Европын төв банкны бодлогын эсрэг эсэргүүцэл

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Европын төв банкны бодлогын эсрэг эсэргүүцэл

Европын төв банкны тэргүүн  Марио Драги шинэ байрныхаа нээлт дээр. EPA/FRANK RUMPENHORST

 

Германы Майнын Франкфуртад Европын төв банкны тэргүүн Марио Драги шинэ байрныхаа нээлтийг лхагва гаригт хийлээ. ХБНГУ-ын санхүүгийн нийслэлд капитализмын эсрэг үзэлтнүүд, зүүний идэвхтнүүд, анархистуудын зохион байгуулсан үймээнтэй байсан ч шинэ байрныхаа нээлтийг хийлээ.

 

Нээлтийн арга хэмжээн дээр Драги евро бүсийн бүх орнуудын эв нэгдэл чухлыг онцлон хэлжээ. “Бид тусгаарлагдахгүй гэсний бэлгэдэл нь энэ байшин болж байна. Бидний валютын холбоо үргэлжлэн оршин тогтнох ёстой” гэж тэр хэлэв. Сүүлийн үед ЕТБ-ны  эсрэг евро бүсийн хямралд хэлмэгдсэн орнуудын хүн ам ихээхэн шүүмжлэлтэй хандах болсныг тэр хүлээн зөвшөөрлөө.

 

Банкны барилгын нээлт болж байхад хотод түгшүүртэй үйл явдал өрнөж байлаа. Лхагва гаригт цагдаагийнхны мэдээлснээр мөргөлдөөн тасрахгүй байна. Эсэргүүцэгчдээс 350 орчим хүнийг баривчлан саатуулсан ба цагдаагийн 88 ажилтан гэмтэж бэртжээ.

 

Хотын төвд тээврийн хөдөлгөөн боогдон, олон дэлгүүрүүд ажилласангүй. Агаараас авсан зурагт хотын төв хар утаанд бүрхэгдсэн ба жагсагчид хуучин дугуй шатааж байна. Тэдний хэд хэдэн хүн уулчдын тоног төхөөрөмжөөр нэгэн өндөр байшин дээр гарч “Капитализм алж байна” гэсэн зурагт  хуудсыг уг байран дээр өлгөжээ.

 

© EPA/BORIS ROESSLER

 

Европын өмнөдийн орнуудын эсрэг явуулж байгаа ЕТБ-ны  бодлогыг идэвхтнүүд эсэргүүцсэн нь энэ байлаа. “Хатуу хэмнэлтийн бодлого нь бидэнд баяр баясгаланг авчирсангүй. Олон орныг бүсээ чангалахад хүргэлээ” хэмээн жагсагчдын нэг ярьж байв. Энэ арга хэмжээг "Blockupy" хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд Европын 40 хотын 13 мянга хүртэлх идэвхтнүүдийг уг арга хэмжээнд оролцуулахаар болоод байна.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж