Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

100 хоног, 100 хүлээлт

“Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажлаа эхлүүлээд 100 хоног болж байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр Ардчилсан нам Засгийн газрыг байгуулах эрхийг гартаа авч, МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг, ИЗНН-тай хамтран Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар Засгийн газар танхимаараа огцорсон билээ.  Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлж, УИХ арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг томилж байв. Харин  танхимын 18  сайдыг УИХ 2014 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө томилж, танхимаа бүрдүүлсэн юм. Энэ өдрөөс хойш бүтэн улирал гаран буюу 100 хоног өнгөрчээ.  Үйл ажиллагааныхаа чиглэлийг “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засагт, гуравдугаарт эдийн засаг” хэмээн  тодотгосон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  танхимаараа ажилласан 100 хоногийн  хугацаанд  эдийн  засгийн  хүндрэлийг даван туулах хөтөлбөр боловсруулах,  томоохон төслүүдээ хөдөлгөх гэсэн хоёр гол зорилтыг тавьж ажилласан. Засгийн газар бүрэлдсэн 100 хоногийн хүрээнд  тодорхой арга хэмжээ зохион байгуулаагүй ч олон нийт Ч.Сайханбилэгийн Засгийн газрын ажилд үнэлэлт өгөх эрхтэй.  Засгийн газар 100 хоногт юу амжуулав, ямар  үр дүнд хүрэв?


Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр батлав

УИХ 2015  оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн  41-р тогтоолоор Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нарийвчилсан хөтөлбөр боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг “мөрөөдлийн жагсаалт” болгохгүйн тулд хэрэгжүүлэх боломжтой, бодит нөхцөлдөө уялдсан байхыг чухалчилжээ. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээлснээр төлбөрийн тэнцлийн алдагдал болох 1.4 тэрбум ам.доллар, төсвийн алдагдал болох  1.2 их наяд төгрөг Засгийн газрын санаа зовоосон асуудлын нэг болоод байна. Тиймээс эхний ээлжинд энэ хоёр алдагдлыг  хоёуланг нь бууруулах,  төлбөрийн тэнцлийн алдагдлыг балансжуулахад анхаарал хандуулж байгаа аж. Засгийн газар өнөөдрийн байдлаар 3 их наяд төгрөгийг дотоод бондоосоо зарцуулжээ. Энэ мөнгө нийт арилжааны банкуудад эргэлдэж байгаа зээлийн 25 хувь. Засгийн газар нь эдийн засаг руугаа орох мөнгөнөөсөө 25 хувийг татаж авчихаад эдийн засгаа тэлнэ, өргөжүүлнэ гэж ярихад хүнд учир нэг талдаа  төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал гэх хоёр том тоог бууруулах чиглэлд бодлогын арга хэмжээ зохион байгуулж байна.  Төсвийн алдагдлыг  гадны санхүүгийн байгууллагаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах замаар бууруулах, валют Монгол Улс руу орж ирж байгаа гэдэг утгаараа төлбөрийн тэнцлийн алдагдлаа бууруулах боломжтой гэж тооцоолж буй. Төсвийн нийт алдагдал болох  3 их наядынхаа ядаж 50 хувь буюу 800 сая ам.долларыг эдийн засагтаа оруулахаар  гадны санхүүгийн байгууллагад хандаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, дотоод бонд гэхээсээ илүү бага хүүтэй, урт хугацаатай зээлийг гаднаас авч, эдийн засгаа тогтворжуулахыг чармайж байна. Энэ бол Засгийн газрын хэрэгжүүлж буй эхний алхам.


Тавантолгой, Оюутолгойн хэлэлцээрүүд үргэлжилж байна

Бүх намуудын төлөөлөл багтсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын томоохон  ажлуудын нэг нь томоохон төслүүдээ урагшлуулах  байв. Өнөөдрийн байдлаар  Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулахаар шалгарсан “Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК- ийн хамтарсан консорциумтай манай улсын Засгийн газар хийж буй хэлэлцээр  хоёр дахь шатандаа яваа. Өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газрын төвшинд Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинто-той тусгай  хэлэлцээр хийж эхэлснийг ТУЗ-ын гишүүн Ч.Отгочулуу мэдээлсэн.  Түүний хэлснээр бол Засгийн газар хөрөнгө оруулагч талтай далд уурхайн зээлийн нөхцөлийг сайжруулах тал дээр ярилцаж, хэлэлцээр хийж байгаа ажээ.  Хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хугацаанд үүссэн асуудлаа ярилцаж шийдвэрлэснээр дараагийн ажлыг үе шаттайгаар эхлэх аж. Өөрөөр хэлбэл, анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн, татварын маргааны асуудлыг эцэслэн шийдэж, хоёр тал ойлголцолд хүрвэл хоёр дахь шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болно.  


290  тэрбум төгрөгийн  зээл нэмж авахаар болов

Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг  Ч.Сайханбилэгийн Засгийн газар үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл,  Монголбанкийг үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гаргахаар яриа хэлцлийг Ажлын хэсгийн түвшинд хийгээд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргахаар болжээ. Ингэснээр гаднаас 290 тэрбум  төгрөгийн зээл нэмж авах нөхцөл бүрдэж байгаа гэж Сангийн сайд мэдээлсэн.  Түүнчлэн  намрын чуулганаар амжиж баталсан Өрийн удирдлагын хуулиар төрийн болон орон нутгийн өмчийн компаниудын өр зээлийг  Засгийн газрын өрөөс гаргасан. Ингэснээр 450 орчим сая ам.долларын орон зай  үүсээд байгаа. Энэ мөнгийг  урт хугацаатай хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  зарцуулахаар   төвөвлөжээ.  Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийн хүрээнд төсвийн зарцуулалтын үр ашгийг  дээшлүүлж, хариуцлагыг сайжруулах, халамжийн бодлогыг зөвхөн зорилтот бүлэгт нь чиглүүлэхээр  болсон.  Мөн төсвийн нэгдмэл ил тод, хяналтын бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний бодлогоор эдийн засгийн гадаад тэнцлийг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдээ эхлүүлэх зэрэг зорилтыг  тусгаад байгаа юм.


Япон улстай томоохон хэлэлцээрт гарын үсэг зурав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал нь Япон  улс байв. Тэрбээр 2015 оны  хоёрдугаар сарын  11-ний өдөр гурван жил гаруй хэлэлцсэн Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь манай улсын  хувьд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээр байв.  Хэлэлцээрийн үеэр  Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгох,  Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Японоос мэргэжилтэн илгээх асуудлыг шийдвэрлэсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэхүү айлчлалаар үзэглэсэн хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашлаад иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээл, эдийн засгийн интеграцтай холбоход чухал ач холбогдолтой гэж  дүгнэж буй. Хэлэлцээрийг түшиглэн  Японы хөрөнгө оруулалт, ноу хау-г нэвтрүүлэх, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн хэлхээ холбоонд нэгтгэх эрмэлзлэээ Ерөнхий сайд илэрхийлсэн билээ.


Хэмнэлтийн горимд оруулах ажлуудыг хийж эхэллээ

Шийдлийн Засгийн газар  хийхдээ тансаг хэрэглээгээ танах,  хавтгайрсан халамжаас татгалзах, шат шатандаа  үрэлгэн зардлаа бууруулах чиглэлийг баримталсан.  2015 оны төсвийн тодотголыг хийхдээ  нэг их наяд орчим төгрөгөөр орлого, зарлагыг бууруулж, төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийх бүтээн байгуулалтын ажлыг танаж,   өмнө нь эхэлсэн ажлуудыг дуусгах зарчим баримталсан юм. Түүнчлэн яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглаж байхаар  болсон. МИАТ-ын алдагдлыг бууруулахын тулд ганц эх үүсвэртэй түлш нийлүүлдэг хараат байдлаас ангижирч, түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох ажлыг эхлүүлсэн. Хэдийгээр  улс  тэр чигээрээ хэмнэлтийн горимд шилжсэн ч нийгмийн чанартай, олон жил асуудал болсон эмнэлэг сургуулийн барилгыг концессоор барихаар болсон. Энэ хүрээнд нийслэлд  72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг концессоор, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 21 сургууль  шинээр барих  шийдвэр гаргажээ.  Хуучнаар төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэрийг гаргаж,  Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийг хэрэгжүүлэх замаар тус барилгыг энэ оны наймдугаар сард 260 ортой нэгдсэн эмнэлэг болгох үүргийг Ерөнхий сайд   салбарын яаманд  өгөөд байна.  Мөн Засгийн газрын Х байр буюу хуучнаар Соёл, спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлагаар худалдаж, олсон орлогыг Яармагт баригдаж эхлээд дутуу орхигдсон 300 ортой төрөх   эмнэлгийн барилгын ажилд зарцуулахаар шийдвэрлэжээ.


Цахилгаан станцуудын хөрөнгийг шийдвэрлэлээ

Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд бүтээн байгуулалтын дорвитой ажлууд гараанаас гарч, заримынх нь хөрөнгийн асуудал шийдэгдлээ. Одоогийн байдлаар Монгол Улсын  төв, өмнөд бүсийг  эрчим хүчээр хангах олон жил яригдсан  ТЭЦ-5, Багануурын цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцуудын ажил ид өрнөж, бэлтгэлээ хангаж байна. Үүний зэрэгцээ нар, салхины  эх үүсвэрээр станц барих ажлыг концессоор барих яриа хэлцэл хийгдэж эхэлжээ.

Эгийн голын усан цахилгаан станц: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэхээр  тогтоод  байна.

Ховдын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц: Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Мөн 2016 оны хоёрдугаар улиралд багтаан усан цахилгаан станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Багануурт 700 МВт-ын  хүчин чадалтай  цахилгаан станц: “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Хөрөнгө оруулалтын газрын даргад зөвшөөрсөн. Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа юм.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц: Хөрөнгө оруулалтыг шийдээд энэ жилээс бүтээн байгуулалт нь эхэлнэ. Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц  баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангах аж.


Баталсан, өргөн барьсан хуулийн  төслүүд

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж хувь хэмжээгээ нөөц ашигласны төлбөрөөр рояалти фи-ээр солих шинэ энэ эрх зүйн шинэ орчноо бий болгосон.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулав. Шинээр батлагдсан хуулийн гол агуулга нь гол, мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглож, ойн сан бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг Ойн тухай хуулийн дагуу 1 мод огтолбол 10-аас доошгүй мод тарих, нөхөн сэргээлт хийхээр зохицуулсан. Мөн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож, “урт нэртэй хууль” батлагдахаас өмнө усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авч, нөхөн сэргээлт хийлгэх журмыг Засгийн газар баталж хэрэгжүүлэхээр заасан. Ингэхдээ нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тухайн аж ахуйн нэгж 100 хувь урьдчилан байршуулж, хэрэгжилтэд нь төр хяналт тавихаар болсон. 

Төрийн албаны хуулиа өргөн барьсан. 16 бүлэг, 63 зүйлтэй уг хуулийн төсөл батлагдсанаар  уламжлалт төрийн албаны ойлголт, үзэл баримтлалыг иргэдэд үйлчилдэг нийтийн алба болгох чиглэлээр өөрчилнө. Улстөрөөс хараат бус шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогдох нөхцөл баталгаажна.

Эдийн засгийн ил тод байдал, эдийн засгийн өршөөл, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын, зөрчлийн хуулиуд өргөн барьсан.

Казино, морин тойруулгын хуулиуд өргөн барьсан. Казиногийн хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэх эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгажээ.


Бусад ажлууд  нэг өгүүлбэрээр

200 сая орчим ам.долларын урьдчилгаагаар 12 тонн алт олборлох шийдвэрийг гаргажээ.

Хайгуулын лицензийн асуудлуудаа шийдсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн

106 лицензийн асуудлыг шийдсэн. “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу  2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. 

АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Мянганы сорилтын сан өмнө нь манай улсад 285 сая долларын төсөл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Монгол Улсын сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөөх үйл ажиллагааг үнэлж, төслийн эхний шатанд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргажээ.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээр байгууллаа. 2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр байгуулах ажил амжилттай өндөрлөж, талууд хэлэлцээрийн бичиг баримтад гарын үсэг зурсан байна.

Хилээр зорчигчийг хил зөрчигч болгодог байдлаа зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

 –Худалдаа хөгжлийн банк, мөн Төрийн банкин дээр бонд босгох энэ асуудлуудынхаа шийдвэрийг гаргасан. УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, бага хүүтэй, урт хугацаат гадаад валютын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Төрийн банк 300 сая ам.доллар хүртлэх хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Худалдаа хөгжлийн банкнаас олон улсын зах зээл дээр бонд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дэмжлэг үзүүлэх захидал”-ыг гаргахыг зөвшөөрлөө.

Концессоор 6 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоно.Ингэснээр 21 аймаг холбогдож дуусна.

Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн авто замыг 2016 онд ашиглалтад оруулна

Зээлийн шугам нээж, баталгаа гаргахаар боллоо.ОХУ-аас авах газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулахад шаардагдах гадаад валютын урсгалыг тэнцвэржүүлэх зорилгоор зээлийн шугам нээхээр боллоо. 36 сарын хугацаанд ашиглах боломжтой 300 сая ам.долларын дээд хязгаар бүхий зээлийн шугамыг нээснээр шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжиж, нөөц нэмэгдэх бөгөөд импортлогч нарт тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болно.

Иргэний нисэх дээр “Си Бус” системд шилжээд 30 км тутамд новигацийн нислэг хийх шийдвэр гаргалаа. Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хоорондын тууш зайчлал 90 км байсныг багасган 30 км-ийн зайчлалд шилжүүлэх ажил  амжилттай хэрэгжиж эхэллээ.

Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх асуудлаа шийдсэн. Урд нь дарга нар байдаг ТУЗ-ыг мэргэжлийн хүмүүс, мөн бизнесийн, хувийн хэвшлийнхний төлөөллөөр Төрийн өмчийн хорооноос шийдсэн.

3 сая дахь иргэнээ хүлээж авсан. Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин гурван сая дахь иргэнээр тодорсон байна.

Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой татварыг ЗГ-аас тогтоосон

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүллээ. Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 000 төгрөг болох юм.

Дорнодын цахилгаан станцыг концессоор барихаар шийдсэн байна.

-Гацууртын ордын асуудал шийдсэн

 -Улаанбаатар хотын утааг шийдэх /газын/ хийн үйлдвэрийн санхүүжилтийг шийдсэн

-ITB Берлин амжилттай зохион байгуулж, энэ жил ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ

-Роснефть-тэй гэрээ шинэчилж байгуулснаар бензин түлш, шатахууны үнэ тогтвортой байна

-Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлээ ЗГ шийдвэрлэсэн

-Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлого, аж үйлдвэржилтийн бодлого өргөн барьсан

Ч.Сайханбилэгийн Засгийн газар өнгөрөгч 100 хоногийн хугацаанд чамгүй ажлууд амжуулжээ. Гэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарах, валютын урсгалыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдээ хөдөлгөх ажил эхлэл төдий явна. Засгийн газарт жил хагасын  хугацаа үлдсэн. Энэ хугацаанд аль нэг нам нь засгаас гарах шоу хийчихгүй бол төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх боломж байна. 100 хоногийн хугацаанд Ч.Сайханбилэгийн Засгийн газар үр дүнтэй ажилласан эсэхийг  уншигч та мэргэн ухаандаа тунгаана  биз ээ.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж