10 орчим сая хүн амтай Бүгд Найрамдах Беларусь улс нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орон. Тус улсын хувьд Элчин сайдын яамаа өнгөрсөн жил Монголд албан ёсоор нээсэн юм. Ингэснээр манай хоёр улс хамтран ажиллах харилцаагаа хөгжүүлэх олон боломж нээгдсэн гэж болно. Энэ удаад Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурнойтой ярилцлаа.
-Нэгэн үе хөндийрсөн Монгол, Беларусийн харилцаа эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаар сэргэж байна гэж болно. Энэ талаар эрхэм Элчин сайд таньтай яриагаа эхэлье?
-2009 он хүртэл Беларусь, Монголын харилцан худалдааны хэмжээ 3-7.5 сая ам.доллар дотор хэлбэлзэж байсан. Харин таван жилийн өмнөөс барааны эргэлт харьцангуй нэмэгдсэн. Өнгөрсөн жил гэхэд барааны эргэлт 22.4 сая ам.долларт хүрлээ. Зах зээл дээр Беларусиас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх байдал ээлтэй байсан. 2012-2013 оны харилцан худалдааны хэмжээ 100 сая ам.доллар давсан юм. Бараа эргэлтийн ихэнх хувийг Беларусийн экспорт эзэлдэг. Тэр дундаа ил уурхайд хэрэглэдэг өөрөө буулгагч (самосвал), өргөх тоног төхөөрөмж, газрын тосны бүтээгдэхүүн, трактор, хөдөө аж ахуйн техник, машин, тракторын сэлбэг зэрэг бүтээгдэхүүнийг хэлж болно. Ер нь Беларусийн аж үйлдвэрүүд экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, барааны нэр төрлөө өргөжүүлэхийг хичээдэг. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд өмнө нь Монголд нийлүүлж байгаагүй Беларусийн үйлдвэрлэлийн төмөр замын вагон ба ургац хураах комбайн зэргийг нийлүүлсэн.Мөн оны сүүлээр Минскийн автомашины үйлдвэр Улаанбаатар хотын хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх тендерт ялсан.
2013 оны есдүгээр сард Беларусийн Ерөнхий сайд Монголд айлчилсан. Энэ хүрээнд машин бүтээх болон хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хоёр тал мэдэгдсэн юм. Тодруулбал, Беларусийн бренд болсон техникийг Монголд угсрах үйлдвэр болон хүнсний бүтээгдхүүний хамтарсан үйлдвэрийг дурдаж болно. Иймэрхүү төслүүд нь хоёр талын технологи, нөөц, боловсон хүчний потенциалыг нэгтгэж, олон талын бэлтгэлийг шаардаж байгаа тул энэ чиглэлийг одоогоор судалж байна. Беларусь нь цаашид Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимтэй хөгжүүлэхийг хүсч байгаа. Тиймээс Монгол Улсын хэмжээний төслүүдэд ачаа, зам, барилга, хүн тээвэр, хөдөө аж ахуй, ой болон бусад төрөлжсөн техникийг нийлүүлэх замаар оролцоход бэлэн. Түүнчлэн манай мэргэжилтэн, технологийн оролцоотойгоор Монголын орд газруудыг боловсруулахад бэлэн байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссыг бид байгуулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ комисс нь хоёр талын тохиролцоонд мониторинг хийж, худалдаа, эдийн засгийн харилцааны нэн тэргүүний асуудлуудыг хэлэлцэж, цаашлаад харилцаагаа идэвхжүүлэхэд бодит үйл ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
-Машин үйлдвэрлэлийн салбараас гадна Беларусьт бусад салбар ч сайн хөгжсөн. Тэгэхээр эдгээр салбарт хамтрах боломж хэр байгаа тухайд илүү сонирхож байна?
-Машин үйлдвэрлэлийн салбар, газрын тос, химийн аж үйлдвэрүүдээс гадна хөдөө аж ахуй, хүнс, эм зүй, мод боловсруулах болон хөнгөн аж үйлдвэрүүд сайн хөгжсөн. Тиймээс Беларусиас Монгол руу хувцас, гутал, нарийн боов, эм, обой болон бусад модон эдлэлийн барааг нийлүүлж байгаа. Манай үйлдвэрлэгчид Монголын зах зээлийг их сонирхож судалж байна. Түүнчлэн холбогдох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа. Тээвэр, логистикийн салбар манай хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл болж байна. Брест-Улаанбаатар чиглэлээр зорчиж байгаа “Монгол вектор” чингэлэг, Монгол ба Беларусийн нутгаар дамжин өнгөрч байгаа Хятад-Баруун Европын чиглэлийн галт тэрэг зэргийн хүрээнд хамтын ажиллагаатай байна. Төслүүдийн хүрээнд тус тусын зууч нарын хэсэгчилсэн чингэлгийн тээврийг нэг галт тэргэнд нэгтгэдэг. Одоогоор Балтийн далайн боомт хүртэл чиглэлийг уртасгах боломжийг судалж байна.
-Монголд Беларусийн хэдэн компани, хэрхэн ажилладаг тухай асуухад найман компани бий гэсэн мэдээлэл байна. Энэ талаар илүү тодорхой ярих байх?
-Одоогийн байдлаар Монголд Беларусийн хөрөнгө оруулалттай 11 хувийн компани бүртгэгдсэн гэсэн мэдээлэл манай Элчин сайдын яаманд байна. Эдгээр компани аж үйлдвэр, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс хамгийн том нь United BELAZ Machinery компани юм. Тэд Монголд Беларусийн үйлдвэрийн ил уурхайд хэрэглэдэг өөрөө буулгагчийг (самосвал) борлуулах, тэдгээрийн үйлчилгээг үзүүлдэг. Түүнчлэн манай улсын үйлдвэрүүдтэй диллерийн гэрээтэй Монголын компаниуд Беларусийн барааг борлуулдаг. Үүнээс “МАЗ” ачааны машин, автобус, “Беларус” трактор, “Гомсельмаш” ургац хураах комбайн, “Бобруйскагромаш”, “Бобруйсксельмаш” хөдөө аж ахуйн техник, “Могилевлифтмаш” цахилгаан шат, “Атлант” хөргөгч, Могилёвын вагоны үйлдвэрийн вагон болон “Коммунарка”, “Спартак”, “Слодыч”, “Красный пищевик”, “Ивкон” зэрэг үйлдвэрүүдийн нарийн боов нийлүүлдэг. Мөн Мозырскийн машин үйлдвэрийн ойн техник, Гродний, Лидской гутлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, Городейскийн элсэн чихрийн комбинат, Минскийн үйлдвэрийн цахилгаан төхөөрөмж, Минскийн обойны үйлдвэр болон “Белмедпрепараты” маркийн эм зэргийг Монголын зах зээлд нийлүүлж байна.
-Хамтын ажиллагааг илтгэдэг өөр нэг зүйл нь боловсролын салбар. Энэ талаар?
-Беларусийн Ерөнхий сайд Монголд айлчлах үеэр шинжлэх ухаан, боловсролын салбарын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай нэлээд ярьсан. Эдгээр тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор Беларусийн үндэсний суурь судалгааны сан Монголын Шинжлэх ухааны сангийн дэмжлэгтэйгээр мал аж ахуйн хэрэгцээний био анагаах, нүүрс ба хүдэр боловсруулах, Монголын тал нутгийг ойжуулах салбаруудад шинжлэх ухаан судалгааны хамтарсан төслүүд хэрэгжиж байна. Айлчлалын үеэр шинжлэх ухаан, тенологийн салбарт хамтран ажиллах хоёр талын салбар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Беларусийн шинжлэх ухаан, технологийн улсын хороо, Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран шинжлэх ухаан, технологийн салбарт Беларусь, Монголын хамтарсан комисс байгуулахаар ажиллаж байна. Мөн энэ үеэр байгуулсан боловсролын салбар дахь Засгийн газар хоорондын хэлэлцээр өнгөрсөн жилээс хүчин төгөлдөр болсон. Энэ хэлэлцээрт дээд боловсролын байгуулагуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан бага хурал, семинар, симпозиум, олимпиад зохион байгуулах. Цаашлаад тохиролцсон нөхцлөөр дээд боловсролын байгууллагуудад оюутан, аспирант (одоохондоо гурван хүн хүртэл) солилцохоор тусгасан. Монгол Улс хөдөө аж ахуйн салбар, техник болон тусгай дунд боловсролын мэргэжилтнүүд бэлтгэх сонирхолтой байгаа. Беларусьт ийм боловсролын тогтолцоо хадгалагдсан байдаг учраас бид энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн. Үүнтэй холбоотой монгол иргэдийг Беларусийн техникийн мэргэжлийн сургууль, тусгай дунд боловсролын байгууллагуудад сургах, өндөр ур чадвартай мэргэжилтэн, ажилчдыг бэлтгэх хамтарсан сургалтын төвийг Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран байгуулах гэрээ хэлэлцээрийн төслийг манай улсын Боловсролын яам боловсруулсан. Монголын тал баримт бичгүүдийг судалж байгаа.
-20 гаруй жилийн өмнө тогтоосон бидний харилцаа өдгөө ямар төвшинд хүрэв?
-1992 оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Беларусь улсын Сайд нарын зөвлөлийн дарга Монголд айлчилсан. Энэ нь тусгаар тогтносон улсын тэргүүний хувьд гадаадад хийсэн анхны айлчлалуудын нэг байсан юм. Айлчлалын үр дүнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох хэлэлцээр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газрын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр талын гэрээ, эрх зүйн суурийг тавьсан түүхтэй. Үүний дараах 10 жилд хоёр улсын эдийн засаг хэцүүхэн байсан тул хамтын ажиллагаа тогтворгүй болсон. Дээд хэмжээний болон энгийн холбоо тохиолдлын шинж чанартай болж, худалдааны харилцаа ч тогтворгүй байсан юм. Харин 2008 оноос харилцан худалдааны өсөлт эхэлсэн. Ялангуяа сүүлийн гурван жилд Беларусь, Монголын харилцаа идэвхжиж эхэлсэн. 2012 онд хоёр улсын гадаад хэргийн яамдууд харилцан яриагаа сэргээж, Беларусь, Монголын яам хоорондын зөвлөлдөөнийг зохион байгуулсны хүчинд олон зүйл дээр ахиц дэвшил гарсан. Ялангуяа, 2013-2014 онд хоёр улсын хооронд харилцан айлчлалууд сайн хийсэн. Худалдаа, эдийн засгийн хамтарсан комисс байгуулагдсан. Тус комиссын Беларусийн талыг Аж үйлдвэрийн дэд сайд, Монголын талыг Барилга, хот байгуулалтын дэд сайд нар тус тус тэргүүлж байгаа. Комиссын хуралдааныг хоёр удаа зохион байгууллаа. Энэ жил гуравдахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо болно. 2013 оны есдүгээр сард Беларусь улсын Ерөнхий сайд Монголд дахин айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзсан. Беларусь, Монголын анхны бизнесийн чуулган, Бүгд Найрамдах Беларусь улсын Үндэсний үзэсгэлэн зохион байгуулж, визгүй зорчих, салбар хоорондын баримт бичиг зэрэг Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг хийсэн юм. Товчхондоо энэ айлчлал хоёр орны харицааны хөгжилд нэмэлт түлхэлц өгсөн. Гэрээ, эрх зүйн суурь тэлж, худалдаа, эдийн засгийн харилцаа өсч, салбар хоорондын болон ажил хэрэгч байгууллагуудын харилцаа холбоо идэвхжиж байна. Мөн өнгөрсөн жил Монгол Улсад Бүгд Найрамдах Беларусь улсын ЭСЯ нээгдсэн нь хоёр улсын харилцааг хөгжүүлэх зүй тогтлын үе шат болсон гэж дүгнэж байгаа.
-ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан тухайн үеийн Беларусь нэлээд хүнд үетэй тулгарч байсан байх?
-ЗХУ задарснаас хойш Беларусийн эдийн засаг ноцтой асуудлуудтай тулгарсан. Хэсэг хугацаанд хамтын ажиллагааны харилцаа хэвээр үлдсэн. Зарим нь өнөөг хүртэл үргэлжилж улмаар зах зээлийн харилцаа хүчээ авсан. Үүний зэрэгцээ түүхий эд, эрчим хүчний эх үүсвэрийн хангамж буурч, олон аж үйлдвэр ажлаа зогсоосон юм. Шилжилтийн үед хүндрэлүүд байсан хэдий ч бид нар улс орныхоо аж үйлдвэрийн суурийг хадгалж чадсан төдийгүй аж үйлдвэрээ шинэчилж, бүтээгдэхүүнээ төрөлжүүлж чадсан. Аж үйлдвэрүүд аажмаар бүтээгдэхүүний загвар, төрлөө өргөжүүлж, алдартай бүтээгдэхүүнүүдийг боловсруулах болсон. Ингээд орчин үеийн экспортод чиглэгдсэн барааг ч бүтээж чадсан юм. Мөн эрчим хүч болон нөөц хэмнэх технологийг аж үйлдвэрт идэвхтэй нэвтрүүлж эхэлсэн. Түүнчлэн аж үйлдвэр болон хүн амын хэрэгцээг өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр бүрэн хангахын тулд импортоор орлуулах, гадаадын барааны хараат байдлыг бууруулах бодлогыг тууштай баримталж ирсэн. Өнөөгийн Бүгд Найрамдах Беларусь улс бол хөгжингүй аж үйлдвэртэй, үйлчилгээний салбартай, хөдөө аж ахуйтай экспортод чиглэгдсэн орон болсон. Беларусь нь дэлхийд үйлдвэрлэж байгаа комбайны 17, тракторын зургаа, маалингын 6.4, төмсний 2.8, БелАЗ –ын ил уурхайд хэрэглэдэг өөрөө буулгагч (самосвал)-аараа 30 хувийг эзэлдэг. Мөн дэлхийн сүүний экспортын нэг, маслын /шар тос/ 11, бяслагийн таваас дээш хувийг үйлдвэрлэдэг. Австрали, Шинэ Зеланд, Бразил, Аргентин зэрэг улсын сүүн бүтээгдхүүний томоохон экспортлогч улсын нэг. Мэдээлэл технологийн нэг хүнд ногдох экпортоор Беларусь улс ТУХН (Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл)-ийн бүх улсаас тэргүүлдэг. Оптик болон лазерын тоноглол, автомат хяналтын систем зэрэг өндөр технологийн салбарт ч нэлээд ахиц дэвшилтэй байгаа. Беларусийн эдийн засгийн онцлог, газар зүйн байршил, түүхэн холбоосууд манай эдийн засгийн нээлттэй байр суурь, гадаадын зах зээл рүү чиглэгдсэн бодлогыг тодорхойлж байдаг. Беларусь нь дэлхийн 160 гаруй улстай худалдааны харилцаатай.
-Орхиж болохгүй асуудлын нэг бол яах аргагүй Минск хотноо хийгдэж буй Украины байдлыг тогтворжуулах улс төрийн хэлэлцээрүүд. Одоогоор нэлээд ахицтай байх шиг ажиглагдсан?
-Беларусийн ард түмэн хөрш Украинтай олон жилийн түүх соёлын болоод дотны нягт холбоотой. Тиймээс Украины зүүн хэсэгт болж буй үйл явдлыг бид тоохгүй байж чадахгүй. Энэ ахан дүүсийн улсад дайтах ажиллагааг хурдан зогсоож, түргэн энх амгалан болохыг хүсэж байгаа. Беларусийн төлөөлөгчид Украины хямрал эхэлснээс хойш энэ талаар нэг бус удаа олон улсын тавцан дээр мэдэгдэж байсан. Минск хот Донбассын байдлыг зохицуулах, харилцах хэсгийн уулзалтын гол талбар болсон. Өнгөрсөн хугацаанд Беларусийн нийслэлд харилцах хэсгийн долоон уулзалт болов. Эдгээр уулзалтын үр дүнд өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдөр Украины зүүн хэсэгт дайтгах ажиллагааг зогсооход чиглэгдсэн “Минскийн протокол” баримтад гарын үсэг зурсан байгаа.
-Харин саяхан болсон “Нормандын дөрвөл” уулзалтын тухайд амжилттай боллоо гэж харагдаж байгаа. Энэ талаар та юу хэлэх бол?
-Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Нормандын дөрвөл”-ийн удирдлагуудын чухал уулзалт Минск хотноо болсон. Энэ уулзалтын явцад ОХУ, Украин, Францын Ерөнхийлөгчид, ХБНГУ-ын канцлер нар бараг 16 цагийн туршид Украины зөрчилдөөнийг зохицуулахаар хэлэлцсэн. Үүний зэрэгцээ, харилцах хэсгийн гурвалсан уулзалт /ЕАБХАБ, ОХУ, Украин/ болсон. Дөрвөн орны тэргүүн нарын хамтарсан тунхаглал болон өнгөрсөн жилийн Минскийн тохиролцоог хэрэгжүүлэхэд чиглэгдсэн цогцолбор арга хэмжээнүүд болох хоёр баримт бичгийг баталсан. Энэ баримтаар өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Украины зүүн хэсэг дайтах ажиллагааг зогсоож, хоёр долоон хоногийн дотор хүнд зэвсгийг талуудын харьцах шугамаас татах, хоригдол солилцох, зөрчилдөөнийг улс төрийн арга хэмжээгээр зохицуулахаар болсон. ОХУ, Франц, Герман, Украины тэргүүн нар Украины зохицуулалтын үйл явцыг дэмжхийн тулд тохиролцоог хэрэгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэх, “Украины тусгаар тогтнол ба газар зүйн бүрэн байдлыг бүрэн хүндэтгэж” байгаагаа баталж, “зөвхөн энхээр зохицуулахаас өөр замгүй” байгааг тодотгосон. Та бүхний мэдэж байгаагаар одоогоор Украины зүүн хэсэгт гал зогсоох горимыг баримталж байна. Хүнд зэвсгийг татаж эхэлсэн. Зөрчилдөөний талууд цаашид ч Минскийн тохиролцоог биелүүлж, Украинд удаан хүлээсэн амар амгалан ирэх болно гэдэгт Беларусь найдаж байгаа. Шаардлагатай бол манай улс Украин болон хэлэлцэж байгаа талуудад зөрчилдөөнийг зохицуулахад цаашид ч дэмжлэг үзүүлэх болно.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин