Драмын тайзнаа “Оролмаа” жүжиг дахин амилна

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Драмын тайзнаа “Оролмаа” жүжиг дахин амилна

УДЭТ-ийн уран бүтээлчид театрынхаа 80 жилийн ойн хүрээнд Төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг агсны “Оролмаа” жүжгийг ирэх сарын 17-нд  тайзнаа шинээр найруулан тавихаар зэхэж байна. Энэ жил Төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож буй учир соёл, урлагийг дэмжигч “Төгөлдөр сан” эл жүжгийн хувцас, тайз заслыг шинээр хийлгүүлж, ивээн тэтгэж байгаа юм. “Оролмаа” жүжгийн найруулагчаар Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж, харин Д.Намдаг гуайн отгон шавь, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Гүрбазар эх зохиол дээр нь ажиллаж байгаа юм. 34 дүртэй тус жүжигт Драмын эрдмийн театрын бүх жүжигчид тоглож буйгаараа онцлог бөгөөд гол дүр болох Оролмаад гавьяат жүжигчин С.Сарантуяа тоглоно. Анх 1974 онд Д.Намдагийн “Оролмаа” жүжиг театрын тайзнаа найруулагч С.Галсанжавын найруулгаар амилж, дараа нь найруулагч Б.Мөнхдорж тавьж байжээ. Харин энэ удаагийн найруулга нь гурав дахь нь аж. Олон жилийн өмнө театрын тайзнаа тоглогдож байсан уг жүжгээрээ Д.Намдаг 1983 онд төрийн шагнал хүртэж байжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж