Дэлхийн ноён оргил Эверестэд мөрөө үлдээсэн анхны монгол бүсгүй Б.Гангаамаа маргааш эх орондоо ирэх гэж байна. Энэ сарын 21-нд дэлхийн зулайд хөл тавьсан уулын спортын ОУХМ Б.Гангаамаа маргааш 11.50 цагаас "МИАТ" компанийн нислэгээр Улаанбаатарт буух хуваарьтай юм. Дэлхийн ноён оргилд авирах чин хүсэл зорилго өвөртлөн дөрөвдүгээр сарын эхээр эх орноосоо мордсон түүнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамирын спортын газрынхан Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Үүний дагуу маргааш өглөө 10.00 цагаас Спортын төв ордноос сэтгүүлчдэд зориулсан унаа хөдлөх юм байна.
Б.Гангаамааг эх орондоо ирсэн даруйд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүлээн авч уулзан, баяр хүргэх гэнэ. Харин маргааш өдөр нь буюу пүрэв гаригт 11.00 цагаас Спортын төв ордны хурлын танхимд Эверестийн авиралтын талаар албан ёсны хэвлэлийн хурал хийж, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон Монголын уулчдын холбооноос Б.Гангаамаад хүндэтгэл үзүүлэх юм байна.
С.Цэлмэг