Их мастер Т.Батчимэг дөрөвдүгээр байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Их мастер Т.Батчимэг дөрөвдүгээр байр эзэллээ

Филиппин улсад болсон Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Манай улсаас их мастер Т.Батчимэг тэргүүтэй долоон шатарчин энэ удаагийн тэмцээнд оюун ухаанаа уралдуулсан бөгөөд өчигдөр сүүлийн өргийнхөө тоглолтыг хийлээ. Наймдугаар өрөгт их мастер Т.Батчимэг Вьетнамын их мастер Ли Тан Тюг хожсоноор өөртөө хэрэгтэй оноогоо авчээ. Ингэснээр манай шатарчин 5.5 болсон бөгөөд өчигдөр шийдвэрлэх өрөгт мөн л Вьетнамын их мастертай учраа таарсан. Тэрбээр өрсөлдөгчөө хожвол медальд хүрэх боломжтой байсан ч хоёр шатарчны тоглолт тэнцээгээр өндөрлөв. Ингээд есөн өргийн дараа нийлбэр дүн гарахад их мастер Т.Батчимэг дөрөвдүгээр байрт шалгарлаа. Наймдугаар өрөгт манай шатарчинд хожигдсон Вьетнамын их мастер Ли Тан Тю ижил зургаан оноотой ч коэффицентийн илүүгээр медалийн тавцанд гарчээ. Олон улсын мастер У.Лхамсүрэн сүүлийн хоёр өрөгтөө дараалан хожиж 5.5 оноогоор есдүгээр байр эзэлсэн. Харин Б.Баярмаа таван оноогоор 17, А.Энхтуул дөрвөн оноотой 19, С.Жаргалмаа дөрвөн оноогоор 26 дугаар байрт тус тус шалгарчээ. Энэ тэмцээнд Сингапурын их мастер Ли Рюүфан алтан медалийн болзол хангаж, бүсийн аварга болсон байна. Эрэгтэйчүүдээс У.Насанжаргал дөрвөн оноогоор 35, М.Гүнбаяр 3.5 оноогоор 36 дугаар байрт тус тус бичигджээ.
 
Б.Мөнхзул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж