Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Ван овогт юу гэх бол

Үе, үехэн гарч ирж харийнханд дээрэлхүүлсэн монголчуудыг өмөөр­дөг “Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Талын цөөвөр чоно” зэрэг хөдөлгөөний залуус уржигдар Хятадын Элчин сайдын яамны гадна жагсч эсэргүүцлээ илэрхийлэв. “Муу сайн хятадууд даварлаа. Эх нутаг, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа өвөрмонголчуудыг элэг нэгт ахан дүүс нь дэмжиж байна” хэмээн элчингийн гадаа хашгирах тэр үед БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шаолун юу бодож суусан бол. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард манай улсад хүрэлцэн ирж, итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан. Монгол улсад Элчин сай­даар томилогдон ирэхээсээ өмнө Хятадын Гадаад харилцааны яаманд орлогч дарга, НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газарт атташе, Хэбэй мужийн Цан Жоу хотын дарга, Сингапур улсад суугаа Хятадын Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэ­гэн. Мөн эдийн засгийн ухааны чиг­лэлээр докторын зэрэг хамгаалсан боловсролтой хүн. Элчин сайд Ван овогт манай улсад хүрэлцэн   ирснийхээ дараа нийслэлийн  За­хирагч болон сайд, дарга нартай уулзаж, хамтран ажиллахаа илэр­хийлж байв. Энэ үеэрээ нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд туслалцаа үзүүлэхээ амла­сан. Нэг ёсондоо монголчуудтай гар барин, нөхөрсгөөр уулзаж байлаа. Харин анх удаагаа хятад хүнийг, тэр дундаа Хятад улсыг таашаадаггүй монголчуудын эсэргүүцэлтэй нүүр тулж байгаа нь энэ. Тэрбээр “Улаан­баатар хот хурдацтай хөгжиж байгааг ирэнгүүтээ л мэдэрлээ” хэмээж байв. Тэгвэл одоо монголчуудын үндсэрхэг үзлийн талаар нэгийг эргэцүүлж суугаа биз.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж