Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Таталцлын хүч

Умард Солонгосын удир­дагчид БНХАУ-д VIP айлч­лал хийж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Европ дахь айлч­­лалаа өндөрлөж, харин Мон­­голын Ерөнхийлөгч ОХУ дахь  айлчлалаа эхэл­лээ. Дэл­хий дахины мэдээ өчигд­рийн байдлаар нэг иймэрхүү. “Машинтай” монголчууд Ерөн­­хийлөгчөө ОХУ-ыг зорьс­­­ныг сон­соод “Өө, манай Ерөн­хийлөгч дизелийн түлш гуйхаар явж” гэлцэж бай­на. Хөөрхий дөө. Хэдэн са­рын өмнөөс бэлдэж, бөөн тохи­ролцоо, хохиролцооны үр дүнд Кремлийн “виза” олж авч буйг хүн бүр яахан мэдэх билээ. Яах аргагүй энэ өдрүүдэд Монголын ард түмэн Кремлийн зүг ширтэж байв. Учир нь шатахуунаар ажилладаг бүх техник хэрэгсэл “өлсгөлөн зарлачихаж”.  “Роснефть” гэ­дэг ком­пани, түүний захирал Эдуард Худайнатов  нарын ту­хайд нарийн ширийнийг нь мэдэхгүй шүү дээ. “В.Путин л пожалуйста гэчихвэл шатахуунтай болно” хэмээн хүлээж буй.

Нарийн ярьвал В.Путин өөрөө ч сандраад байгаа болол­той юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ “Шатахууны үнийн өсөлт нь үйлдвэрлэгч ком­­паниудын тохиролцоотой хол­боотой хуйвалдаан байсан” хэ­мээсэн. Түүний саналтай орлогчоос нь гадна улсын Ерөнхий прокурор нь хүртэл санал нийлсэн. Бүр цаад шалтгаан нь юу гээч. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин өнгөрсөн хоёрдугаар сард үйлдвэрлэгчдэд хандан шатахууны үнийг буулгах шаардлага тавьснаас болж  Оросын нефть үйлдвэр­лэгчдийн бүлэглэлүүд үгсэн хуйвалдсан. Ийм хуйвалдаанд цэг тавих хориг арга хэмжээ боловсруулна” хэмээн тус улсын Засгийн газар үзэж байгаа ажээ.

“Хугацаа нь дууссан” хуучин анд  Сергей Богдан­чиков монголчуудад элэгтэй нэгэн байлаа. Мэдээж В.Пу­ти­ны хүн байсан. Ха­рин өнгөрсөн есдүгээр са­раас эхлэн Ерөнхийлөгч Д.А.Мед­ведевийн хүн гэгдэх Эдуард Худайнатов  “Роснефть”-ийг тэргүүлэх болсон.

Ямартай ч 12 жилийн турш монголчуудтай хэлэлцээрийн ши­рээний ард суусан танил нөхрөөс тэс өөр уур амьсгал угтаж байна. Дашрамд дурьдахад В.Путин өн­гөрсөн  оны наймдугаар сарын сүүлчээр Норильск хотод айлчилсан. Энэ бол оросуудын хувьд бяцхан халуун цэг болоод байгаа. Учир нь тус хотын 300 орчим оршин суугч “BasEl Cement Pikalyovo”, “Metakhim cement plant”, “Pikalyovo Cement” зэрэг компанийн үйл ажиллагааг зогсоосны төлөө үймээн дэгдээсэн тул Засгийн газрын тэргүүн зорьж очжээ.  Норильск бол дэлхийн никель үйлдвэрлэгчдийн хаан  “Норилск Никель”-ийн гол хувьцаа эзэмшигч Владимир Потанин, Олег Дерипаска нарын зөрчлийн өлгий нутаг ч гэж хэлж болно. Дээрх олигархиудын давуу эрхийн төлөөх тэмцэл энэхүү жижиг хотыг залгиж мэдэхээр болоод буй. Өнгөрсөн зургадугаар сард хэлэлцээр хийгээд үр дүнд хүрээгүй тэдний ашиг сонирхлын зөрчилдөөн гадаадад ч нөлөөлж мэдэхээр байгаа юм. Юу гэвэл Хятадын Эрчим хүчний сайд Зян Гу Бао Оросын “Роснефть”-ийнхэнтэй албан ёсны уулзалт хийхээс аргагүйд хүрчээ. Орос-Хятадын хамтарсан уг нийгэмлэгийн 49 хувийг “Роснефть”, 51 хувийг Хятадын “CNPC” эзэмшдэг бөгөөд асуудал ойрын үед шийдэгдэх төлөвтэй байгаа гэсэн мэдээлэл бий. 

Энэ тохиолдолд хөөрхий Монгол Улс хоёр их гүрний нефтийн дамжин өнгөрүүлэх бааз байх нь тодорхой. Нэгэнт л тийм нэр хоч зүүснээс хойш “Дамжин өнгөрүүлэгч орон”-ы ёсоор давуу эрх эдлэх боломж бидэнд байх ёстой. Бас ашиг хүртэж болно. Магадгүй энэхүү давуу эрхийн нэгээхэн хэсэг нь Орос, Хятад хоёр талаас зэрэгцэн ирсэн дизелийн түлшний тусламж байж ч болох юм. Оросууд одоогийн байдлаар гурван вагон дизелийн түлш “илгээв”. Хятад ах нар мөн л туслахаар болов. Нөхцөл байдал аль алинд нь амаргүй байгаа. Тухайлбал өмнөд хөршид он гарсаар эрчим хүчний хомсдол нүүрлэж, хязгаарлалт тогтоож эхэлсэн. Үндэсний компаниуд нь алдагдалд орж байгаа тул дизель түлш экспортлохыг хориглосон тухай мэдээллийг арав хоногийн өмнөөс өгч эхэлсэн.
Яг энэ үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Бээжинд хэлэлцээ хийж яваа. Үр дүнд нь эхний ээлжинд 180 тонн түлш ачуулахаар болжээ. Мэдээж энэ хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа аж. Сайд ирмэгцээ ОХУ-ыг зорих бөгөөд Ерөнхийлөгчийн айлчлалыг өндөр­лөхөөс өмнө амжиж очиж хэлэлцээр хийх юм. Одоогоос хоёр жилийн өмнө “Роснефть”-ийн ийм “шахаа”-тай тулгарч байсан. Тэр үед Украины төлбөрийн чадваргүй байдлаас болж Европын холбоо хүнд байдалд ороод байв. Эцэст нь “Газпром”, “Нефтьгаз”-ийн тэргүүнүүд шөнөжин хуралдаж хэрхэхээ хэлэлцэж байв. Яг тэр хүнд үед Казахстан Монголд цөөн тоннын хэмжээтэй шатахууны тусламж үзүүлж байсан. Хэдийгээр тэдний шатахууны үнэ “Роснефть”-ээс хямд боловч тээврийн зардал өндөр болохоор тийм ч найдвартай гарц болж чадаагүй л дээ.

Ийнхүү Монгол Улс хоёр том гүрний дунд байхын жаргал зовлонг амсч байна аа. Хомсдвол дусал бензин ч олдохгүй. Олдвол уралдаж өгөөд л. Үүнийг геополитекийн таатай нөхцөл гээд хөөрөөд байх нь ч хаашаа юм бэ. Нэг л сэжиг төрөөд байна. Сонгуулийн өмнөх жил…Шатахууны хомсдол…Ерөн­хийлөгчийн айлчлал…Асгатын асуу­дал гэсэн маршрут бүхий танил сце­нари. Яагаав, УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдаар ажил­лаж байсан Х.Наранхүү, “Роснефть”-ийн ерөнхийлөгч С.М.Богданчиков нар захиа бичилцэж, ОХУ-ын “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн охин компани “PH Монголиа” ХХК-д 100 ширхэг ШТС-ын сүлжээ болон нефть бааз байгуулахад зориулан газар олгох үүргийг Монголын Засгийн газар хүлээсэн байсан шүү дээ. Ийм санал одоо тавибал яах вэ.

Нөгөөтэйгүүр “Төмөр замаа 100 хувь мэдэлдээ авсан ч болно. Харин Асгатын ордыг бидний мэдэлд өг” гэвэл ямархан хариу өгөхөөр зэхсэн бол гэдэг ч сонирхолтой л юм.. Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д анхны айлчлалаа хийж байна. Монголын төрийн тэргүүнүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын сэдэв өнгөрсөн арван жилийн дотор бараг өөрч­лөгдөөгүй нь сонин. Тухайлбал, Ерөн­­­хийлөгч Н.Багабандийн урил­­гаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пу­тин 2000 оны арваннэгдүгээр са­рын 13-14-нд төрийн айлчлал хий­сэн. Энэ үеэр “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталсан. Мөнөөх л “УБТЗ”, “Монголросцветмет”, “Эр­­­дэнэт”-ийн асуудал, хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, цөмийн зэвсэггүй Монголыг даажигнах мэт баахан гэрээ хэлэлцээрээр баялаг айлчлал болсон байдаг юм. Үүнээс зургаан жилийн дараа буюу 2006 оны арванхоёрдугаар сарын 4-9-нд Ерөнхийлөгч Н.Энхбаяр галт тэргээр даялан Кремльд очихдоо “Москвагийн тунхаглал”-ыг төрүүл­сэн. Дээр дурьдсан сэдвүүд яг л хэвээрээ. Сүүлийн жилүүдэд энэ бачимдуу уур амьсгалд агаар оруулах мэт уул уурхайн асуудал түрэн орж ирж байгаа нь таатай байв. Харамсалтай нь Арбитрын шүүх дээр гацсан асуудлаас болоод “Дорнод уран” компани байгуулах талаарх зарим асуулт тодорхой хариутай ирж чадахгүй биз ээ.  Тавантолгойн орд болон бусад асуултын хариуг тодорхой болгож ирэх эсэх нь мөнөөх л “Таталцлын хүч”-ээс шалтгаална.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж