“Файрберд сан” 10 айлд өргөө цагаан гэр бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2015.03.18-нд нийтлэгдсэн

“Файрберд сан” 10 айлд өргөө цагаан гэр бэлэглэв

-Монгол дахь гадаадын гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын нэг Файрберд сан Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн 10 айлд цоо шинэ өргөө цагаан гэр бэлэглэв

Өнгөрсөн долоо хоногт манай хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн том хөрөнгө оруулагч АНУ-ын Файрберд сан Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн нэн ядуу, хөгжлийн бэршээлтэй болон өрх  толгойлсон ганц бие эмэгтэйчүүдэд нийт 10 ширхэг өргөө цагаан гэр бэлэглэв. Энэхүү сайн үүлсийн үйл ажиллагаа нь анх Файрберд сангийн Монгол дахь ажилчид болон сангийн захирал Жэймс Пассин нарын санаачилгаар бий болсон байна.

Өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гаригт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны хүлээн авалтын танхимд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Файрберд сангийн төлөөллүүд болон бусад холбогдох хүмүүс сонгогдсон 10 айлдаа батламж бичиг гардуулж, өргөө гэрийг нь хүлээлгэн өгч, баяр хүргэлээ.

Энэ үеэр Засаг дарга Д.Пүрэвдаваа “Засаг даргын алба хашиж байхдаа ийм сайн санааны үйлтэй хоёр дахь удаагаа таарч байна. Хамгийн анхных нь Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган Засгийн газраас олгодог хамгийн анхныхаа урамшуулалыг төрөлх Баянзүрх дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгч байсан юм" хэмээн онцоллоо. Тэрбээр мөн олон олон байгууллага компаниудыг нийгмийн хариуцлагаа ухаарч нийтэд хэрэгтэй зүйлс ихийг хийгээсэй хэмээн уриалсан юм.

АНУ-ын Файрберд сан Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн арван айлд өргөө цагаан гэр бэлэглэв.

Файрберд сангийн захирал Жэймс Пассин хэлэхдээ “Манай компани Монголд 2006 оноос хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд өдгөө олон хандивын үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Манай компани хэдийгээр  цөөн ч гэсэн Монгол гэр бүлийг баярлуулж чадсанд би маш их бахархаж байна. Цаашдаа олон олон бизнес эрхлэгчид ард иргэдээ дэмжиж, хандивын ажил зохион байгуулаасай гэж хүсч байна. Би үүнийг зөв арга барил гэдэгт итгэдэг” хэмээжээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж