“Арматур үйлдвэрлэл зогсоогүй”

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

“Арматур үйлдвэрлэл зогсоогүй”

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал Ж.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

-Төмөрлөгийн үйлдвэр нойтон баяжмалын үйлдвэрлэлээ зогсоосон нь арматурын үйлдвэрлэлд нөлөөлөх үү. Арматур үйлдвэрлэл зогсчихсон ч юм шиг зүйл яригдаад байна?

-Дархан төмөрлөгийн үйлдвэр таван цогц үйлдвэрлэл эрхэлдэг. Түүний нэг нойтон баяжуулах цехээ түр хугацаагаар зогсоосон. Энэ нь ямар шалтгаантай вэ гэхээр цаг агаар хүйтэрсэн учраас. Өвлийн улиралд ийм аргаар баяжуулсан бүтээгдэхүүнийг ачихаар буулгаж чаддаггүй, хөлдчихдөг. Нэгдүгээр шалтгаан энэ. Хоёр дахь шалтгаан нь дэлхийн зах зээлд хүдрийн үнэ буурсан. Биднийг ажил авч байхад нэг тонн хүдрийн баяжмал 140 ам.доллар байсан, одоо 50 ам.доллар болсон учраас түр хугацаанд нойтон баяжуулахын үйлдвэрлэлийг зогсоосон гэж ойлгох хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн үнийг харж байна.

Үйлдвэрлэлийн хувьд таван цогц үйлдвэрлэл эрхэлдэг гэж би хэлсэн. Түүнээс нэгийг нь тодорхой шалтгааны улмаас түр хугацаагаар зогсоосон гэдгийг хэллээ. Бусад үйлдвэрлэлийн тухайд, жишээ нь уул уурхайн хэсэгт гурван том үйл ажиллагаа явж байгаагийн нэг нь хүдэр олборлолт. Хүдрийн хөрс хуулалт хэвийн үргэлжилж байна. Хоёрдугаарх нь, хуурай баяжуулах цех ажиллаж байна. Арматур үйлдвэрлэл зогсоогүй шүү. Олон төрлийн арматур төмрийг үйлдвэрлэж байна. Монголд өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр шиг бие даасан, олон улсын шаардлагад нийцсэн ISO 2000-ыг хангасан лаборатори байхгүй. Манай үйлдвэрийн арматураар барилга барих юм бол 100 жил насална.

-Арматурын борлуулалт ямар байгаа вэ?

-Борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад тааруу байна. Гэхдээ бид энэ жилийн барилга үйлдвэрлэлийн судалгааг хийж үзсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалтаас шалтгаалж арматурын хөрөнгө оруулалтын зах зээл тодорхойлогддог. Үндсэндээ 40 мянган тонн арматур хэрэглэх болов уу гэсэн прогноз гарсан. Санхүүжилтээсээ шалтгаалаад 20 мянган тонн арматурын нийлүүлэлт дээр хувийн үйлдвэр, манай үйлдвэр хоёр өрсөлдөх болов уу.

-Нэг тонн арматурыг хэдээр борлуулдаг юм. Хятадын арматур төмрөөс үнийн хувьд ямар байна вэ?

-Үнэ бол ойролцоо. Манай үйлдвэрийн арматур төмөр нэг тонн нь Дархан-Уул аймагт 1.250 сая, Улаанбаатар хотод 1.260 сая төгрөгөөр зарагддаг. Барилгыг 100 жилийн настай гэж үздэг. Чанар муутай арматурыг барилгад ашиглавал насжилт нь богино, сайн чанарыхыг хэрэглэвэл урт настай л байна. Сүүлийн саруудад барилгын салбар зогсонги байдалд орсоноос Хятадын арматур төмөр ч борлуулалт муудсан шиг байна. Их хэмжээтэй хадгалж байсан арматурын үнийг буулгаж эхэллээ гэх яриа дуулдах болсон. Гэхдээ чанарын хувьд Дарханы арматурыг гүйцэхгүй учраас сонголтоо зөв л хийх хэрэгтэй байгаа юм.

-Хаягдал төмрийн олдоц ямар байна? 

-Иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээнээс гардаг хаягдал төмрөө авчирч тушаадаг.  Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраараа дамжуулж нэг тонныг нь 245 мянган төгрөгөөр, Дарханд 275 мянган төгрөгөөр үнэлж худалдаж авдаг. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтарч ажилладаг, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгоор бусад компаниуд бас дэмжээд ажиллавал сайн л байна.

-Гангийн үйлдвэрийг хэзээ бүрэн ашиглалтад оруулах вэ. Сэлэнгийн Зүүн хараа дахь төмөр замын депо засварын газарт галт тэрэгний маш олон дугуй ОХУ-руу ачигдах болж байна. Сайн чанарын ган үйлдвэрлэдэг болчихвол тэр дугуйг дотооддоо засварлах боломжтой? 

-Түүнийг хийхийн тулд технологийн тохируулга хийх хэрэгтэй юм билээ. Нөгөө талаас захиалга орж ирэх ёстой.  Хөрөнгө оруулалт саатахгүй бол 2017 онд металлургын цогцолбор бүрэн утгаараа ажиллах ёстой.

-Үйлдвэрийг металлургын цогцолбор болгохоор 2010 оноос ажил эхэлсэн. Нийт 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээс 200 сая ам.долларынх нь ажил хийгдсэн гэх. Яг юу, юу хийсэн бэ?

-Төмөртэй, Төмөртолгойн ордуудад шинээр ил уурхай нээж, уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай хүнд даацын машины засварын төв, шатахуун түгээх станц, ажилчдын байр, кемп байгуулсан. Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл 33.4 км, 1520 мм царигтай төмөр замын ажил эхлүүлсэн, 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа.  Хандгайт өртөөнд жилд 2 сая тонн баяжмал ачих терминаль, гангийн үйлдвэрийн дэргэд жилд 2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал ачих чадалтай терминалийг ашиглалтад оруулсан. Түр хугацаагаар үйл ажиллагаа нь зогссон гэж хэлсэн нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Жилд 1 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр. Төмөртэйн уурхай, Төмөртолгойн уурхайн дэргэд тус бүр хуурай соронзон үйлдвэр байгуулсан. Цахилгаан хангамжаа шийдвэрлэх зорилгоор зарим уурхайн дэргэд шинээр дэд станц ашиглалтад оруулсан гээд яривал зөндөө юм бий. Зарим ажил судалгааны шатанд байна. Жишээлбэл, шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил хийгдэж байгаа. Үндсэндээ нэгдүгээр шатны хөрөнгө оруулалтаа дуусгаж чадсан гэж ойлгож болно. 

-Өнгөрсөн онд үйлдвэр ашигтай ажиллаж чадсан уу?

-Ний нуугүй хэлэхэд алдагдалтай ажилласан. Энэ талын аудитын дүгнэлт удахгүй гарна. Үндэсний аудит шалгасан, гүйцэтгэлийн аудит хийгдсэн, одоо санхүүгийн аудит орж ирж байгаа. Дээр нь уул уурхайн аудит орж ирсэн. Урьд нь төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулахын тулд зориуд төлөвлөгөөг ашигтай гээд даалгавар өгчихдөг байсан. Хөрс хуулалт хийж байж хүдрээ олборлодог. Гэтэл төрийн өмчит компани дээр ашиг шаарддаггүй учраас шууд доош нь нүхлээд ухчихсан. Одоо энэ алдааг засах гээд нэлээн нарийн юмнууд дээр ажиллаж байна.

-Хэдий хэмжээний алдагдал хүлээсэн бэ? 

-Аудитын дүгнэлт гарахаар тодорхой болно.

-Энэ онд байдал дээрдэх үү?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр гурван бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Хүдрийн баяжмалын үнэ өсөх эсэх нь олон улсын зах зээлээс шалтгаална. Хоёр дахь түүхий эд болох арматурын борлуулалт дотоодын барилгын зах зээлээс шалтгаална. Гурав дахь нь, круг.  “Эрдэнэт” гэрээгээ хийчихсэн 100 хувь хийгээд явж байгаа. Ажлын гуравны нэг нь биелэгдчих учраас бусад ажлууд зах зээлээс шалтгаалах болоод байна даа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж