Ялалтын 70 жилийн ойд.
Дэлхийн хоёрдугаар дайн зөвхөн “моторын” ус морьт цэрэг, морьдын сүүлчийн их дайн нь байв. II дайны хүнд бэрх, ачаа, тээврийн чамлахааргүй хүндийг мориор тээвэрлэсэн юм. Энэ дайнд ЗХУ-д тусалж байсан ганцхан орон нь АНУ биш. Ядуу зүдүү амьдарч байсан ч монголчуудын ЗХУ-д үзүүлсэн тусламж үнэн сэтгэлийнх байсны дээр хэмжээгээрээ АНУ-ын дараа орж байв.
Морин цэргийн дайн
1941 оны зургадугаар сарын 22-ноос өмнө Ажилчин, тариачны улаан армийн буудлагын нэг дивизид 3039 морь хэрэгтэй байв. Харин Германы “вермахтад” (зэвсэгт хүчин) морьдын тоо үүнээс хавьгүй их, нэг дивиз 6000 морьтой байжээ. Зөвлөлт руу цөмрөн орсон тэр үед Германы зэвсэгт хүчин сая гаруй морьтой байсны 88 хувь нь явган цэргийн дивизүүдэд байлаа.
Тухайн үед автомашинтай харьцуулбал бартаа саадыг туулах чадвар, хүчний хувьд илүүгийн дээр шатахуун шиг их зардал гаргахгүй, заавал тэжээл өгөх шаардлагагүй, билчээрлэн идээшилдэг зэрэг хэд хэдэн давуу талтай байлаа. Мөн өөрсдөө ч цэргийн хүнс болж байв.
Зөвлөлтийн морин цэргийн гол жанжин Семен Михайлович Буденный “гучаад оны эхээр морь дайнд маш чухал үүрэгтэй гэдгийг харуулна” гэж хэлж байсан нь энэ дайнаар батлагдсан юм. Тэр үед Зүүн Европын зам харгуйгүй газар нутгийг туулахад зүйрлэшгүй давуу талтай гэдгийг морьт цэргүүд харуулсан билээ. Өнөөдөр гинжит техник газар сайгүй явдаг ч тийм болтлоо хөгжөөгүй байлаа.
Дайны эхэн үед Улаан арми 526,4 мянган морьтой байжээ. 1941 оны есдүгээр сарын 1 гэхэд нэг сая 324 мянган туурайтан Улаан армид “зүтгэж” байв.
Цаашид тэр тоо нь улам өссөөр оргил үедээ Улаан арми 1,9 сая морьтой болжээ.
Байлдааны явцад морьд мөн л үрэгдэж, өлсч, турж, ядарч үхэж байсан нь мэдээж. Хүмүүсийн хохирлын талаар янз бүрийн мэдээлэл байгаа юм чинь энэхүү дайнд ямар хэмжээний морьны хохирол амссан бэ гэдгийг нарийн тооцоогүй нь мэдээж. II дайны үеэр байлдааны талбарт зөвхөн Зөвлөлийн тоогоор нэг сая гаруй морьд үрэгдсэн гэх тоо бий. Мэдээж энэ тоо Германы талд ч адилхандуу байгаа болов уу!?
Дайны эхний жилд ЗХУ адууныхаа тоо толгойн тал хувийг алджээ. 1941 оны зургадугаар сар гэхэд Зөвлөлтийн адуун сүргийн тоо толгой 17,5 сая байлаа. 1942 оны есдүгээр сарын байдлаар Зөвлөлтийн хяналтын нутаг дэвсгэрт дөнгөж есөн сая адуу байжээ. Нийт адууны дийлэнх нь уналганы гэхээсээ илүүтэй бага насны унага, даага байв.
Дайны нөхцөлд мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх нь авто машин үйлдвэрлэхээс ч хүнд. Цаг хугацаа, шаардлагатай. Түүнийг мөнгө хөрөнгө, технологиор нөхнө гэж үгүй билээ.
Фронтод зориулсан хагас сая морьд
Дэлхийн II дайны үеэр Монгол л ганцаараа Зөвлөлтийн армийн морины хангамжийн эх сурвалж нь болжээ. БНМАУ нь Японы Манж-Го улсын эсрэг зогсох Зөвлөлтийн том түшиц газар байсны зэрэгцээ өөрсдийнх нь хэлдгээр “Агуу эх орны дайн”-д шаардлагатай Улаан армийг мориор хангахад эргэлзэх зүйлгүй чухал нөлөөг үзүүлжээ.
Нүүдлийн Монгол оронд тал хээрээр бэлчих морьд хүн амтай нь харьцуулахад хавьгүй их байсан тооцоо бий . Монголоос Улаан армид морь нийлүүлэх ажиллагаа 1941 онд эхлэв. 1942 оны гуравдугаар сараас Зөвлөлтөд агт морь бэлтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан байна.
Монгол Улс дайны дөрвөн жилийн дотор Зөвлөлт Холбоот улсад 485 мянган агт морь нийлүүлжээ. Зарим эх сурвалжаар бол 500 мянга гаруй монгол морийг нийлүүлсэн гэдэг.
“Хооллох үеэр халбага үнэтэй” гэсэн орос зүйр үг байдаг. Зөвлөлт 1941-1945 онуудад хагас сая морьдыг ямар ч өндөр үнээр авъя гэсэн Монголоос өөр хаанаас ч эрээд олохгүй байв. Монголоос гадна тийм их тоо толгой агттай нутаг гэвэл Хойд ба Өмнөд Америк байлаа. Хагас сая тооны агтыг богино хугацаанд худалдан авах нь үнэ хөөрөгдөж, тэнгэрт хадаах байв. Бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэж болох ч далайг гатлан морь тээвэрлэнэ гэдэг ихээхэн асуудалтай байжээ…
Монголоос агт морьдыг төлөвлөгөөтэйгээр, болзолт үнээр нийлүүлж байлаа. Голчлон Монголын өрийг түүгээр тооцон, барагдуулж байжээ. Тийм маягаар большевикуудын Монголд оруулсан улс төр, эдийн засаг, цэргийн хөрөнгө оруулалт төлөгдсөн гэж болно. Монголчууд маш чухал шаардлагатай, альтернативгүй агт морьдын нийлүүлэлтийг Зөвлөлтөд хүртээн энэ цэргийн “техникийнх” нь цоорхойг нөхөж өгсөн юм.
Бэлчээрийн, арчилгаа ихээр шаардахгүй, тэсвэр сайтай монгол морьд Зүүн фронтын хүнд, ширүүн нөхцөлд Европын сонгомол үржлийн морьдоос ч илүү тохирсон байв.
Морьт-механикжсан нэгтгэлийг 1941-1945 онуудад командлан Смоленскаас Сталинградаад дамжин Будапешт, Манжуур хүртэлх дайны замыг туулсан генерал Исса Плиев, хожим дурсамжиндаа бичихдээ, “… арчилгаа малалгаа төдийлөн шаардахгүй монгол морьд Зөвлөлтийн танктай зэрэгцэн Берлин хүрсэн юм” гэсэн нь санамсаргүй үг биш юм.
Үүний хажуугаар, зургаан морин дивизийг хангах хэмжээний 32 мянган морьдыг Морголын ард түмнээс Улаан армид бэлэглэжээ. 1943-1945 онуудын фронтын таван морь тутмын нэг нь монгол адуу байжээ. Оросууд Америкийн тусламж ялалтад хэрхэн нөлөөлснийг ярьж цэгнэх дуртай. Харин Монголын морин тусламжийн талаар мэргэжилтнүүдээс бусад нь төдийлөн сайн мэдэхгүй нь харамсалтай…
Исса Плиев
Бэлтгэсэн: Ш.МЯГМАРСАМБУУ