Блаттер сонгуулиас өмнө ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Блаттер сонгуулиас өмнө ялалт байгуулав

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль маргааш буюу зургадугаар сарын 1-нд болно. Харамсалтай нь, сонгуулийн өдрөөс ердөө гуравхан хоногийн өмнө нэр дэвшигч, Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мохаммед бин Хаммам хээл хахуулийн хэрэгт холбогдсон учир түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.

ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгууль дуулиантай, өрсөлдөөнтэй болох байсан ч асуудал одоо өөрөөр эргэлээ. Нэг ёсондоо одоогийн ерөнхийлөгч Зепп Блаттер сонгууль болохоос өмнө урьдчилаад ялалт байгуулжээ. Учир нь түүний цорын ганц өрсөлдөгч, Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мохаммед бин Хаммамыг ФИФА-гийн Ёс зүйн хорооноос шалгаж, бусдад авлига өгөхөөр оролдсон хэрэгт буруутган бүх эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Бин Хаммамтай хамт ФИФА-гийн дэд ерөнхийлөгч Жэк Уорнер, Карибын хөлбөмбөгийн холбооны хоёр ажилтны эрхийг түдгэлзүүлжээ. Энэ сарын 11, 12-нд бин Хаммам, Уорнер нар Тринидад ба Тобаго улсад айлчлахдаа Карибын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаж, сонгуульд өөрийнх нь төлөө санал өгвөл 40 мянган ам.доллар өгнө гэсэн амлалт өгсөн нь тогтоогджээ. Ёс зүйн хорооноос энэхүү үйлдлийг нотолж, дээрх эрхмүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хассанаар ерөнхийлөгчийн сонгуульд Зепп Блаттер өрсөлдөгчгүй оролцох болоод байна. Уг нь бин Хаммам Зепп Блаттерийг авлигын хэрэгт сэжиглэж шалгуулах хүсэлт тавиад байсан ч ФИФА-гаас тийм шаардлага байхгүй гэж үзжээ.

Ийнхүү ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гараад байсан дуулиан шуугиан нэгээр нэмэгдлээ. Уг хэргийг сонгуулийн дараа дахин хэлэлцээд Бин Хаммам тэргүүтнийг буруутай гэж үзвэл бүх насаар нь хөлбөмбөгтэй холбоотой байх эрхийг нь хасах шийдвэр гарах юм байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж