Мэнэнгийн талаар Монгол хүн явахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Мэнэнгийн талаар Монгол хүн явахыг хориглоно

Газар
хөдлөв үү гэмээр сүрэглэн давхилдах цагаан зээр, дөрөө шүргэм өвс
халиурсан зүүн өмнөд хязгаар нутаг минь хэний эзэмшил юм бэ. Өөрөөр
хэлбэл, дэлхийд онгон дагшнаараа алдартай Мэнэнгийн тал өдгөө харийнхны
эзэмшилд орчихлоо гэж хэлж болмоор нөхцөл байдал бүрдэж. Тухайлбал,
хятадын хөрөнгө оруулалттай газрын тосны “Дачин Тамсаг” компани 25
мянган га газар буюу Бельги улсын газар нутагтай тэнцэх хэмжээтэй газарт
“вант улс”-аа бий болгочихсон. Нөгөөтэйгүүр, саяхнаас Халх голын үржил
шим бүхий 30 мянган га газрыг 99 жилээр солонгосчуудад түрээсэлсэн,
худалдсан гэх мэтээр Мэнэнгийн тал нутагтаа бид чинь хөл тавих эрхгүй
болох нь. Ингээд л 54 мянган га газар нутгийг хамардаг Мэнэнгийн талыг
бүхлээр нь гадаад нэр хаягаар хашаалж, хамгаалсан талбай, бусдын
эзэмшлийн газрууд биднийг газар нутагтаа дураар явах эрхийг “туших” цаг
ойрхон байна.

Эзэмшил нутгаар монгол хүн явахыг хориглоно

Монгол
Улсын Засгийн газар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна
Дачин Тамсаг” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчээр далайлган
орон нутгийнхныг үл тооно. Өөрийн компанийн ажилчдаас өөр хэн ч энэ
эзэмшлийн талбайд нэвтрэх эрхгүй. Энэхүү нууц гэрээний хор уршгаар
Дорнодод бусдын түүхий эдийн бааз, газрын тосонд хордсон үхмэл газар
нутгаас өөр юу ч үлдээхгүй нь. Газрын тосны шингэн хаягдалд нэвчиж,
хордсон Дорнод монголын тал эхнээсээ хүн, мал нутаглах боломжгүй нефтийн
хог хаягдлаар намагжсан “хар тал” боллоо. Хайгуулын өрөм зоосноос үүдэн
гардаг газрын тосны шингэн хаягдлыг энд тэндгүй хаа тааралдсан газраа
50-60 метр орчим нүх ухаж булдаг. Үүнийгээ техникийн нөхөн сэргээлт
хийсэн, байгаль орчныг хэвийн байдалд оруулсан гэх мэтээр компанийнхан
тайлбарладаг гэнэ. “Плёнк” гэх гялгар уутаар ухсан нүхээ бүтээсэн болоод
түүн рүүгээ хаягдлаа хийж орхино. Уг гялгар уут нь зарим газраараа
урагдаж, цоорсноос нэлээд олон га газрын хөрсийг хордуулж орхижээ.
Өнгөрсөн онд энэ хог хаягдлын цүнхээлд нь нэг монгол залуу унаж нас
барсан тохиолдол гарч байсан удаатай. Үүнд орон нутгийн мэргэжлийн
байгууллагууд шалгалт хийж, байгаль орчинд маш их хэмжээний хохирол
учруулсан талаарх шаардлага хүргүүлсэн байна. Үүний хариуд тус компаниас
хятад хэлээр албан бичиг буцаагаад шидчихэж. Даажигнал, тохуурхал ч юм
шиг.

Хачирхалтай нь халуун цэгээр явбал Хятадын нутаг дэвсгэрт
яваа мэт сэтгэгдэл төрнө. Ухаад хаясан нүх, булсан шорооныхоо дэргэд
аюултай бүс болохыг анхааруулсан пайз тэмдэгийг хятад ханзаар бичсэн
харагддаг. Тиймээс хятад ханзаар бичсэн анхааруулгыг жирийн малчин
уншаад ойлгохгүй нь мэдээж тул ямар нэг муу юм болбол өөрсдийн хохь
гэхээс өөр яалтай ч билээ. Уг нь Монгол Улсын албан ёсны хэл нь Хятад
биш Монгол. Энд үйл ажиллагаа явуулж буй ямар ч улсын компани монгол
хэлээр албан бичиг баримтаа хөтлөх учиртай. Гэтэл “Петро Чайна Дачин
Тамсаг”-т энэ бүхэн хамаагүй тул дорнодчууд тэдэнтэй харилцахын тулд
хятад хэл сурах л дутаж буй бололтой.

Мэнэн, Тамсагийн сав
нутагт 2005 оноос хойш 119.2 сая тоннын нөөц бүхий газрын тос
илрүүлснээр нөөцөөрөө дэлхийн 97 орноос 39-д жагсдаг. Энэ их баялгийн
эзэд болох Матад сумынхан өнөөдөр тог цахилгаангүй л сууна. Мөн өдөрт
таван мянган баррель олборлож, 50 гаруй хүнд даацын автомашинаар өмнөд
хөрш рүү тээвэрлэсээр аалзны тор адил хэрсэн олон салаа замууд алсад
одно. Энэ олон салаа замаар өдөр, шөнөгүй давхилдах хүнд даацын
автомашинууд хөрсийг өмлөөд, цөмлөөд эргэн сэргэх чадваргүй болгочихлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олон улсын байгууллагаар
үнэлгээ хийлгэсэн тохиолдолд Зам тээвэр, барилга хот байгуулалтын
яамнаас зориулалт бүхий стандарт хангасан замыг нь тавиулж чадна гэж хэн
хэн рүүгээ чулуу шидэлцсээр байтал тал ч там болж дууслаа.

30 мянган га газар худалдсан уу, түрээсэлсэн үү…

Сүүлийн
үед Дорнод аймгийн Халх голын үржил шим бүхий 30 мянган га газрыг газар
тариалан эрхлэх зорилгоор Солонгосчууд худалдан авах гэж байгаа талаар
www.koreaittimes.com вэб сайтад нийтэлснийг олж уншлаа. Уг мэдээллийг
Дорнод аймгийн удирдлагууд эрс няцааж байна. Тэд газар нутаг түрээслэх,
худалдах асуудлын алин нь ч байсан тухайн сумын ард иргэд, удирдлага
анхан шатанд шийдвэр гаргахаас бус төр төлөөлсөн томоохон тушаалтнуудын
мэдэх асуудал биш хэмээн аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн
дарга н.Дашням гэгч нь “том” дуугарч сууна. Тэдэнд газар нутгаа хамгаалж
үлдэхээс илүүтэй чи биш, би мэднэ гэх эрх ашиг л илүү чухал гэсэн
“явуургүй сэтгэлгээ” үнэртэж байх шиг. Солонгос Монголын хөдөө аж ахуйн
хөгжлийн бэлтгэл санаачилга буюу КМАDI нь Монголоос худалдан авах 30
мянган га газрын асуудлыг хэлэлцэхээр саяхны нэг өдөр хуралджээ.
Төлөвлөлтийн хорооны дарга Ким Хак Су “Монгол оронд улаан буудай,
буурцаг, эрдэнэ шиш болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг
тариалснаар солонгос оронд үр тарианы хомсдол арилж, илүүдэл цагаан
будааг Умард Солонгос болон бусад орнуудад экспортлох сайхан боломж
нээгдэнэ. Хэтдээ  Монгол улсад хүнсний хангамжийн бааз байгуулах, 80 сая
иргэдийг хүнсээр хангах арга зам олоход бэлтгэх үүднээс энэ боломжийг
бид ашиглах ёстой” гэж уг хуралдааны үеэр онцолж буй нь асуудал ажил
хэргийн шатанд явж байгааг гэрчилнэ. Түрээслэсэн, худалдсан гэж биднийг
маргаж байх хугацаанд аль хэдийн солонгосчууд Халх, Мэнэнгийн талд эзэн
суухаар төрд шургалаад эхэлчихэж. Газар тариалан хөгжүүлэх, газрыг эдийн
засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх гээд сайн талтай ч
газар нутгаа худалдана гэдэг үнэхээр санаанд багтамгүй. Нэгэнт орчин
үеийн усалгаатай газар тариалан эрхлэх учир Буйр нуурыг тэд зүгээр
байлгана гэдэг юу л бол. Тэр их усыг ашиглаж л таараа. Нуурын байгаль
экологийн асуудал яах билээ. Нөгөө талаас эзэмшил газраас холгүй орших
дархан цаазат Халх, Нөмрөгийн сав газрын ан амьтан, ургамал ногоо,
байгалын тогтоц бүхий газрууд бум бужигнаж, түм түжигнэх их ажлын
давалгаанд өртөхгүй гэх баталгаа алга. Бидний багад Халх Нөмрөгийн сав
газрын Соёлз уулын орой хэсэгт гарахад манантай, бас далайн чийгний үнэр
ханхийх шиг болдогсон. Түүнээс гадна манай оронд ургадаг бүхий л эмийн
ургамал, ховордсон ан амьтнаар баялаг энэ дархан цаазат газар нутаг
маань хүний хөлөөс зайдуу хил хязгаар нутаг тулдаа л онгон дагшнаараа
байсансан. Өдгөө гадныхны нүдний хор орж, шуналын аазгайг хөдөлгөчихөж.

Дорнодод тариалсан хүнсний ногоог монголчуудад зарахгүй

Хамгийн
сонирхолтой нь манай улсын хөрсөнд тариалсан эрүүл хүнсний ногоог
бидний хүнсний хэрэгцээнд бус Зүүн өмнөд Азийнхны хэрэгцээнд нийлүүлэх
талаар ч сэм шивнээ яригдаж байна. Энэ яриа ч үнэний ортойдог. Энэ цаг
үед Зүүн өмнөд Азийн орнуудын хувьд ирэх арван жилд уур амьсгалын
өөрчлөлтөөс болж хүнсний хомсдол нүүрлэнэ гэдгийг судлаачид дуу нэгтэй
нотолж буй. Өнөөдөр л эзний ёсоор хандахгүй бол эргээд Солонгосчууд
Мэнэнгийн талын тэн хагаст эзэн суусан “Дачин Тамсаг”-ынхантай адил
танхай аашлахгүй гэх баталгаа хаана байгаа билээ. Одоо л бидэнд газар
нутгаа хамгаалж, хадгалж үлдэхэд дуу хоолойгоо нэгтгэхгүй аваас цаашид
боломж хомс болно гэдгийг хэн бүхэн ухаараасай…

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж