Тэгсэн манайд яасан гээч. Ганцхан жилийн дотор 100 гаруй хүн усанд живж амиа алджээ. Айн. Юу гэнэ ээ. Бүтэн жил гэдэг чинь 365 хоног гээд бодохоор их хугацаа байна гэж үү. За тэгвэл Налайхын уурхайд хоёрхон хоногийн дотор долоон хүн нас барсныг юу гэх вэ. Дайн дажины хөлд нэрвэгдээгүй хамгийн тайван орон Монголд ийм эмгэнэлт явдал тохиолдож байна гэдэг чинь жигтэй биш үү.
Яасан бэ. Хоёр хоног гэдэг бас их хугацаа байна уу. Тэгвэл микро автобусандаа 20 хүн суулгачихаад согтуу хурдлах жолооч ганцхан хормын дотор осол гаргаж байгааг юу гэх вэ. Тэгэхэд азаар зорчигчид нь хүнд, хөнгөн бэртээд өнгөрсөн. Тэр хүмүүс жолоочийг нь халаалттай байгаа эсэхийг шалгаж байж суухгүй, ганц машин руу юунд тийм олуулаа чихсэн юм бол доо гэж байна уу. Та тэгвэл нийтийн тээврийн жолооч хурд хэтрүүлэн давхиж яваад зам хөндлөн гарч явсан нэг гэр бүлийн гурван хүний амийг тасалсан тухай сонссон биз. Манай томчууд тэгээд энэ мэтийн зүйлд санаа тавих биш дээ, ямар. Яана аа, одоо. Гадны нэгэн жуулчнаас Монголд ирээд ямар санагдсан тухай хүн асууж байхыг санаандгүй сонслоо. Жуулчин хариу болгож “Би Афганистанд очиж үзсэн хүн. Тэрний дэргэд танай улс “nice” шүү” гэсэн дээ, хөөрхий. Монгол Улс олон арван жил дайн самуунд автсан Афганистантай ингээд л харьцуулагдчихсан юм. Манай төр засаг Монголоо гэдэггүй юм байж. Тэгвэл ядаж НҮБ нэг юм бодох байлгүй дээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин