Хуучирсан мэдээ: 2015.03.18-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, Халхын голын болон чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчид, даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүтгэж яваа цэнхэр дуулгатан цэрэг эрс болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, ард түмэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.

Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн барилаа. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай эхлүүлж, уламжлал болгон энэ жил дахин зохион байгуулах гэж байна. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадварыг гайхуулан үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурдахад таатай байна.

Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин уламжлалаар шинэ цагийн Зэвсэгт хүчин хөгжсөөр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн баталгаа байж цэрэг-эх оронч үзлийн төв, бие бялдар, өв тэгш хүмүүжлийн сургууль байсаар байна гэдэгт миний бие гүнээ итгэж байна.

Монгол цэргийн яруу алдрыг түүчээлэн авч яваа Та бүхнийг минь Монгол төрийн сүлд ивээж, бүтээж туурвих хүсэл бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол цэргийн сүлд хийморь, суу алдар үүрд мөнхөд мандан бадрах болтугай.

 

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж