Йинглак Шинаватра
Тайландын экс ерөнхий сайд Йинглак Шинаватра тариаланчдад олгосон цагаан будааны урамшууллын хөтөлбөрөөс болж эрүүгийн хэрэгт татагдлаа. Тайландын Дээд шүүх өнөөдөр /III.19/ экс ерөнхий сайд Йинглак Шинаватраг буруутгасан эрүүгийн хэргийн зүйл ангийг хүлээн авч, шүүх хурлын товыг ирэх тавдугаар сарын 19-нд зарлажээ. Йинглак Шинаватраг олон тэрбум ам.долларын өртөгтэй цагаан будааны хөтөлбөрийг муу гүйцэтгэсэн хэмээн буруутгасан байна. Хэрэв Тайландын шүүх түүнийг буруутай гэж үзвэл 10 хүртэл жил шоронд хорих ял сонсох аж. Харин Йинглак Шинаватра өөрийг нь буруутгасан хэргийг эрс үгүйсгэж, улс төрийн зорилготой хэмээжээ.
Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард Тайландын шүүх цагаан будааны урамшууллын хөтөлбөртэй холбоотой авлигын хэрэгт Йинглак Шинаватраг таван жил улс төрд орох эрхийг нь хассан юм.
Йинглакийн нам эрх барьж байх үед буюу 2011 онд Тайландын Засгийн газраас тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх хөдөө дэх ядуурлыг бууруулах зорилгоор цагаан будаа худалдан авах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний хүрээнд Засгийн газар тариланчдаас цагаан будааг зах зээлийн үнээс 50 хувь илүү өндөр үнээр худалдан авч, тэдэнд урамшууллын мөнгө олгохоор шийдвэрлэсэн аж. Энэ нь хөдөөгийн хүн амын дунд тааламжтай шийдвэр болсон ч экспортын өрсөлдөх чадварыг эрс бууруулсан юм. Улмаар хэтэрхий их цагаан будааны нөөц үүсгэснээс үүнийг худалдахад Тайландын эрх баригчдад хүндрэл учирч, тариаланчдад олгох нөхөн олговор, өндөр үнээр худалдах авах үйл явцыг зогсоосон аж. Тайландын санхүүгийн сайд өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд мэдэгдсэнээр цагаан будааны урамшууллын хөтөлбөрөөс болж 16.46 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэнэ. Тайландын цэргийнхэн засгийн эрхэнд гарснаас хойш их хэмжээний цагаан будааны нөөцийг худалдахын тулд таван удаа тендер явуулж, нэг сая гаруй тонныг 526 сая ам.доллараар зарсан аж.
Йинглак Шинаватрагийн эсрэг ард түмний эсэргүүцлийн жагсаалд цэргийнхэн нэгдсэнээр өнгөрсөн оны тавдугаар сард суудлаас нь буулгасан билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters