Цээл сумын иргэд эсэргүүцэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Цээл сумын иргэд эсэргүүцэл илэрхийлэв

Төв аймгийн Цээл сумын нутагт алт олборлох  тусгай зөвшөөрлийн маргаан дэгдээд багагүй хугацаа өнгөрч байна.

Тус сумын иргэд өвөг дээдсийн оршуулгатай болон газар тариалангийн бүс нутагт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "ЕОС"  компани алтны хайгуул хийх лиценз авлаа хэмээн эсэргүүцэн шүүхэд ханджээ.

Харин уг хэргийг тус аймгийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "ЕОС"  компанийн талд шийдвэр гаргасан аж.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн үүдэнд цуглан эсэргүүцлээ илэрхийллээ. Уг хэргийг өнөөдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж байгаа юм байна.

Энэ үеэр нутгийн иргэдийн байр суурийг болон ямар шалтгаанаар ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж буйг тодрууллаа.

Цээл сумын иргэн "Өгөөж баян Цээлээ аварья" ТББ-ын тэргүүн У.Дамбийсүрэн:

"Цээл суманд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "ЕОС"  компани алтны хайгуулын гурван лиценз авсан. Гурван лицензийн нэгэнд нь тариалангийн талбай орсон. Цээл сум бол тариалангийн бүс нутаг шүү дээ. Хэрэв "ЕОС" компани алт олборлох зөвшөөрлийг авах юм бол орон нутагт ууршил явагдаж, цаг агаарын өөрчлөлт орохоос гадна зөөлөн хөрстэй учир дахин тариалан тарих боломжгүй болох аюултай. Бүх нотлох баримт БНХАУ-ын компанийн эсрэг байсан боловч аймгийн анхан шатны шүүхэд "ЕОС" ялсан.  Энэ удаа давж заалдах захиргааны шүүхийн шийдвэр "EOC" компанийн талд гарвал бид тэмцлийн дараагийн  хэлбэрт шилжинэ" гэж хэлсэн юм.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж