаа амар дарлах боломжийг бид өөрсдөө олгосон гэхэд хилсдэхгүй. Гадаад орныг зорьсон монголчууд өнөөдрийн байдлаар 120 мянга орчимд хүрчээ. Мөн тэдний 80 хувь нь өнгөрсөн 10 жилд эх орноосоо мордоцгоосон. Тэдний ирэх цаг болсон баймаар. Гэвч тэдний цөөнгүй хэсэг нь эх орондоо буцаж ирэх бус “Монголд амьдрал байхгүй” хэмээн нэгнийгээ сэнхрүүлж суудаг гэнэ. Нялхаараа харь орныг зоригсод нь Монголоо мартана уу гэхээс буцаж ирэх нь юу л бол. Урд хөршид суралцаж буй монгол оюутнууд хятадуудын зааж буй түүхийн хичээлийг тэдний иддэг хоолноос нь илүү гайхдаг гэсэн. Түүгээр ч зогсохгүй зарим дээрэнгүй хятад хүн “Чи манай мужаас ирчихээд яагаад англи хэлээр яриад байгаа юм” гэх нь ч бий гэдэг. Энэ мэт зүйлийг амралтаараа ирж найзууддаа ярих монгол залуус цөөнгүй. Гадагшаа л явах нь зөв гэж сэнхрүүлэх үйлдэлд бага ч гэсэн хяналт тавибал болдоггүй л юм байх даа. Америкт ирланд цусыг ямар нэгэн хэмжээгээр агуулсан хүн 60 сая байгаа гэдэг. Гэтэл Ирланддаа өнөөдөр зөвхөн гуравхан сая ирланд хүн үлджээ. Үүнд мэдээж ирландчууд маш ихээр эмзэглэдэг. Өнөөг хүртэл ирланд залуус Америкийг үлгэрийн орон мэтээр төсөөлсөөр байдаг гэсэн. Тиймдээ ч өнөөдөр Ирландын нийслэл Дублин хот 80 мянган хятад цагаачтай болжээ. Эдгээр хятад иргэд өнгөрсөн 30 жилийн дотор л ирланд хэмээх тэрхүү жижиг арлыг эзлээд байгаа юм.

Энэ мэтээр бид мянга, мянган иргэнээ гадагш илгээж, жил бүр хоёр сумын нутаг дэвсгэртээ тэнцэхүйц хүн амаа нийслэлд бөөгнөрүүлж байна. Дээр нь хөдөө үлдсэн цөөн хэдэн хүнээ харь иргэний гарт алдаж байна. Тиймдээ ч ядуу иргэд маань  “махны үнэ нэмэгдлээ” гэх муу мэдээг сонсч залхахдаа “Солонгос улс руу визгүй зорчино” гэх утгатай өгүүлбэрийг өөрийн эрхгүй хүлээж байгаа. Дээр нь Монголын ажил олгогчид хятадуудыг ажиллах хүчээ болгохыг эрмэлздэг. Харин бид энд барилга барихаас илүү Солонгос, Чех рүү явсан нь дээр гэж тэд үздэг. Ийм хүсэл өвөрлөн үй олноороо харьд одож их юм сурч, их мөнгөтэй болж ирээд байгаа нь дэндүү цөөн. Үнэндээ ихэнх хүн мэргэжлээсээ өөр зүйл хийж байгаа. Америкт л гэхэд монгол эмч  ачигч, жорлон цэвэрлэгчээс хэтрэхгүй зүйлээр амьдралаа зогоож байна. Энэ нь эцсийн дүнд хувь хүмүүсийг маань Монголдоо ирэхэд санхүүгийн чадамжтай болгож байгаа мэт боловч үндэстний түвшинд аваад үзвэл эмгэнэл хэмээн оношлогдоно. Бид гадагшилж, харь иргэд Монголд минь үүрлэж байна. Урд хөрш хилээ хаачихна гэж айлгүй хүний нөөцдөө анхаарах цаг ирсэн юм биш үү.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж