Хоккейчид гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Хоккейчид гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ

-“Сhallenge Cup” тэмцээний хоёр удаагийн мөнгөн медальт Тайландын багийг хожиж, гурав дахь хүрэл медалиа хүртлээ-

Азийн хоккейн холбооноос зохион байгуулсан “Сhallenge Cup” тэмцээн БНХАУ-ын Тайванийн нийслэл Тайпед гуравдугаар сарын 14-19-ний өдрүүдэд явагдаж, өндөрлөлөө. Найм дахь удаагийн тэмцээнд АНЭУ, Тайланд, Тайвань, Монгол, Макао гэсэн таван орны баг тойргоор өрсөлдсөн юм. Харин 2011 оны аварга, 2013 оны мөнгөн медальт Хонгконгийн баг энэ жилийн тэмцээнийг өнжжээ.

Тэмцээнд нэг ч хожигдолгүй Тайваны баг түрүүлж, тус тэмцээний дөрөв дэх цомоо өргөсөн бол АНЭУ, Монгол Улсын багууд мөнгөн, хүрэл медалийн эзэн болсон юм. “Challenge Cup”-н хоёр удаагийн дэд аварга Тайландын баг өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр манай шигшээ багтай тоглосон ч 2:6 онооны харьцаагаар хожигдож, IV байрт орсон. Макаогийн шигшээ баг нэг ч хожил авалгүй сүүл мушгив.

Тайвань, АНЭУ-ын багуудын хувьд гурван хожилтойгоор цомын төлөө өрсөлдсөн юм. Харин Монгол, Тайландын багууд Макаог хожиж, дээрх багуудад хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглох болсон билээ. Шийдвэрлэх тоглолтод манай хоккейчид өрсөлдөгчөө илүүрхэн хожсоноор тус тэмцээнээс гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ. Энэхүү тоглолтын шилдэг тоглогчоор ОУХМ Г.Тамир тодорчээ. Мөн Монголын багийн нийт дөрвөн тоглолтын шилдгээр багийн ахлагч ОУХМ Н.Мишигсүрэнг тодруулсан бөгөөд шагналыг МХХ-ны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан гардуулан өгсөн байна.  

Тоглолтын дүнг танилцуулья:

III.14 (Бямба)

        Монгол – Макао 8-1

        АНЭУ – Тайланд 5-2

III.15 (Ням)

        Тайвань- Макао 30-0

III.16 (Даваа)

        Монгол – АНЭУ 1-6

        Тайвань – Тайланд 9-0

III.17 (Мягмар)

            Макао – Тайланд 1-4

III.18 (Лхагва)

            АНЭУ- Макао 7-0

            Монгол– Тайвань 2-8 (Б.Болдбаяр, Э.Мөнхзаяа нар гоол хийсэн.)

III.19 (Пүрэв)

ХҮРЭЛ медаль: Тайланд  – Монгол 2-6

АЛТАН медаль: Тайвань – АНЭУ 5-4

“Сhallenge Cup” тэмцээнд оролцсон манай шигшээ баг өнөөдөр эх орондоо ирнэ.

“Сhallenge Cup of Asia" тэмцээнд Тайвань улс хамгийн олон удаа буюу таван удаа цом өргөснөөс сүүлийн гурван жил дараалан түрүүлээд байна. АНЭУ хоёр удаа, Хонгконгийн багт нэг удаа түрүүлэв. Харин манай улсын шигшээ баг сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртээд айна.

 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж