Тунисын үндэсний мужейд зэвсэгт этгээдүүд гал нээж, гадаадын олон жуулчинг хөнөөсөн халдлагын дараа ерөнхийлөгч Бежи Каид эс-Сэбси террористуудтай өршөөлгүй тэмцэхээ амлав.
Тунисын нийслэлд орших “Bardo” музейд зэвсэглэсэн хоёр эрэгтэй гал нээж, 19 хүний амийг хөнөөж, 40 гаруй хүнийг гэмтээжээ. Хохирогчдын дунд Япон, Итали, Колумб, Австрали, Франц, Польш, Испани улсын жуулчид байв. Тунисын цагдаа нар зэвсэгт этгээдүүдийг хөнөөсөн ба хамсаатнуудыг нь эрэн сурвалжилж буй.
Музейд халдлага гарах үед ойролцоох парламентын барилгад хууль тогтоогчид терроризмын эсрэг хуулийг хэлэлцэж байсан аж. Халдлагын дараа Тунисын нийслэл хотын төв талбайд олон хүн терроризмыг эсэргүүцэн лаатай жагсчээ.
Тунисын ерөнхийлөгч терроризмын эсрэг дайн зарласныг мэдэгдсэний дараа АНУ, Европын холбооны зүгээс дэмжин хамтарч ажиллахаа амласан байна. Аялал жуулчлал бол Тунисын эдийн засгийн чухал салбар бөгөөд голдуу Европын жуулчид ирдэг аж. Гэвч хил залгаа Ливид үүссэн нөхцөл байдлаас үүдэн Тунисын эрх баригчид сүүлийн хэдэн сарын турш аюулгүй байдлаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа аж. Үүний зэрэгцээ Тунисын иргэд “Исламын улс” бүлэглэлд нэгдэхээр Сири, Иракийг зорих нь нэмэгдсээр байгаа нь эрх баригчдын санааг зовоох болжээ.
Өмнө нь 2002 онд Тунисын Жерба арлын сүмд тэсрэх бөмбөг дэлбэрснээс 19 хүний амь үрэгдсэний дунд Германы 11 жуулчин байжээ. Халдлагыг аль-Каида бүлэглэл үйлдсэн болохоо хүлээсэн аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС